
-Сүүлийн хоёр сар гаруй хугацаанд нэг намын асуудал төрийн институцүүдийн асуудал болж хувирсан. Сүүлдээ Үндсэн хуулийн асуудлууд болж өрнөлөө. Цаашдаа асуудал хэрхэн өрнөхийг таашгүй ийм байдалтай байна?
Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг хамгийн сайн мэддэг хүн гэдэг талаасаа биш, энгийн хүн ердийнхөө ухамсрын түвшинд арай хэрсүү асуулт асуухаар, тэр асуултын хариуд босож ирж буй факт баримт, хууль зүйн үндэслэл, хуулийн хэм хэмжээг хуваалцахыг зорьж байгаа юм. Олон улсад тогтсон улс төрийн соёл манай улсад өрнөж буй үйл явц хоёр тэнгэр, газар шиг ялгаатай юм байна.
-Таны хувьд улс төрд өрнөж буй энэ нөхцөл байдалд ямар байр сууринаас хандаж байна?
Миний хувьд МАН-ын хүн биш. Би парламентад байгаа цөөнхийн сөрөг хүчний намын бүлгийн УИХ-ын гишүүн. Асуудал, үйл явцыг улс төрч, судлаач, хуульчийн нүдээр харж байна. Нэг, би сөрөг хүчний улс төрийн лидер учраас эрх баригчийн хэрүүл талцлыг сөрөг хүчиндээ, цөөнхдөө ашигтай байдлаар харах гэж оролдоно. Энэ бол миний улс төрийн инстикц. Хоёр, би судлаач, Үндсэн хуулийн мэргэжилтэн учраас болж буй үйл явц Монгол Улсад ямар шарх сорви үлдээх вэ, манай улсыг урагшаа алхахад ямар зөв шийдлүүдэд түлхэц өгөх вэ. Эндээс сургамж авахгүй бол улс орныг хэрхэн буруу замд залах вэ...гэх мэтчилэн энгийн асуултуудад хариу олох гэж хичээнэ. Гурав, би судлаачаас гадна хуульч хүн. Тиймээс болж байгаа үйл явц дотор яагаад хууль үнэ цэнгүй болж, хуульд итгэх итгэл алга болж байгааг. Хуулийн цагаан дээр хараар бичсэн текстүүдийг улс төрчид зүгээр л дээгүүр нь гишгэлж, хөлсөө арчаад хэрүүлийн шүлстэйгээ базаж шидээд байна вэ гэдгийг цочирдож харж байгаа юм.
Одоо өрнөж буй улс төрийн хэрүүлд хуульч, судлаач, улс төрч хүний хувиар хандлаа. Хуулийн алдаа эндэл хаана байгааг нэг бүрчлэн ажиглалаа. Асуудал байгаа бол уншиж судлан, хэрсүү хандах нь зүйтэй. Хуулийг сэтгэл хөдлөлтэй, уран зохиол унших байдлаар бус тогтсон техникээр нь унших зөв байдаг. Цаг үеийн асуудалд критикал асуулт асууж, бодитой бүтээлч хариулт эрэлхийлж байх нь зүйтэй.

-Нэг намын дотоод асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан руу ороод явж байна. Ард түмэн нарийн учгийг мэдэхгүй хоёр талын хэрүүлээр асуудалд хандаж, хуйларч байгаа нь нууц биш. Үүнийг учир шалтгааныг хэн ч нухацтай тайлбарлахгүй байна? Яагаад…
Сүүлдээ Үндсэн хууль гэж юу вэ? Үндсэн хууль дээр байгаа текстүүд байгаа юм уу, үгүй юм уу гэдэгт хүрэх хэмжээний асуудал өрнөсөөр. Асуудал үргэлжилж, асуулт дуусаагүй хөвөрсөөр. Нэг намын асуудал төрийн институцүүдийн асуудал болж хувирч, цаашлаад Үндсэн хуулийн асуудлууд болж өрнөсөн . Сүүлдээ АН-аас алин дээр нь дэмжлэг авах вэ гээд өрсөлдөөний зодоон руу орсон. Түүнчлэн Үндсэн хууль, эрх мэдэл, хуваарилалтын маргаан болж ГУРВАН түвшний асуудал хөндөгдөж эхэлсэн. Одоо нэг, нэгнээ яг хар шуурга шиг хамж явсаар байна. Үүнийг хөндлөнгөөс харж дүн шинжилгээ өгч буй судлаач бараг алга. Харин маргааны дотор энэ намын гишүүд шиг хэрэлдэж байна. Үндсэн хуулийн чиглэлээр өөрсдийгөө "сайн" гэж боддог тэр эрдэмтэн, хуульчид ярих нүдээ хаалгачихсан нь харамсалтай.
Жишээлбэл,Засгийн газрыг огцруулах үндэслэл нь юу юм бэ, тодорхойгүй байна гэж маргалаа. Гэтэл УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах САНАЛЫГ албан ёсоор тавибал…. УИХ хүлээж аваад энэ асуудлыг хэлэлцээд явах хуультай. Засгийн газрыг үндэслэлтэй огцруулдаг юм уу, Үндсэн хууль болон бусад хууль дээр юу гэж байна гээд бүтээлчээр уншаад, судлаад үзэх хэрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хууль: Дөчин гуравдугаар зүйл.
/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/
1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн АРАВ ХОНОГИЙН ДОТОР шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор ТОМИЛНО.
-УИХ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 10 өдрийн дотор шийдэх ёстой. Гэтэл энэ шийдвэрээ гаргаж чадахгүй бол яах байсан бэ? Өнөөдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа төрийн эрх барих дээд байгууллагыг хүчээр авах үйлдэл хийсэн мэт мэдээлж байна. Ийм үндэслэл байгаа юу?
Үндсэн хууль дээр байгаа 10 өдөр гэдэг энэ хугацааг ашиглаж Засгийн газрын гишүүд УИХ-ыг хуралдуулахгүй, ирцдээ орохгүйгээр 2025.10.17-ны 13 цагийг давчихъя гэж санаархсан. УИХ-ын ирц нь бүрддэггүй, хурлаа хийж чаддаггүй 2025.10.16-ны өдөр дууссан. Нэг шөнөжингөө УИХ-ын Дэд дарга нь индэр дээр гишүүдийг цоллож, дуудаад өглөө болгосон. Маргааш өглөө нь буюу 2025.10.17-ны өдрийн 10 цагт гишүүдийн ирц 64 болсон. Үүнээс хойш 1 минут хүрэхгүй хугацааны дотор нөгөө Засгийн газрын гишүүд бүхий 40 хүн ороод ирсэн. Энэ бол зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдэг нь харагдаж байгаа юм.
Харин нөгөө талынх нь нөхдүүд, Засгийн газрыг унагаах кнопыг олон болгох зорилгоор УИХ-ын Дэгийн тухай хууль дээр байгаа ирцдээ орсон гишүүд байгаа, байхгүйгээс үл шалтгаалаад дэмжээгүй саналаар тооцогдоно гэдэг нөхцөлийг харж, санал хураах томьёоллыг Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг хувилбараар оруулж ирсэн. Энэ хувилбараар явбал Үндсэн хуулийг зөрчинө гэж өмнө нь сануулж байсан.
Ийнхүү маргаж байгаа хоёр тал хоёулаа УИХ-ыг Үндсэн хууль зөрчих булан руу шахсан. Ардчилсан намд энэ хоёр муу хувилбарын аль нэгийг сонгох шаардлага тулгарсан! Тийм учраас ирцээ бүрдүүлээд чуулгандаа орсон юм.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
19.2 дугаар зүйл. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах
1. Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хуульд цагаан дээр хараар маш тодорхой заасан. Төрийн эрх барих дээд байгууллага гэж хэн юм бэ, УИХ буюу парламент. Гэтэл Засгийн газрын зүгээс чуулганы ирцийг бүрдүүлэхгүй байх алхам хийсэн. Бараг 40-өөд гишүүнийг УИХ-ын чуулганд оролцуулахгүй барьж байсан. Энэ нь өөрөө жинхэнээсээ төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг үйлдэл…
-Парламентын засаглалтай бусад улс оронд манайд үүсээд буй ийм нөхцөлд хэрхэн хандаж, шийдвэр гаргадаг бол…?
Жишээ нь Солонгосын парламент шөнө орой ч гэсэн гишүүд нь гүйж ирээд хуралдаж чадаж байхад, манайхан өдрийн цагаар хурлаа хийж чадахгүй, гишүүд нь ээлжлээд ордон дотроо хэвлэлээр яриад “элгийн” авсан. Уг нь парламент бол чуулганыхаа танхим дотор хэвлэлийн хурлаар ярьж буй үндэслэлүүдээ яриад, маргалдаж мэтгэлцээд, олонхоор асуудлаа шийддэг байгууллага. Хэрвээ Герман улсад манай парламентад тулгарч буй энэ асуудал үүсвэл, Үндсэн хуульд заналхийлж байна гэж үзнэ.
Гэтэл манай Засгийн газар парламентыг хуралдуулахгүй гэвэл бүтэн 24 цаг хуралдахгүй болгож чаддагийг та бид харсан. Энэ бол түүхэнд “муугаар” бичигдэх кэйс. Бид парламентын дархлаагаа хамгаалж, сайжруулах ёстой.

Үүсээд буй нөхцөл байдалд Үндсэн хуулийн цэц асуудлыг том зургаар авч хэлэлцэж чадаагүй.
сэтгүүлч
