
Миний хувьд хуульчийнхаа хувиар 2021 онд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байсан. Уг хуулийн төсөл дээр ажиллаж байхад хэд хэдэн дутуу зүйл байсан. Тухайлбал ямарваа хууль бус үйл ажиллагааны талаар шүгэл үлээлээ гэхэд тэр мэдээлэл нь худал байвал яах вэ! Дараа нь хариуцлагын асуудал яригдах юм уу эсхүл нэр төрийг нь сэргээх юм уу гэх мэт асуудлыг хэрхэн, яаж зохицуулах вэ гэдэг дээр процесс өрнөж байсан. 126 гишүүнтэй шинэ парламент Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батална гээд төлөвлөгөөндөө оруулчихсан явж байгаа ч Хууль зүйн яамнаас хуулийн төслийг хараахан өргөн бариагүй байна.
Яг ямар асуудал дээр шүгэл үлээгчийг хамгаалах вэ гэдгийг хуульд нарийн тодорхойлох хэрэгтэй. Нэг ёсондоо, ямар асуудал дээр шүгэл үлээвэл буюу мэдээллийг олон нийтэд ил болговол эсхүл тухайн асуудалтай холбоотой мэдээллийг болон шүгэл үлээгчийг яаж хамгаалах вэ гэдэг процессын шинжтэй хууль тогтоомж байх болов уу.
Яг ямар асуудал дээр шүгэл үлээгчийг хамгаалах вэ гэдгийг хуульд нарийн тодорхойлох хэрэгтэй!
Материаллаг хэм хэмжээ буюу гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг иргэн бүр өгөх үүрэгтэй. Одоогийн хуулиараа ч ийм байгаа. Гэхдээ тухайн хүнийг хэрхэн, яаж хамгаалах вэ гэдэг асуудал Шүгэл үлээгчийн хуульд бичигдэх ёстой. Ингэхдээ хүүхдийн эрх, байгаль орчин гэх мэт нийтийн эрх ашигт хамааралтай тодорхой асуудлын хүрээ хязгаарыг тогтоох ёстой болов уу.

Түүнээс бүх асуудлаар шүгэл хүлээж болно гэчихвэл Эрүүгийн хууль дээр байгаа гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл өгөх, тэр мэдээлэл нь үнэн, зөв байх гэдэг шалгалтын ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй. Дээрээс нь үнэн, зөв эсэхийг нь ялгаж салгах хэрэгтэй болно. Энэ нь одоогийн цагдаагийн бие бүрэлдэхүүний нөөцөд төвөгтэй нөхцөл байдал үүсгэх магадлалтай. Тийм учраас тодорхой сэдвээр хүрээ хязгаарыг тогтоох нь зөв.
Шүгэл үлээгчийн хууль батлагдсанаар нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудал тэр дундаа авлигын асуудлууд, далд нуугдмал хэлбэртэй оршдог жендерийн хэв шинжтэй хүчирхийллийн асуудлуудыг илрүүлэхэд чухал алхам болно. Ер нь урьдчилан сэргийлнэ гэхээс илүүтэй гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхэд гол түлхэц болох механизмын шинжтэй хууль гэж харж байгаа.
Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй зүйлүүд дээр урьдчилан сэргийлэх механизм ажиллах вэ гэдгийг бодож, шүгэл үлээгчийг энэ тийш чиглүүлэх нь зүйтэй!
Авлигатай тэмцэхэд хоёр том параллель ажил явах ёстой. Нэгт, авлига гарсны дараах илрүүлэх ажиллагааны гол механизм нь шүгэл үлээгч байж болно. Хоёрт, авлига гарахаас урьдчилан сэргийлэх нь чухал механизм байх учиртай. Үүнийг бид орхигдуулаад байгаа. Учир нь дандаа хэрэг болсны дараах үйл явдал, хэрэг болсны дараах сенсаци руу голчлон анхаарч байна. Тиймээс хэрэг болохоос өмнөх буюу авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй зүйлүүд дээр урьдчилан сэргийлэх механизм хэрхэн, яаж ажиллах вэ гэдгийг бодох ёстой. Дээрээс нь шүгэл үлээгчийг энэ тийш чиглүүлэх нь зүйтэй. Жишээ татвал ЖДҮ-ийг дэмжих сангийн хэрэг дээр нийгэм даяараа шуугьсан. Магадгүй тухайн санд ажилладаг ч юм уу, тухайн сангаас зээл авах гэж оролдоод чадаагүй хүн “энэ санд авлига, албан тушаалын ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байна дүрэм журмыг нь шинэчлэх шаардлагатай” гэх зэргээр шүгэл үлээж болох юм. Үүнийг л хэрэг болохоос өмнөх шүгэл гээд байгаа юм.
Шүгэл үлээгчийг хамгаалах нь энэ хуулийн гол амин сүнс.
Шүгэл үлээгчийг 1 саяас 5 тэрбум хүртэл төгрөгөөр урамшуулах тухай асуудалд байр сууриа илэрхийлэхэд арай эрт байна. Урамшууллаас үүдэлтэйгээр яваад эхэлбэл санаа, сэдэл нь өөр болоод эхэлнэ. Нэг үгээр хэлбэл шүглийг үлээж буй сэдэл өөр болчих талтай. Уг хуулиар хамгийн гол нь авлигын хэргийг илрүүлэх сэдэлтэй болохоос шагнал, мөнгө авахын тулд шүгэл үлээх нь буруу тийшээ явах магадлалтай. Тиймээс энэ асуудал дээр болгоомжтой, судалгаатай хандах ёстой!