Байгаль орчны яамны мэргэжилтнээс Хууль зүйн бодлогын газрын дарга, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч, өдгөө УИХ-ын гишүүн хүртэл дэвшин ажиллаж байгаа хүн бол төрийн мэргэшсэн албан хаагч, хуульч Пүрэвжавын Сайнзориг.
Хуульчийн мэргэжил шударга, тодорхой байхыг шаарддаг…
П.Сайнзориг 2005 онд Отгонтэнгэр Их сургуульд хуульч мэргэжил эзэмшээд, 2006 оны 1 дүгээр сараас БОАЖЯ-нд Төрийн захиргааны удирдлагын газарт гурав орчим жил ажиллаад, 2008 онд мэргэжил дээшлүүлэхээр Австрали улсыг зорьсон. Дөрвөн жилийн дараа эргэж ирээд мөн яамандаа ажилласан юм. Үүний дараа ХЗДХЯ-нд шалгалт өгч, сонгон шалгаруулалтад нэгээр тэнцэж орсноор хуулийн төсөл боловсруулах нарийн чимхлүүр ажилтай зууралдаж, хуульчийн хувьд “элдүүр ханах” ын эхлэл болсон аж. Чухам тэр цагаас эрх зүйн шинэтгэлийн ажилд манлайлан оролцож, нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл чилээн, бодлоо уралдуулж эхэлжээ.
Бүр тодруулбал, 2015 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны зөвлөхийн албан тушаалд томилогдон эрүүгийн эрх зүйн реформууд, эндээсээ үргэлжлүүлэн ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрыг 10-аад жил ахалсан хугацаандаа Нийтийн эрх зүйн болон Захиргааны эрх зүйн хуулиуд дээр ажиллав. Ингэхдээ тус хуулиудыг хүний эрхийн мэдрэмжтэй, бизнесийг дэмжих, хаалттай зүйлсийг нээлттэй болгох талаас нь илүү их бодож, анхаарч боловсруулсан юм. Нэг үгээр хэлбэл, эрх мэдлийн гэдэг юм уу жендерийн эрх тэгш байдлыг хангах талд нь илүү олон зохицуулалт оруулахыг хичээсэн гэсэн үг. Үүний дараагаар Үндсэн хуулийн хоёр удаагийн өөрчлөлт буюу өнөөдрийн улс төрийн сонгуулийн тогтолцоотой холбоотой хэсгүүдийг гардан боловсруулжээ.
2022 онд системийн авлигатай тэмцэх тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны алхам нь нүүрсний экспортыг ил тод, нээлтэй болгох, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, энэ хүрээнд ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг авчрах байсан. Нэг ёсондоо, нүүрсний хулгай луйврууд дэлгэгдэж, тэр хэрээр эдийн засгийн томоохон бүлэглэлүүдтэй нүүр тулсан үе. Чухам тэр үед П.Сайнзоригт итгэл хүлээлгэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь санамсаргүй томилгоо яав ч биш! Түүнчлэн тэрбээр орон нутгийн “Тавантолгой” ХК-д БЭТ-ээр зургаан сарын хугацаанд ажиллахдаа Засгийн газрын нүүрсийг биржээр арилжаалах, тээвэрлэлтийг тендерээр явуулах зэрэг бэлтгэл ажлуудыг хийж, жижиг Тавантолгой, ЭТТ компанийн хооронд үүсэн өр авлагыг шийдсэн юм.
Хүнд зориулсан хотыг бий болгохын төлөө ажиллав…
Манай хот хэзээ хамгийн сүүлд ийм эрчтэй, эзэнтэй юм шиг байлаа даа бодтол ажилласан улсууд бол Х.Нямбаатар болон түүний бүрдүүлсэн хамт олон. Дур дураараа барьсан гараашнаас авхуулаад байшин сав байсан ч хүний төлөө биш л бол буулгаж буй. Хэчнээн өндөр байшин, барилга ч гэлээ хүний, олонхын эрх ашигт харшлахаар л бол төрийн төмөр нүүр харуулан нурааж л байна. Цаашилбал, нийслэл орон нутгийн өмчийг арга залиар авчихсан, түүндээ хувийн өмч мэт авирлаж суудаг дарга, эрх мэдэлд ойр, бизнесмен нэртэй этгээдүүдтэй хуулийн хүрээнд тэмцэж, гол нь хүнд зориулсан хотыг бий болгохын төлөө ажилласан юм.
Нэхэн сануулбал, хот хэмээх их айлын гал тогоонд ажиллаж буй хуульчийнхаа хувьд эрх зүйн орчныг сайжруулахад бүрэн фокусласан гэж болно. Тухайлбал, 2023 онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг баталж, 30 гаруй хуулиудыг дагаж боловсруулсан. Мөн хотын эдийн засаг, бие даан хөгжих бололцоог бүрдүүлж гадаад, дотоод үнэт цаас гаргах хуулийн орчныг бүрдүүлэхийн сацуу Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлын тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуулиудын ажлын хэсэгт орж, заримыг нь ахалж ажиллалаа. Эдгээр нь хотын эмхэрч, цэгцрэх эхлэл байсан ч байж болох юм. Учир нь эзний сэтгэлээр хандсан бүхэн хөгжиж дэвждэг зүй тогтолтой билээ.
Ийн 2006 оноос хойш түүний баг хамт олонтойгоо боловсруулсан “усгүй болтол нь шахсан” 100 гаруй бие даасан үзэл баримтлалтай хуулийн төслүүд нь өнөөдрийн хууль зүйн салбарын шинэчлэгчдийн нэгэн болгон төлөвшүүлсэн гэхэд хол зөрөхгүй болов уу…
Төрийг цомхон, илүү бүтээмжтэй байх чиглэлд анхаарч ажиллана…
Хууль гэдэг өөрөө логикийн шинжлэх ухаан. Энгийнээр хэлбэл хүн судлал. Хүнээ судалж байж нийгмийн харилцаа, хүний зан үйлийг зөвөөр зохицуулж, олон эрх ашгийг тэнцвэржүүлж, муу зан үйлийг хязгаарлаж, сайныг хамгаалах эрх зүйт орчныг бүрдүүлж, хэрэгжүүлж чадна гэсэн үг. П.Сайнзориг энэ зарчмаар асуудалд ханддаг нь заримдаа “хэнхэг” эсхүл “хэрүүлч” ч юм шиг харагддаг талтай. Үнэндээ л үсчин харайж, албан тушаалын лифтэнд сууж бус төрийн албанд мерит зарчмаар ажиллаж, өнөөдрийн парламентад Сонгинохайрханчуудын итгэлийг хүлээн орж ирснийг нь дээр дурдсан ажлууд бэлхнээ нотолж байна.
Монгол Улсын түүхэнд анх удаа мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий шинэ парламент бүрдсэнээр төлөөллийн зарчим илүү батажсан гэж болно. Тэдэнд УИХ-ын үйл ажиллагааг мэдрэхээс аваад нийгмийн шударга ёсны хүсэмжлэл дээд цэгтээ хүрсэн эгзэгтэй цаг үед хүний эрх, хуульт ёс, шударга байдлын зарчмыг хангасан хууль тогтоомжийг батлан гаргах хариуцлагатай үүрэг бий!
Энэ хүрээндээ ч П.Сайнзориг гишүүн чуулганы танхимд шалдар, булдар, хаа хамаагүй зүйл ярихгүй, шаг хийсэн асуулт асууж, тодорхой саналаа хэлчихдэг нь түүнийг хоосон цэцэрхэх бус бодитой ажиллахыг эрмэлздэгийг харуулдаг. Тоймловол, УИХ-ын гишүүн П.Сайнзориг бүрэн эрхийн эхний нэг жилийн хугацаанд ажлын хэсгийг ахалж батлуулсан 3, бизнесийн хөгжлийг дэмжих чиглэлд арилжааны болон төлбөрийн чадваргүйтлийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусгаад ХЗДХЯ-нд хүлээлгэж өгөөд байна. Мөн спортыг дэмжих чиглэл Харьяатын тухай, …. Одоогоор өөрийн нэр дэр өргөн барихаар хоёр хуулийн төслийг боловсруулж байна. Түүнчлэн 20 гаран хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллаж, энэ парламентын хугацаанд хамгийн олон хууль санаачилсан гишүүдийн тоонд ч ороод явж байгаа.