
Чуулган болон байнгын хорооны хуралдааны үеэр гэр бүлийн хөгжил, хүүхдийн аюулгүй байдал, нийгмийн сэтгэл зүйн асуудалд анхаарч байр сууриа илэрхийлдэг Л.Энхнасан гишүүнтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр “хүүхэд аюулгүй орчинд өсөж хөгжих, гэр бүл тогтвортой байх, иргэд сэтгэл зүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авах нь хүний хөгжлийн бодлогын үндэс” гэдгийг онцоллоо.
УИХ-ын намрын чуулганаар ямар хуулиуд дээр төвлөрч ажиллах гэж байна вэ?
Энэ чуулганы хугацаанд хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжтай холбоотой хууль, тогтоомжид анхаарч ажиллана. Өнгөрсөн хаврын чуулганаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ажиллаж, Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай, Тамхины хяналтын тухай зэрэг 12 хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Цусны донорын тухай, Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт мөн анхаарч ажилласан.
Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ хуулиар хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлд ямар дэвшил гаргах зохицуулалтууд туссан бэ?
Энэ хуулийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүн санаачлан өргөн барьсан. Төсөл санаачлагчид хүүхдийн хөгжлийг салбар тус бүрийн бодлогоор бус, салбар дундын уялдаатай, улсын хэмжээнд хэрэгжүүлэх нэгдсэн зохицуулалт бүхий хууль зүйн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.
Энэ хүрээнд хүүхэд бүрийг хөгжлийн үйл явцад тэгш хамруулах боломжийг бүрдүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан авьяас, чадварыг нь хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах юм.
Манай ажлын хэсэг Дорнод, Дархан-Уул аймагт ажилласан. Дорнод аймаг “Хүн болох багаасаа” хөтөлбөрийг гурван жилийн турш хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн ЗДТГ болон төрийн бус байгууллагууд маш идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, орон нутгийн төсвөөс хүүхэд бүрд 30 мянган төгрөг олгодог. Мөн эцэг, эхчүүд сайн дураараа 20 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, санхүүжилтийг шийдвэрлэн, хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлж байгаа жишээтэй.
Хүүхдүүд энэ хөтөлбөрт маш идэвхтэй хамрагдаж, төрөл бүрийн спортоор хичээллэн, гадаад хэлний мэдлэгээ тэлж, олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байна. Үүний үр дүнд хүүхдүүд хөгжихөөс гадна төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж, бие биеэ дэмжих, хөтөлбөрт ажиллаж буй багш нарын орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэх зэрэг үр дүн гарч байгаа юм. Ийм бодит туршлагыг хуулийн хүрээнд хөдөө, орон нутагт хэрэгжүүлэх боломж байна. Харин нийслэлийн сургуулиудад ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж хэр байгаа вэ гэдгийг мөн анхаарч үзэх шаардлагатай.
Нийслэлийн сургуулиудад хэрэгжүүлэхэд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байна вэ?
Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн захын сургуулиудад ажлын хэсгийн гишүүд очиж ажилласан. Сургуулиас гадуурх клуб, секц, дугуйланд хүүхдүүдийг тэгш хамруулахад дэд бүтцийн хүртээмж муу байгаа нь ажиглагдсан.Үүнийг хэрхэн шийдвэрлэх, ямар боломж байгааг ажлын хэсгээс судлан ажиллаж байна. Мөн олон улсын туршлагаас манай улсад нутагшуулан хэрэгжүүлж болох сайн туршлагууд юу байгааг судалж байна.
Та зам тээврийн осол, гэмтлээс хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр хууль санаачлан боловсруулж байгаа. Энэ хуулийг яагаад санаачлах болов?
Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, хавдар, гэнэтийн нас баралт ордог. Үүний дотор зам тээврийн осол, гэмтлээс үүдэлтэй нас баралт их байна. Ялангуяа хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй.
Жишээлбэл, 2024 оны зам тээврийн ослын талаарх мэдээлэлд 0–17 насны 1,308 хүүхэд өртсөн мэдээлэл байна. Үндсэн хуульд хүн бүр аюулгүй, амар тайван нийгэмд амьдрах эрхтэй гэж заасан. Мөн олон улсын конвенцоор төр хүүхдээ хамгаалах үүрэгтэй. Иймд хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн.
Хуульд ямар зохицуулалтууд тусгаж байгаа вэ?
Сургуулийн орчинд хүүхдүүдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тусгайлан хангах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор сургуулийн бүсийг онцгой бүс болгон тодорхойлж, замын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, шаардлагатай дэд бүтцийг бүрэн шийдвэрлэх зохицуулалтыг хуульд тусгаж байна.
Мөн сургуулийн бүсэд жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг мөрдөхтэй холбоотой хариуцлагыг чангатгана. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд практик хэлбэрээр, мэргэжлийн хүмүүс албан ёсоор заадаг болгох шаардлагатай гэж үзэж байна. Япон, Солонгос зэрэг улс оронд хүүхдүүдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадалд сургахын тулд дагуулж яван, бодитоор зааж сургадаг туршлага бий.
Хөдөө, орон нутгийн замд хүүхдүүд осолд өртөж, амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Иймд эцэг, эхийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхдэд зориулалтын хамгаалах бүс зүүлгэх, урд суудалд суулгахгүй байх зэрэг зөвлөмжийг мөн тусгах юм.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд жолоочийн хариуцлагаас гадна замын орчны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байгууллагуудын хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай. Тухайлбал, сургуулийн бүсийн тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрэлтүүлэг хангалтгүй, буруу төлөвлөгдсөн бол түүнийг засаж сайжруулах үүрэг, хяналтын тогтолцоо тодорхой байх ёстой.
Ер нь аливаа хууль батлагдахаас гадна бодит үр дүнгээ өгөх нь чухал. Хэрэв хууль хэрэгжсэнээр зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн тоо буурч чадвал үүнийг дагаад халамж, тэтгэмжийн зардал ч буурна. Энэ бол хуулийн бодит үр дүн юм.
Хүүхдийн хөгжил, аюулгүй байдлаас гадна ямар асуудалд анхаарч ажиллахыг зорьж байна вэ?
Бид “хүнд ээлтэй хот, улс орон болъё” гэж их ярьдаг. Миний хувьд хамгийн их санаа зовж, анхаарах ёстой гэж үзэж байгаа асуудал бол хүүхдийн хөгжил, тэдний аюулгүй байдал юм. Үүнд эцэг, эхчүүд, багш нар бүгд анхаарах ёстой.
Цаашлаад хүүхдийн эрүүл мэнд нэн чухал. Зургаагаас арван хоёрдугаар ангийн хүүхдүүд сургууль дээрээ эрүүл хоол хүнс хэрэглэх тэгш боломжтой байгаасай гэж хүсэж байна. Энэ асуудлыг Сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд тусгасан. Миний бие энэ хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байна.
Сургууль хүүхдийн сурч, боловсрох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудалд мэргэжлийн байгууллага, эцэг эх, орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах ёстой. Эрүүл, чийрэг иргэн төлөвшүүлэхийн тулд хүүхдүүдэд багаас нь эрүүл мэндийн боловсролыг зөв, цэгцтэй олгох шаардлагатай. Үүнээс гадна сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт, зохицуулалтыг тодорхой болгох шаардлага байна.
Миний хувьд чуулган болон байнгын хорооны хуралдааны үеэр нийгэмд орхигдож буй асуудлуудад байр сууриа илэрхийлэхийг чухалчилдаг. Үүний нэг нь гэр бүлийн бодлого юм. Гэр бүлийг дэмжих бодлого зөвхөн залуу, анх удаа гэрлэсэн хосуудад чиглэх ёсгүй. Хүүхдээ ганцаараа өсгөж байгаа эх, эцэг, 35-аас дээш насандаа гэр бүл зохиосон иргэд, олон хүүхэдтэй, орлогын хүндрэлтэй өрхүүдийг бодит хэрэгцээнд нь тулгуурлан дэмжих ёстой.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан:
Нийгмийн бодлогыг бид зөвхөн тэтгэмж, халамжаар хэмжиж болохгүй. Хүүхэд аюулгүй орчинд өсөж хөгжих, гэр бүл тогтвортой байх, иргэд сэтгэл зүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авах нь хүний хөгжлийн бодлогын үндэс юм. Миний хувьд хүүхдийн хөгжил, аюулгүй байдал, гэр бүлийн дэмжлэг, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хооронд нь уялдуулсан, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.