Байр суурь3 мин унших
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.31/ хуралдаан 09 цаг 55 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг тогтоолын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 26 дугаар зүйлийн 26.7-д “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор ... УИХ-д өргөн мэдүүлнэ....” гэж заасны дагуу Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болохыг танилцуулгын эхэнд дурдав.
5 бүлэг 381 заалттай уг хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа МАН-ын Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо танилцуулсан мөрийн хөтөлбөр болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үндэслэсэн байна.
Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэн, байгаль орчинд нийцтэй, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болгохоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ.
Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Эрүүл хүнс-эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр, “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөр болон байгаль, хүний эрүүл мэндэд ээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг багтаасан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Батзориг, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авав.
