

Өнөөдрийн улстөрийн нөхцөл байдал хямралтай байна. Үндсэн хуулийн зөрчилтэй гэсэн дүгнэлт гарсан. Энэ нөхцөл байдлыг юунаас эхтэй гэж харж байна Магадгүй үүний цаана том эрх ашиг байж болзошгүй юм?
Монголын улстөр хямарч, их сонин нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Намын дотоод эрх ашгийн төлөөх тэмцэл явсаар парламент руу орж ирж, үндсэн хуулийн зөрчилтэй байж болзошгүй шийдвэрүүд гараад явж байгаа. Намаас эхэлсэн асуудал нам дээрээ л очиж дуусна. Нэг ёсондоо, нам эрх ашгийн бүлэглэлийн хэлбэрт орчихсон. Тэрхүү эрх ашгийн бүлэглэлд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл нь орлого. Орлого хаанаас орж байна гэвэл мэдээж нүүрснээс. Нүүрс болоод улс төрийн нам хоорондын мөнгөний оролцоог холдуулж гэмээ нь намууд цэвэршиж, парламент тогтвортой болно.
Нүүрсний хулгай гэх ойлголт нь төрийн өмчит компанийн нууц гэрээ, намын томилгоо, улс төрийн оролцоотой шууд холбоотой. Тэнд гэрээг нууцаар байгуулж, нүүрсийг хямд үнээр зарж, ашиг хуваадаг тогтолцоо үүссэн. Тэгэхээр нам төлөвшиж гэмээ нь парламент тогтвортой болно. Эс бөгөөс өнөөдрийн улстөрд үүсээд буй хямрал цаашид давтагдахыг үгүйсгэхгүй. Нэг үгээр хэлбэл, төрийн өмчийн компанийг намаас холдуулж засаглалыг өөрчлөхгүй бол зовлонгоос ангижрахгүй!
Монгол Улсын хамгийн том орлого нь нүүрс. Нүүрсний худалдааг ил тод, өрсөлдөөнтэй болгохын тулд биржийн аргыг түлхүү ашиглах ёстой. Энэ ажил ямар түвшинд хэрэгжиж байна?
Коксждог нүүрс гэж чухамдаа юу вэ гэдгээс хариулах нь зөв байх. Нүүрс янз бүр. Хөөдөг нүүрсийг коксжих нүүрс гэнэ. Энэ хөөдөг нүүрс нь тун ховор. Тавантолгой дээр гурван төрлийн нүүрс бий. Үүнд, коксждог, коксждоггүй, сул коксждог гэх мэт. Энэ төрлийн нүүрс нь шороо болохгүй. Учир нь гангийн үйлдвэр, барилга машины үйлдвэр, металл хийц, химийн үйлдвэр, эрчим хүч гэх мэт нь бүгд нүүрс дээр тулгуурладаг. Ялангуяа коксждог нүүрс буюу хөөдөг нүүрс ховор учраас “үнс болохгүй” гэж онцлоод байгаа юм.
Ковидын үе буюу 2020-2025 он хүртэлх 5 жилийн хугацаанд дэлхийн нүүрсний хэрэглээ, үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Өнгөрсөн жилд л гэхэд дэлхийн хэмжээнд нүүрсний хэрэглээ 8,8 тэрбум тонн байх жишээний. Нүүрсний хэрэглээ нэмэгдээд л явна. Алга болох боломжгүй. Учир нь энэ том аж үйлдвэр нэг өдрийн дотор солигдчихгүй шүү дээ. Харин үүнээс бид бүхний авах мессеж бол манай нүүрс “шороо болохгүй” гэдгийг сайтар ойлгочихмоор байна. Дэлхийн хэрэглээ болох 8,8 тэрбум тонн нүүрсний талаас арай илүү нь Монголын хилийн урд байгаа. Энэ бол хамгийн том хэрэглээ. Тухайлбал, дэлхийн хэрэгцээний тал болох 4,5 тэрбум тонн нүүрсний ганц хувийн хэлбэлзэл дээр бид маш том тоглолт хийж болно. 1-5 хувийн хэлбэлзэл, үргэлж байдаг. Энэ нь үргэлж зах зээл байгааг илтгэх бөгөөд Монгол Улс хэрхэн ухаалаг довтлох вэ гэдэг л чухал.

Гэтэл “нүүрс удахгүй хэрэггүй болох гээд байна, үнэ хамаагүй хямд боловч ихээр заръя. Нүүрсийг биржээр зардаггүй юм" гэх зүйлсийг 2024 оны намар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон чуулганы танхимд ихээр ярьсан. Миний хувьд үүнийг том гэрээ байгуулахын өмнө урьтал болгож, пи-арын дэвсгэр болгосон гэж хардаг.
Хямдруулсан үнэтэй том нүүрсний гэрээг хязгаарлах хэрэгтэй. Монголын нутаг дээрх тээврийг Монголчууд хийх ёстой!
Засгийн газар шинээр байгуулагдах болгонд том дүнтэй иж бүрэн, урт хугацааны гэрээ хийгээд байвал нүүрсний салбар сөхөрч, худалдаа бүрэн зогсоно. Учир нь хил холболт, тээвэр, нүүрсний худалдааг цогцоор нь багтаасан энэ том гэрээнүүд нь нүүрсний үнийг унагаах эрсдэлтэй бөгөөд монгол тээвэрчдийн нөхцөлийг улам дордуулна. Нүүрсний худалдаа тусдаа яригдах ёстой. Хэрэв Монголд ашигтай биш л бол хил холболтыг хийхгүй байсан ч болно.
Нүүрсний худалдааг ил тод, өрсөлдөөнтэй болгохын тулд биржийн аргыг түлхүү ашиглах ёстой. 2025 оны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн экспортын 79 хувь нь урт хугацааны “том гэрээ”-гээр, 21 хувь нь биржээр хийгдэж байгаа нь ашиг, үр өгөөжийн тэнцвэргүй байдлыг харуулж байна.
“Норинко”, “Чайна Энержи”, “Чалко” зэрэг Хятадын компаниудтай байгуулсан гэрээнүүдийн үнэ, нөхцөл нууц хэвээр байгаа. Харин “Чайна Энержи”-гийн гэрээ 2030 он хүртэл жилд 5 сая тонн, түүнээс хойш 20 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохирсон, нийтдээ 250 сая тонны хэмжээтэй томоохон хэлэлцээр юм. Сошиал дээр хил нөхцөлөөр биржийн үнэ ба Чайна энержийн уурхайн ам дээрх үнийн зөрөө 40 ам.доллар гэсэн яриа явсан. Үүнээс тээврийн зардлыг хасвал зөрөө ойролцоогоор 20 ам.доллар болох нь. 40 биш 20 гэх нь хоёр дахин бага мэт боловч үнэмлэхүй утгаараа бас л том зөрөө юм. Тодруулбал, 1 сая тоннд 20 сая, 10 сая тоннд 200 сая, 20 сая тоннд 400 сая ам.доллар гэсэн үг. Гэхдээ энэ ялгаа тогтмол бус, үнэ ба нүүрсний ангиллаас хамаарч байнга өсөж буурахыг санах хэрэгтэй. Надад тоо нь хаалттай байсан учраас 2024.12.27-ны чуулган дээр “үнийн томьёог анхаар, зөрөө нь их наядаар тоологдоно шүү” гэж хэлж байсан нь багцаатай л байж.
Нэмж хэлэхэд, бирж, урт хугацааны гэрээ аль аль нь байх ёстой. Нэг нь үнэлгээ сайтай ч хэлбэлзэлтэй, нөгөө нь үнэлгээ бага ч тогтвортой. Хэцүү үед хэрэг болно. Хамгийн гол нь энэ хоёрын зохист харьцаа буюу 50:50% байх нь чухал. Гэвч өнөөдөр нөхцөл байдал 80:20% байна. Бас бирж дээр Коксжих нүүрс бараг байхгүй. Гэтэл борлуулж байгаа нүүрсний 70-80% нь коксжих нүүрс. Том гэрээнүүд “сорчлоод”, бирж дээр муу нүүрс л үлдэж байна. Үүнээс болж бирж руу орох арилжаа багасаж, үнэ буурна.
Монголын эрх ашгийг хамгаалахын тулд ямар алхам хийх ёстой гэж харж байна?
Нэгт, нүүрсээ илүү их хэмжээгээр биржээр зарах (бирж:том гэрээ = 50:50, Хоёрт, хил хүртэл тээврийг монголчууд өөрсдөө хийх. Гуравт, нүүрсийг чанараар нь сорчлохгүй борлуулах. Дөрөвт, үндэсний үнийн индекс бий болгож ашиглах. Тавт, бүх гэрээг нууцаас гаргах.
Улстөрчдийг нүүрснээс холдуулах эрх зүйн шинэчлэлийг хийхгүй бол хулгай тасрахгүй нөхцөл байдалтай байгаа нь нууц биш байна. Төрийн өмчийн компанийг улс төрийн намаас холдуулах шаардлага байгаа юм шиг харагдаж байна?
Монголын эдийн засаг бол төрийн зохицуулалттай эдийн засаг. Монголын улс төрийн намууд нь үзэл баримтлалд бус эдийн засгийн харилцаанд суурилсан мафи болж хувирсан. Төрийн өмчийг ашиглаж эрх мэдэлд хүрэх ашиг сонирхлоор нэгдсэн бүлэг Монголын эдийн засгийн шимэгч, хорт хавдар болоод байна. Мөнгөтэй больё, бизнес хийе гэвэл төрд, намд ойртох ёстой нь нууц биш болсон. Гэтэл бид чөлөөт зах зээлтэй ардчилсан улс гэж тунхагласан мөртөө эдийн засаг нь одоогийнх шиг төрд төвлөрсөн байх нь зөв үү. Энэ ямар улс төрийн эдийн засгийн тогтолцоо юм бэ. Монгол Улс 33 их наяд төгрөгийн төсөвтэй. Гэтэл үүнээс гадна нийслэл, орон нутаг, төрийн өмчид компаниудын 33 их наяд төгрөг улсын төсвөөс гадна хяналтгүй явж байна. Өөрөөр хэлбэл улсын төсөвтэй тэнцүү хэмжээний мөнгө улс төрийн намаас томилогдсон дарга нарын гарын үсгээр зарцуулагдаж байгаа нь энэ нам, улс төр, эдийн засгийн хямралын гол суурь хүчин зүйл болоод байна. Дахин хэлэхэд намын буруу тогтолцоог нураах гол арга зам бол төрийн өмчийг улс төрийн намуудаас салгах явдал.

сэтгүүлч
