Д.Батмөнх:

Өвс, тэжээлийн үнэ нэмэгдэхгүй байх бүрэн боломжтой


4 минут уншина
Д.Батмөнх: Өвс, тэжээлийн үнэ нэмэгдэхгүй байх бүрэн боломжтой
Д.Батмөнх ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийхээр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна.

Өнөөдрийн байдлаар малчид өвс, тэжээлээ 80 гаруй хувьтай бэлтгэсэн хэдий ч өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудад тодорхой дэмжлэг шаардлагатай болсон. Гэтэл дотооддоо худалдан борлуулж байгаа өвсний үнэ огцом өссөн талаарх мэдээлэл байгаа тул ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхөөс өвс, тэжээлийн үнийн талаар дараах тодруулга авлаа.


Өнгөрсөн намар мал аж ахуйн салбарын өвлийн бэлтгэл хэр хийгдсэн бэ?

- ХХААХҮЯ-аас 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт “2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” тогтоолыг оруулсан. Энэ тогтоолд улсын хэмжээнд, ялангуяа аймаг сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх чиглэлд, тэр дундаа өвсний хэмжээг нэмэгдүүлж 61 мянган тонн өвс бэлтгэх, 15,800 тн тэжээл бэлтгэх даалгаврыг Засгийн газраас орон нутгийн удирдлагуудад өгсөн. Хэрэгжилт өнөөдрийн байдлаар хангалтгүй байгаа. Тиймээс 2020 оны 11-р сарын 21-ны өдөр Засгийн газрын тэмдэглэлээр нэмэлт арга хэмжээ авахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгон, хүргүүлсэн.

Энэ жил нийт бэлтгэх шаардлагатай өвс, тэжээлийн 10%-тай тэнцэх хэмжээний дэмжлэгийг Засгийн газраас үзүүлэх асуудлыг бид тавьсан. Учир нь мал төрийн баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байдаг. Тиймээс аймаг, сумдын авулгүйн нөөцийг бүрдүүлэхэд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг бүх түвшинд үзүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Тухайн үед шийдвэрлэгдэж чадаагүй. Тиймээс эрсдэл бүхий 6 аймаг буюу Өнгөрөн 5 сараас хойш говийн бүсийн зарим аймгууд болох Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад хур бага орсон. Үүнтэй холбоотойгоор 7 сар хүрээд зуншлага сайжирсан ч гэсэн гантай, гандуу байсан. Тиймээс ХХААХҮ-ийн сайдын саналаар эдгээр гантай байгаа аймгуудад эрсдэлийн үнэлгээ хийлгэх саналаа Улсын онцгой комисст хүргүүлсэн.

Ингээд үнэлгээ хийх баг томилж эдгээр аймгуудад эрсдэлийн үнэлгээ хийгдэн эдгээр 6 аймаг энэ жилийн тухайн маш өндөр эрсдэлтэй, Баянхонгор аймаг их эрсдэлтэй гэсэн дүн гарсан.

Эрсдэлийн үнэлгээ хийгдсэн аймгуудад нөхцөл байдал хүнд байгаа тухай мэдээ ирж байна. Ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Бид УОК-тай хамтран аймаг сумын аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд улсаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдэг асуудлыг ХХААХҮЯ-аас дахин тавьж 2020 оны 10 сарын 14-ний өдрийн 138 дугаар тогтоолоор шийдсэн.   

Малчид өвс, тэжээлийн бэлтгэлээ 80-аас дээш хувьтай хангасан байна. Малчид, иргэд хувьдаа өвс, тэжээлээ 80-95%-тай бэлтгэсэн мэдээлэл бий. Харин үнэ ханш сүүлийн үед ихээр өсөж байна гэсэн мэдээлэл бид авсан.

Өнөөдрийн байдлаар говийн аймгууд, мөн өвс тэжээлийн татан авалтаа одоо ч хийж байна. Цар тахлын улмаас энэ ажил түр хугацаанд зогссон. Говийн бүсийн аймгууд болон малчид өөрсдөө хадлан бэлтгэх боломжгүй учраас зүүн аймгууд болох Дорнод, Сүхбаатар аймгаас өвс, тэжээлээ татан авдаг. Нэгдсэн байдлаар татан авалт хийж байгаа тохиолдолд өвсний үнэ харьцангуй тогтвортой, хямд байна. 10,000-12,000-аар татан авалт хийсэн. 15,000 төгрөгөөр тэжээлийн татан авалт хийсэн ажил хийгдсэн.

Өвс, тэжээлээ худалдан авах гэхээр үнэ нь огцом өссөн, малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй байгаа зэрэг хүндрэл үүссэн байна. Танай яамнаас ямар арга хэжээ авч байна вэ?

- Өнөөдрийн байдлаар МАА-н үйлдвэрлэлд малчид, иргэдийн хувьд 80%-ийн өвс, тэжээлийн хангалтаа хийсэн хэдий ч зарим нэг малчид, иргэд, фермерүүд өвч тэжээл өндөр үнэтэй байгааг хэлж байна. Зах зээлд ченжүүдийн борлуулж буй өвс, тэжээл 18,000-26,000 төгрөг хүрсэн байна.  

Гэхдээ аймаг, орон нутгууд өвс, тэжээлийн хангалтаа нэгдсэн байдлаар татан авч байгаа. Тухайлбал энэ жил тэжээлийн хувьд гурилын үйлдвэрээс гардаг хэвэгийг 9 сарын 23-ны өдрөөс экспортыг хязгаарласантай холбогдуулан 60 орчим мянган тонн хэвэгийг МАА-н салбарт шилжүүлэн, борлуулах боломж нээгдсэн. Үүний дагуу өнөөдөр гурилын үйлдвэрүүд хэвэг, тэжээлийг орон нутгуудад нэгдсэн байдлаар худалдан борлуулах ажил хийгдэж байгаа. Баянхонгор аймагт 2020 оны 11 дүгээр сарын эхээр ажиллахад тус аймаг өөрсдийн өвс, тэжээлийн агуулахын нэг хэсгийг чөлөөлж нэр бүхий гурилын үйлдвэрээс хэвэг худалдан авах гэрээ байгуулсан. Өвлийн турш тогтвортой нийлүүлэх зохицуулалт хийсэн. Архангай аймаг 11 сарын 30-ны өдрийн байдлаар дээрх зохицуулалтыг хийхээр яриа хэлэлцээ хийсэн гэсэн мэдээлэл ирүүллсэн. Тиймээс орон нутгууд нэгдсэн байдлаар тогтвортой үнээр тэжээлийг бэлтгэх ажил зохион байгуулж байна.

Нөгөө талдаа ХХААХҮЯ-аас өвс, тэжээлийн импорттой холбоотой хил, гаалийн татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-д санал хүргүүлсэн. Хууль батлагдсанаар дээрх боломжууд бүрдээд ирэхээр өвс, тэжээлийн үнийг хямдруулах боломж нээгдэнэ.

Малын тэжээл ОХУ-аас авах ажил хийгдэж байгаа ч хил дээр гацсан тухай өмнө нь мэдээлж байсан. Хэдий хэмжээний тэжээл хил дээр хүлээгдэж байна вэ?

- Баруун аймгуудын боомтуудаар өвс, тэжээл импорт хийгддэг. Тухайлбал Увс аймгийн Боршоо боомтоор хилийн цаана ОХУ-ын талд 1742 тонн хорголжин тэжээл ачсан 49 машин цар тахлын зохицуулалттай холбоотойгоор хил нээхийг хүлээж байна. Мөн Баян-Өлгий аймгийн ойролцоох боомт дээр 300 тонн тэжээл ачсан машин хүлээгдэж байгаа тул нөөц боломжууд бидэнд байна.

Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг хадлангийн нөөц сайтай аймгуудаас нөөц бэлтгэх тоо хэмжээг гаргах ажлыг зохион байгуулж байна. Хаанаас бөөнөөр нь худалдан авах боломж байгааг тодруулахаар ХХААХҮЯ-аас ажиллаж байгаа.