
Эмнестий Интернэйшнлээс гаргасан, хангалтгүй хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн судалгааг миний хувьд мастер, докторын ажлаа хийх үеэсээ л анхаарч эхэлсэн.
Энэ сэдвийн хүрээнд 2 зүйлийг ярих ёстой.
1. Дахин төлөвлөлтийн шийдвэрийг Нийслэлээс буюу ИТХ-аар гаргачихдаг. Угтаа энэ шийдвэр оршин суугчдаас гарч байх ёстой юм. Энэ гудамжийг, энэ хороог дахин төлөвлөлтөд хамруулахыг хүсэж байна аа гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу тогтолцооны өөрчлөлтийг хийх нь зүйтэй. Орон сууцыг дахин төлөвлөхөд мөн адил. Нийслэл таны барилга ашиглалтын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргаад, нураагаад, шинээр барих бус СӨХ эсвэл хорооны ИНХ, орон нутагт багийн хэмжээндээ ярилцаад дахин төлөвлөх шийдвэрийг гаргах нь чухал. Хот төлөвлөлтийн тухай анхдагч хуулийн төсөлдөө энэ агуулгыг тусгаад өргөн барихаар зэхэж байна. Процессын дагуу хэлэлцэх эсэх нь шийдэгдээд, ЗГ-аас санал аваад явна.

2. Илтгэгчдийн хэлж буй иргэдийн оролцоо хангалтгүй гэдэгтэй санал нийлж байна.
Засаг дарга нарыг дээд албан тушаалын Засаг дарга нь томилдог хуультай. Гэхдээ хороо, багийн Засаг дарга нь тухайн харьяалалдаа оршин суугч байдаггүй. Үүнийг иргэдийн оролцоо хумигдаж, мэдээлэл хүрэхгүй байгаа, мэдээллээр хангагдахгүй байгаа эхний том асуудал гэж миний хувьд хардаг. Зүй нь тухайн хороон дээрээ асуудлыг шийдэх гэж байгаа хүн хорооныхоо оршин суугч байх ёстой. Тэгж гэмээ нь бодит шийдвэр гарах боломжтой. Гэтэл Засаг дарга нар намын, эсвэл өөр нэг харьяаллаараа доод шатны удирдлагаа нэр цохон томилчихдог. Улмаар иргэдийн дуу хоолой болж чадахгүй, оролцоогоо хангахын төлөө ажилладаггүй. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд ямар нэгэн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ 2 удаа хэлэлцүүлэг хийнэ, түүнийгээ эргэн тайлагнана гэсэн 3 үе шаттай болгоё гэсэн агуулгыг хуульд тусган үзэл баримтлалыг нь боловсруулах шатандаа явж байна.