
Шүгэл үлээгчийн тухай хууль 2021 оноос яригдаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл батлагдаагүй “гацсан” байдалтай байна. Үүний учир шалтгааныг та хэрхэн харж байна?
Монгол бол парламентын тогтолцоот Ардчилсан улс. Иргэд нь Монгол Улсын бүх шийдвэрийг гаргах эх үүсвэр, эх сурвалж болдог. Үндсэн хуульд заасан журамт үүрэг буюу шударга байх, эх орноо хайрлан хамгаалах хамгийн чухал хууль нь Шүгэл үлээгчийн тухай хууль. Монгол Улсын иргэн үнэнч, шударга байгаагаараа бахархдаг байх ёстой. Үүнийгээ илэрхийлснийхээ төлөө хууль эрх зүйн боломжоо алдагдуулж, эсхүл дордуулдаг байж болохгүй. Нэг ёсондоо, шударга бустай эвлэрэхгүй байх нь Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний журамт үүрэг юм. Үүнийхээ төлөө аливаа шударга бус зүйл дээр дуугардаг байх ёстой. Ингэсний чинь хариуд Монгол Улсын парламентын засаглал иргэнээ хамгаалах үндсэн агуулга нь Шүгэл үлээгчийн тухайн хууль юм.
Дэлхий дээр НҮБ-ын авлигын эсрэг конвенцод нэгдсэн 140 гаруй улс бий. Үүнээс 50 гаруй нь Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэрэгжүүлдэг.
Монгол Улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцод нэгдсэн 21 жилийн хугацаанд үүргээ биелүүлсэнгүй. Бид Үндсэн хуулиараа хууль дээдлэх, эх орноо хайрлан хамгаалах, шударга байх журамт үүрэгтэй. Гэвч энэ журамт үүргээ хэрэгжүүлэх явцдаа бид шударга бус зүйлийн төлөө дуугарсныхаа төлөө хэн нэгэн эрх мэдэлтний өмнө хүчин мөхсөддөг. Тиймээс Монгол Улсын иргэн бүр үүнийг хамгаалсан Шүгэл үлээгчийн тухай хуулийг мэдэх хэрэгтэй. Энэ хуулиар шударга бус зүйлийн төлөө дугарсныхаа төлөө хохирч болохгүй гэх хуулийн хамгаалалтыг зохицуулдаг.
Олон улсын байгууллагуудаас Монгол Улсад 20 гаруй зөвлөмж, хүргүүлсэн байдаг. Үүний үр дүнд бид 2020-2024 оны УИХ-ын үндсэн чиглэлд энэ хуулийн төслийг оруулж, 2023 он гэхэд Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлуулахаар тусгасан. Ийнхүү 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ нэг жилийн дараа буюу 2022 оны аравдугаар сард хэлэлцээд, энэ бол зайлшгүй байх ёстой хууль хэмээн дэмжиж хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Гэвч энэ өдрөөс хойш уг хууль замхран алга болсон.
Үүний дараа 2024 онд УИХ-ын сонгууль явагдаж, Үндсэн хуульд өөрчлөлт ороод Монгол Улс анх удаа олон намын төлөөлөл бүхий парламентыг байгуулж 126 гишүүнтэй болсон. Энэ парламент мөн адил УИХ-ын тогтоол гаргаад 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа дээрх хуулийн төслийг тусгаж өгсөн.
Шүгэл үлээгчийн тухай хууль Улсын Их Хурлын гишүүдийн дийлэнх олонход таалагдахгүй байна!
Засгийн газар үндсэн чиглэлдээ Шүгэл үлээгчийг тухай хуулийг 2025 онд батлуулна гэж заасан. Гэвч мөн л өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй байна. Өнгөрсөн хугацаанд уг хуулийн төсөл дээр хоёр ажлын хэсэг гарч ажилласан ч үр дүнгүй хэвээр. Энэ хууль батлагдвал хэний эрх ашигт ноцтой зөрчил үүсэх вэ?
Монголд Улсад ядуурал газар авсан. Үүний учир нь шударга бус хуулийн тогтолцоо гэж хэлж болно. Эрх мэдэл хэт нэг талдаа төвлөрч, түүний эсрэг дуугарах “зөв, шударга” дуу хоолой алга! Шүгэл үлээгчийн тухай хууль эдгээр зүйлийг тэнцвэржүүлж, нийгэмд шударга ёсыг бий болгож, авлигыг бууруулж, нийгэмд баялаг бүтээгчдийг дэмждэг. Үүнээс улбаалан нийгэм маань сэтгэл хангалуун болж, иргэдийн амьдралын чанарт дэвшил гардаг. Нэг ёсондоо төр засгаас гарч буй шийдвэрүүд хэн нэгний явцуу эрх ашигт нөлөөлсөн бус нийтийн эрх ашгийн төлөө гардаг гэсэн үг.
Шүгэл үлээгчийн тухай хууль улс төрийн “гацаанд” орсон ганцхан шалтгаан бий. Энэ хууль батлагдвал өнөөдрийн эрх мэдэл нь дэндсэн, шийдвэр гаргагчид хамгийн эхний хохирогчид болно гэсэн үг. Хэн ч өөрийнхөө эсрэг хууль батлахыг хүсэхгүй шүү дээ. Улсын Их Хурлын гишүүдийн дийлэнх олонход энэ хууль таалагдахгүй байна. Шийдвэр гаргагчдад энэ хууль хортой үйлчлэх гээд байгаа учраас хууль удааширч, гацаад байгаа хэрэг.
Өнөөдөр иргэний зориг гаргаж шударга бусын эсрэг зогсож, шүгэл үлээснийхээ төлөө адлагдаж, хохирч байна! Эрх зүйн хамгаалалтгүй болохоор хэн ч ийм эрсдэлийг өөртөө дуудахгүй. Ингээд харвал залуучууд дуу хоолойгоо боомилуулж байгаагаас өөрцгүй байна?
Тийм. Энэ хууль батлагдвал Монголын нийгэм цэвэршинэ. Тухайлбал, маш олон залуучууд шударгын талд зогсож дуу хоолойгоо илэрхийлдэг болно. Мөн хэвлэл мэдээллийн салбарынхан ч шударга ёс гэж байдаг юм байна, шударга байж болох юм байна, шударга бусын эсрэг дуугарвал “төр биднийг хамгаална” гэдэг ойлголт суух юм. Иймд нэн тэргүүнд иргэн бүр Шүгэл үлээгчийн тухай хуулийн ач холбогдлыг ойлгох хэрэгтэй байна. Монгол Улсын парламент, Засгийн газрын авлигатай тэмцэх хамгийн эхний алхам нь Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлах. Үүнийг батлахгүйгээр хэдэн арван гоё нэртэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд ч авлигатай тэмцэх нь зүгээр л “лоозон” төдий болж хувирна. Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлахгүйгээр мянган удаа авлигатай тэмцэх гоё нэртэй үндэсний хөтөлбөр, журам гаргаад ямар ч үр дүнгүй.
126 гишүүнтэй шинэ парламент Шүгэл үлээгчийн тухай хуулийг баталж чадвал Монголын төр авлигын эсрэг АЛХАМ хийлээ гэж үзэх хэрэгтэй. Олон улсын жишиг ч ийм байдаг.
Том зургаараа Шүгэл үлээгчийн тухай хууль бол иргэний үндсэн хуульд заасан шударга бай гэдгийг хамгаалж өгч байгаа. Өнөөдөр ямар ч иргэн шударга байх боломжгүй болчихсон нь нууц биш! Өнөөдрийн нийгэмд иргэн аливаа шударга бус зүйлийг харж байгаа мөртөө түүнтэй нийлэх эсхүл эвлэрч чимээгүй байх сонголтыг хийхээс өөр гарцгүй. Эс бөгөөс ажлаасаа халагддаг, нийгэмд гадуурхагддаг, гэр бүлдээ эрсдэл дагуулдаг байх жишээний. Хуулиар эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх боломжийг олгоогүй цагт хэн ч хэзээ ч шүгэл үлээгээд амжилт олохгүй! Нэг ёсондоо, уг хууль албажаагүй цагт төр засаг иргэдээ шударга ёсны төлөө дуугар гэж хэлэх нь иргэдээ харанхуй нүх рүү түлхэж буйгаас өөрцгүй.
Хамгийн сайн хяналт бол иргэдийн оролцоо. Танай ТББ-ын залуучууд нэгдээд тус хууль дээр фокуслаж байгаа. Тэгэхээр та бүгдийн хийж, хэрэгжүүлж буй ажил юу байна?
Парламентын боловсрол буюу Үндсэн хуулийн боловсролыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал. Манай ТББ энэ зарчмыг баримталж ажилладаг. Парламентын ажлын хамгийн чухал зүйл нь бүх шийдвэрт иргэдийг оролцуулах. Нэг үгээр хэлбэл нийтээрээ аливаа асуудлыг хэлэлцэж, ярьж, зөвлөлддөг байхад манай ТББ-ын үйл ажиллагаа чиглэдэг. Бидний зүгээс 2023, 2024, 2025 онд тухайн үеийн УИХ болон Засгийн газарт Шүгэл үлээгчийн тухай хуулийг яаралтай хэлэлцэн батлахыг хүсэж удаа дараа шаардлага хүргүүлсэн. Одоогоор бид Шүгэл үлээгчийн тухай хуулийг заавал батлуулах нь олон нийтэд ямар ач холбогдолтой юм, ямар эрх ашгийн зөрчил байгаа учраас эл хууль “гацаанд” ороод байгааг олон нийтэд таниулах ажилд илүү фокуслан ажиллаж байгаа.

Улс төрчид уг хуулийг “матааны хууль эсхүл мөнгө өгдөг хууль” гэж ярихыг сонссон. Шүгэл үлээсэн тохиолдол бүрд мөнгөн урамшуулал олгох юм уу?
“Матааны” хууль биш юм л даа. Нэгт, энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга байхаа тунхаглаж буй хууль юм. Хоёрт, шударга бус асуудлаар шүгэл үлээсний дараах хувь хүний эрх зүйн байдал дордохгүй юм гэдгийг баталгаажуулж байгаа хэрэг. Тодруулбал, Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөл нь таван бүлэг 22 заалттай. Уг хуулийн төслийн гол зохицуулалт нь шүгэл үлээсэн иргэнийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал олгохоор заасан. Гэхдээ, шүгэл үлээсэн тохиолдол бүрт мөнгөн урамшуулал заавал олгохгүй. Харин тухайн асуудлыг шалгаж, холбогдох ажиллагаа явуулж, асуудал шүүхээр эцэслэсэн шийдвэрлэгдэж, батлагдсан тохиолдолд шүгэл үлээгчийн гаргасан хүсэлтийг прокурорын байгууллага, АТГ, ХЭҮК цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, ШӨХТГ-ын төлөөлөл бүхий Мөнгөн урамшууллын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ. Зөвхөн мөнгөн урамшууллын төлөө залуучууд шүгэл үлээнэ гэж бодохгүй байна. Харин нийгмээ өөрчлөх, шударга бустай эвлэрэхгүйн төлөө дуугарах зорилго нь нэгдүгээрт байх болов уу. Шударга байсны төлөөх шагнал, эрх зүйн хамгаалалт чинь өмнөхөөсөө дордохгүй байх хамгаалалт нь л мөнгөн урамшуулал юм.
Зөвхөн мөнгөн урамшууллын төлөө залуучууд шүгэл үлээнэ гэж бодохгүй байна. Харин нийгмээ өөрчлөх, шударга бустай эвлэрэхгүйн төлөө дуугарах зорилго нь нэгдүгээрт байх болов уу
Тэгэхлээр энэ хууль нэн тэргүүнд парламент дээр өргөн баригдах ёстой. Дараа нь парламент хэлэлцүүлгээ өргөн хүрээнд хийх ёстой. Тэгэхгүй бол маш олон ухаантай царайлсан хүмүүс "хууль арай бэлэн болоогүй, дутуу байгаа. Бүрэн болгочхоод парламент руу оруул" гэх шалтгаанаар гацааж байх жишээний. Гэтэл парламент дээр л эцсийн байдлаар шийдэгддэг. Харин парламент тус хуулийн хэлэлцүүлгийг танай редакц шиг олон төлөөлөл, олон сегмент рүү хандсан “хэлэлцүүлэг”-ийг сайтар хийх нь зүйтэй. Монгол Улсын иргэд тэр дундаа залуучууд шударга бус байдлаас болоод эх орноосоо дүрвэж байна. Иймд Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэлэлцэн батлах нь 126 гишүүнтэй парламентын нэн тэргүүний чухал үүрэг. Энэ хаврын чуулганаар хуулийн төсөл батлагдаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.
.
