
Монгол Улсын хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг гамшгаас хамгаалах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах замаар үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйлсэд хөдөлмөр, зүтгэлээ зориулан зүтгэж яваа хүмүүс бол Онцгой байдлын албаныхан.
Үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт өргөжин тэлж, үүрэг хариуцлага нь нэмэгдэж газрын гүнд, гадарга дээр, ууланд, агаарт, усны мандалд, усны гүнд ажиллаж аврагч, гал сөнөөгчдийн хүрч очиж үүрэг гүйцэтгэдэггүй орон зай, газар гэж үгүй болсон гэхэд буруудахгүй болов уу…
Тэгвэл энэхүү том айлын нэгээхэн хэсэг, үүрэг, хариуцлагад нь ихээхэн жин дарах Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Мөнхбаттай ярилцлаа.
Тэрбээр тус хэлтэст 2008 оноос хойш тасралтгүй 24 жил ажиллахдаа төрийн албанд меррит зарчмын дагуу шат шатны ажил, албан тушаалыг хашиж явсаар өнөөдөр хэлтсийн даргын албан тушаалыг эрхэлж буй.
Ард иргэдээ болзошгүй аюул, ослоос авран хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэс 2025 онд хэрхэн ажиллав, хийж гүйцэтгэсэн ажлуудын биелэлт хэдэн хувьтай байна гэдгээс яриагаа эхлүүлье?
2025 онд Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэс нь Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг даалгавар, мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын чиглэл мөн дээрээс нь ОБЕГ, удирдах бүрэлдэхүүний цугларалтаас өгсөн үүрэг, хөтөлбөр төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн НОБГ-ын дарга, Налайх дүүргийн засаг даргатай хариуцлагын гэрээ байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлан ажилладаг. Ингэхдээ онцгой байдлын чиг шугамынхаа хүрээнд төлөвлөгөө гарган батлуулж улмаар түүнийхээ хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ жилийн тухайд дээр дурдсанчлан үүрэг даалгавраа авч, төлөвлөгөөндөө тусган, зорилтоо дэвшүүлж ажилласан. ОБЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025 оны ажил шалгах ажлын хэсэг энэ сарын 10-ний өдөр манай хэлтэс дээр ирж ажилласан бөгөөд гүйцэтгэлийн төлөвлөгөө 98%, зорилтын төлөвлөгөө 96%-ийн биелэлттэй гарсан болно. Мөн ОБЕГ-ын дарга болон Шадар сайдаас өгсөн цугларалтаас болон тусгайлан өгсөн үүргүүдийн биелэлт гэж гардаг. Эдгээр үүргүүдийн биелэлт мөн 90 гаруй хувьтай байгааг хэлэх нь зүйтэй.
Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэс онцлогтой. Учир нь нийслэл хотоос зайтай буюу та бүхний хүрч үйлчилдэг цар, хүрээ нэлээд өргөн байх болов уу?
Тэгэлгүй яахав. Манай Налайх дүүрэг нийтдээ 68700 га нутаг дэвсгэртэй. Үүнээс хот суурин газрын эзлэх талбай 45.4 га, ойн фонд 11100 га, гол мөрний сав газар 9800 га, бэлчээрийн талбай 44554.6 га, тариалангийн талбай 2500 га талбайг эзэлдэг. Хүн амын хувьд 2024 оны байдлаар 10991 өрхийн 40674 суурин хүн ам бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 436 буюу 1.1% өссөн үзүүлэлттэй байна. Энэ хүрээндээ Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэс /НДОБХ/ нийтдээ 68 мянга гаруй га талбай бүхий нутаг дэвсгэрт хүрч, үйлчилж ажилладаг гэсэн үг.

Гал түймэр, гамшиг ослын чиглэлд бусад дүүргүүдтэй харьцуулбал ихээхэн онцлогтой гэж хэлж болно. Учир нь төвийн дүүргүүд харьцангуй нэг дор төвлөрсөн байх жишээний. Харин манай дүүргийн хувьд Улаанбаатар хотын төвөөс 25-30 км зайд байршдаг бөгөөд аливаа гал түймэр, гамшиг ослын дуудлагад өөрсдөдөө байгаа хүн хүч, техник хэрэгслийнхээ норм стандартын хүрээнд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Түүнчлэн Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэс нь Туул, Тэрэлж гол дагуу буюу “аялал жуулчлалын бүс нутаг”-т үүрэг гүйцэтгэдэг. Мөн зүүн аймаг руу чиглэсэн хоёр босоо тэнхлэгийн зам дагуу байрлалтайн дээр малчин айл өрхүүд хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг. Бүр тодруулбал Налайх дүүрэг нь 1500 орчим аж ахуйн нэгж байгууллага, 40 гаруй мянган хүн ам, 18 мянга орчим өрхтэй буюу гэр хороолол давамгайлсан бүс нутаг. Мөн дээрээс нь Төв аймгийн Эрдэнэ сум, Сэргэлэн сумын Холтын даваа, БЗД-ийн 11 дүгээр хороо буюу Хонхор орчимд гал түймрийн дуудлага хүлээн авч ажиллаж байна. Нэг ёсондоо зөвхөн дээр дурдсан 68 мянган га талбайд баригдахгүйгээр “тэлж” ажилладаг.

Налайх дүүрэг “аялал жуулчлалын бүс нутаг” гэж та онцоллоо. Хүн амын суурьшил өсөн нэмэгдэхийн хэрээр гамшиг ослын тохиолдол өсөж, өндөр барилга, байгууламжууд сүндэрлэхийн хэрээр гал түймрийн тохиолдол ч нэмэгдэх хандлагатай байдаг. Та бүхэн үүнтэй хэрхэн уялдаж ажиллаж байна?
Таны асуултад жишээ татан хариулъя. Тухайлбал Тэрэлжийн 6 дугаар хороо манай хэлтсээс 42 км зайтай. Түүнээс цааш Тэрэлжийн гол гараад малчин айлуудад ч бид хүрч ажилладаг. Мөн Эрдэнэ сумын Шохой цагаан булаг, Босгын гүүр, урагш Өвөржанчивлан, Аржанчивлан зэрэг газруудад гамшиг осол, гал түймрийн дуудлагаар ажилладаг. Үүнээс харахад манай байгууллагын үйлчлэх цар хүрээ яахын аргагүй маш өргөн. Бид гал унтраах болон аврах ажиллагаанд нийтдээ 18-19 техник хэрэгсэлтэйгээр буюу хоёрдугаар зэрэглэлийн гал унтраах ангийн хүн хүч, нөөц бололцоо ямар байдаг тэр хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Жил ирэх тусам улс орны хөгжил нэмэгдэж, хүн амын суурьшил тэлж байна. Үүнийгээ дагаад Налайх дүүрэг нь “аялал жуулчлалын бүс нутаг” гэдэг утгаараа гал түймэр, гамшиг ослын тохиолдол жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн улс орнуудад ч өндөр барилга, байгууламжууд баригдахын хэрээр гал түймрийн тохиолдол нэмэгддэг гэсэн тооцоо, судалгаа бий. Манайд ч мөн адил. Үүнтэй уялдаад манай байгууллага техник хэрэгсэл, хүн хүчээ жил бүр нэмэгдүүлж, бэхжүүлж, алба хаагчдаа сургаж, дадлагажуулдаг. Түүнчлэн гаднын дэвшилтэт техник, хэрэгслийг нэвтрүүлж ажиллахаар төсөл хөтөлбөрүүд бодлогын түвшинд буюу ЗГ, ОБЕГ-ын хэмжээнд яригдаад, хэрэгжээд явж буйг хэлэх ёстой. Тодруулбал өнөөдөр Франц-Монгол улс хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, төслийн шугамаар ирсэн техник, хэрэгсэл хөрсөн дээрээ үүргээ амжилттай гүйцэтгээд явж байна. Мөн Беларус, Япон зэрэг улстай хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслийн хүрээнд ирсэн гал унтраах багаж, тоног төхөөрөмжүүдийг алба хаагчид маань ашиглаад явж байна. Энэ мэт техник, хэрэгслүүдээ тухай бүрт нь шинэчилж, ажилтан, алба хаагчдаа тогтмол сургаж, чадавхжуулахын сацуу тогтвор суурьшилтай ажиллах орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх гээд олон ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж буй. Мөн хяналт шалгалтын ажлыг үе шаттайгаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар хийж байна.
Иргэдийн гал түймэр, гамшиг ослоос өөрсдийгөө авран хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл хэр зэрэг байна, тэр хэрээр гамшигт өртөх магадлал тодорхой хэмжээнд буурах магадлалтай. Та бүхэн нөлөөллийн ажлуудыг ямар түвшинд хийж байна?
Тэгэлгүй яахав. Урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг цахим болон өдөрлөг арга хэмжээгээр шат дараатай зохион байгуулаад явж байна. Өнөөдрийн байдлаар цас ихээр орсон үед халтиргаа гулгаа, түүнээс үүдэлтэй зам тээврийн осол, дуудлагаар ажиллах үеийн аюулгүй байдал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг холбогдох байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлж байна. Сайжруулсан шахмал түлш зарагдаж буй цэгүүдийн хүрэлцээ, хангалт хэр зэрэг байна, цэгүүдийг нэмэгдүүлэхийг холбогдох байгууллагуудад уламжилсны дүнд нэг цэгт буудаг тонн хэмжээг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна. Мөн шахмал түлшийг орон нутгаас гаргахгүй байх, түүхий нүүрсийг нэвтрүүлэхгүй байхад хяналтын пост гарч, экологийн болон замын цагдаа, онцгой байдлын албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Энэ мэт урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлуудыг тоймлон хэлж болно.
Ирэх онд та бүхэн ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна?
2026 онд дээр дурдсан ажлууд дээр нэмэгдээд албан хаагчдынхаа ур чадварыг илүү сайжруулах буюу гаднын улсад сургалтад хамруулж, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарна. Мөн одоо байгаа техник, хэрэгсэл болон Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн барилгыг шинэчлэх, гал унтраах анги болон аврах салбар бүлгээ өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөгөөнд тусгагдсан. Тодруулбал, Манай Налайх дүүрэг улсын чанартай хот болох Засгийн газрын тогтоол гарчихсан. Өнгөрсөн есдүгээр сард Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн чуулган ч зохион байгуулагдсан. Тэрхүү чуулганаар Налайх дүүрэг цаашид ямар хот байх вэ гэдэг зураглал, төлөвлөлт нь гарчихсан явж байгаа. Үүнтэй уялдаад дүүргийн онцгой байдлын хэлтэс маань өргөжин тэлж, хүн хүчээ нэмэгдүүлж, байшин барилгаа шинэчлэхээс аваад олон зорилго, зорилт тавьж ажлуудаа эхлүүлэн хөтөлбөр, төлөвлөгөөндөө тусгаад ажиллаж байна.

Ард иргэдийнх амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө зүтгэж буй алба хаагчдын нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байна. Цаашилбал тулгамдаад буй шийдвэрлэвэл зохих асуудлыг та хэрхэн харж байна?
Нэгдүгээрт, манай байгууллагад хөдөө орон нутгаас залуу боловсон хүчнүүд ихээр томилогдож ажиллаж байна. Эдгээр алба хаагчид маань ихэвчлэн түрээсийн орон сууц эсхүл Улаанбаатар хотод ах, дүүсийндээ амьдрах нь цөөнгүй. Иймд онцгой байдлын албан хаагчдад зориулсан нийтийн болон хувийн орон сууцны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилттой байна. Хоёрдугаарт, манай гал унтраах ангийн барилга 1964 онд ашиглалтад орж байсан түүхтэй. Иймд гал унтраах ангийн барилгыг шинэчлэн бариулах зураг төсөв, газрын асуудлыг шийдүүлэх гэх зэрэг ажил шат дараатай хэрэгжээд үндсэндээ 30%-тай явж байна.
Өвөл хаяанд ирлээ. Гал, устай тэмцдэг аврагчид маань нэн тэргүүнд өөрсдийн аюулгүй байдлыг сайтар хангах нь чухал байх. Өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг хэрхэн хангав?
Энэ жилийн өвөл олон жилийн дундаас цочир хүйтрэх төлөвтэй байна. Иргэд, олон нийтийн сайн сайхны төлөө албан үүргээ гүйцэтгэн ажилладаг хүмүүс нэн түрүүнд өөрсдийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах нь нэн чухал. Манай байгууллагын хувьд батлагдсан төлөвлөгөөнийхөө дагуу автомашин, техникүүдийнхээ засвар үйлчилгээнд нь оруулж, дулаан хувцас, хөтлөн хамгааллын хувцас, орон байрны дулаалга, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл зэргийг бэлтгэсэн. Хөдөлмөр хамгаалал нь зуун хувь бүрдчихсэн алба хаагчид, машин техниктэй байж гэмээ нь иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллана.
Малчдын тоог насны ангиллаар нь нарийвчлан гаргаж, хаана нутаглаж, өвөлжиж буй талаарх судалгаа гарчихсан. Энэ нь аливаа байгалийн эрсдэлт хүчин зүйлс тохиолдлоо гэхэд хаана, хамгийн түрүүнд хүрч, очиж үйлчилгээгээ үзүүлэх вэ гэдэг эрэмбийг тогтоож байгаа хэрэг.
Өвөлжилтийн хүндрэл буюу байгалийн давагдашгүй онцгой нөхцөл үүсэхэд малчид, мал бүхий иргэд эрсдэлд орохыг үгүйсгэхгүй. Иймд дүүрэг, орон нутгийн удирдлагууд болон мэргэжлийн анги байгууллагуудтай хамтарч өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг онцгой комиссынхоо шугамаар бэлдүүлж бэлэн болгосон. Түүнчлэн өвс, малын тэжээлийн нөөцөө бүрдүүлээд хадгалалтдаа хийчихсэн. Малчдын тоог насны ангиллаар нь нарийвчлан гаргаж, хаана нутаглаж, өвөлжиж буй талаарх судалгаа ч гарчихсан. Энэ нь аливаа байгалийн эрсдэлт хүчин зүйлс тохиолдлоо гэхэд хаана, хамгийн түрүүнд хүрч очиж үйлчилгээгээ үзүүлэх вэ гэдэг эрэмбийг тогтоож байгаа хэрэг.
Дан ганц мэргэжлийн байгууллага бүхнийг хийнэ гэхээс илүүтэй аливаа гамшиг осол, гал түймрийн аюул цаашлаад дүүрэг, орон нутгийн хөгжилд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа чухал байдаг. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
Тэгэлгүй яахав. Налайх бол ихээхэн онцлогтой дүүрэг гэж дахин тодотгомоор байна. Дүүргийн нутаг дэвсгэрт төрийн цэргийн анги, байгууллага болон хууль сахиулах байгууллагууд олноор үйл ажиллагаа явуулж байна. Иймд үер ус, гал түймрийн гамшиг осол, сэргээн босголт гэх зэрэгт цэргийн анги, удирдлагууд гар нийлэн хамтран ажилладаг. Нэг үгээр хэлбэл дүүрэг, орон нутгаа аюулгүй, амар тайван байлгахын төлөө Налайх дүүргийн бүх шатны төрийн үйлчилгээний байгууллагууд, дулааны цахилгаан станц, хороодтойгоо нягт уялдаатай хамтран ажиллаж байна.
Түүнчлэн манай байгууллага дүүргийн боловсролын хэлтэстэйгээ хамтраад газар хөдлөлт, гамшгийн чиглэлээр ЕБС-ийн сурагчдад мэдээлэл хийж, сургаж дадлагажуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Ингэхдээ өөрийгөө аюул ослоос хэрхэн аврах, өөрийгөө аварчхаад өрөөлийг хэрхэн, яаж аврах юм гэдэг талын мэдлэг олгох сургалтууд хийгдэж байна. Дан ганц мэргэжлийн байгууллага гэхээсээ илүүтэй дүүргийнхээ бүх шатны төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь ирээдүйд учирч болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахад өндөр үүрэг гүйцэтгэнэ хэмээн харж байна.
Цаг гарган ярилцаж, мэдээлэл солилцсон танд баярлалаа. Ажлын их амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхэнд мөн ажлын өндөр амжилт хүсье.

сэтгүүлч
