
Дүүрэг гэдэг харьцангуй жижиг бүтэц учраас иргэдийн амьдралд хүрч, аливаа шинэ санаачилга хэрэгжүүлэхэд үр дүнд хурдан хүрдэг онцлогтой.
Тэр ч утгаараа Чингэлтэй дүүрэгт хэд хэдэн санаачилга дэвшүүлж, төсөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шатандаа явж байна. Улс төрчид энэ салбарт орж, гарах нь хэвийн үйл явц. Харин байх хугацаандаа Улаанбаатарын иргэдийн хүсдэг аюулгүй, тохилог, ногоон, байгальд ээлтэй орчинд амьдрах; үр хүүхэддээ чанартай боловсрол олгох, ижий ааваа эмнэлгийн үйлчилгээнд төвөггүй хамруулах ийм л энгийн шаардлагад нь нийцүүлж ажиллах л ёстой. Марс руу пуужин нисгэж, Манхеттанд төсөл хэрэгжүүлэх гээд байгаа хэрэг биш шүү дээ.
“Нарны элч” төсөл ба сэргээгдэх эрчим хүчний шинэ эрин
Манай дүүргийн 70-80 хувь нь гэр хороололд амьдардаг. Дэнжийн мянгад дулааны станц бариад өг гээд хүлээвэл хэр удахыг таашгүй. Иймд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтарч дулаан, эрчим хүчийг нарны энергээс гарган авдаг системийг айл өрхүүдэд 2 өвөл туршихад-40 хэмийн хүйтнийг хязгаарлалтад оролгүй давж чадлаа. Иргэд ч ам сайтай байна. Амьдралд тустай, сайн туршлагыг цаашид өргөжүүлэх нь чухал учраас зах зээлийн бүтээгдэхүүн болгох тал дээр арилжааны банкуудтай хамтран ажиллахаар яриа хэлэлцээний түвшиндээ явж байна. Гэр хороолол яваандаа амины орон сууцын бүс болно. Хамгийн үнэтэй газар нь болно гэсэн үг. Иймд сэргээгдэх эрчим хүчний тусламжтайгаар эрчим хүчний хараат бус бүс болоод илүүдэл эрчим хүчээ төв рүү нийлүүлж орлого олдог, цаашилбал олон улсын карбон кредитээ зардаг ийм схемийг зурж, бодит ажил болгохоор зорьж байна.
НОГООН сургууль ба Стрессгүй орчин
Ногоон хэмээн тодорхойлсны учир эрчим хүчээ нарны эх үүсвэрээс гарган авч, хэрэглээний 70-80 хувийг хангаснаар төсвөө хэмнэж, төвийн эрчим хүчний дарамтыг бууруулахад оршино.
Өнгөрсөн жил 49 дүгээр сургуулийн дээвэр дээр 72 ширхэг нарны хавтан суурилуулахад цахилгааныхаа 60-70 хувийг гаргаад авчхаж байна. Энэ нөөцөд тулгуурлан эцэг, эхчүүдийн хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авдаг үеийн нөхцөл байдлыг сайжруулж олон улсын стандартад нийцсэн, эмх цэгцтэй, зогсоол хийхээр төлөвлөсөн. Эхний байршил 57-р сургууль. Энэ ажлыг ЮНИСЕФ-тэй хамтарч хэрэгжүүлэхээр зэхэж байна.
Эрүүл тохилог орчин- Шилдэг, жишиг гудамж
Дуу чимээ, агаар хөрсний бохирдлын асуудлыг орхигдоод удаж буй түүх соёл, архитектурын шийдэл бүхий нийтийн эзэмшлийн талбайн тохижолттой хэрхэн хослуулах санаачилгыг иргэдийн оролцоотойгоор “Шилдэг гудамж” уралдаанаар дамжуулан хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.
Байгальдаа ойр, энгийн шийдлээр уг асуудлыг зохицуулах боломжтой. Хашаагаа намсгах, ногоон ургамлуудаа ихээр тариалах замаар цэвэрхэн, тохилог, эрүүл орчныг бүрдүүлнэ. Энэ нь жишиг болж өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Энэ бүхэлдээ миний санаа биш л дээ. Энэ чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, ТББ, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны дүнд боловсрогдсон шийдэл, харин би хөрсөн дээр нь буулгах ажлыг төлөвлөн гүйцэтгэж байгаа хэрэг.

Эрүүл иргэн ба -Эрчүүд өөртөө хариуцлагатай аян
Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж гэхээр эмнэлэг барих тухай ярьдаг. Өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтийг тухайн бүсэд амьдардаг иргэдийн тоогоор олгодог байсныг болиулж бүртгэлтэй иргэдийн тоогоор олгох бодлогын шилжилт хийгдэж байгаа. Үүнийг угтаад бодит тоог гаргаж эхний ээлжинд 30-65 насны 28 мянган эрэгтэйгээ эрүүл мэндийн үзлэгт хамруулах эрсдэлийн үнэлгээний хөтөлбөрөө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран эхлүүллээ. Эрсдэлт бүлэгт эрэгтэйчүүдийг сонгосон нь 28 мянган иргэний тал нь даатгалгүй, тусламж үйлчилгээнд хамрагддагүй, “би яахав” хандлагатай холбоотой.
Эхний суурь үзлэг чихрийн шижин. Үүний далд хэлбэрийн судалгааг Монголд анх удаа олон улсын аргачлалаар хийж буй бөгөөд уг өвчний эрсдэлт бүлгийг хүн бүрийг үзэх биш шинж тэмдгээр нь бүртгэлжүүлж байгаагаараа өндөр ач холбогдолтой.
Эрүүл ахуйн стандарт ба сургуулийн орчин
Ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн бодлогын Гарын авлага байх ёстой юм байна. Үүнийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч дүүргийнхээ сургуулиудад нэвтрүүлэхээр болоод байна. Сургууль дээр мөрдөгдөх эрүүл ахуйн стандартыг боловсруулснаар урсгал засвар хийхдээ, төсөв хөрөнгө зарцуулахдаа уг стандартыг хангах зарчмыг баримтлаад явчихвал сэргэлэн овсгоотой нь дүүргээс хэрэгцээгээ шийдүүлдэг байдал халагдана. Ингэснээр шударга зарчим үйлчилж, хөрөнгө оруулалтууд байгаа ононо.
Ийн иргэдийнхээ хүсэл, хэрэгцээнд үндэслэн хөрсөн дээрээ буусан бодлогуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрсдэл өндөр, том бодлогыг муу хэрэгжүүлснээс амьдралын нөхцөлд тохирсон, ард иргэдээ аз жаргалтай болгох оновчтой бодлого явуулахыг чухалчилж байна.