2015 онд Нийслэлийн орон сууцны корпораци нь ОНӨААТҮГ байгуулагдсан. 2018 оноос Хаалттай хувьцаат компани болж өөрчлөгдсөн. Бид өнөөдөр орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцны олон талт хэлбэрийг хөгжүүлж, шинэ суурьшлын бүсийг бий болгон хөгжүүлж, дэд бүтцийг сайжруулан, газар зохион байгуулалтыг сайжруулах, Нийслэлийн орон сууцны ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах, газар зохион байгуулалтыг анхаарч ажиллаж байна. Мөн НОСК-аас хэрэгжүүлж байгаа орон сууцны хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаа иргэдийн мэдээллийг нэгтгэн цахим сан бий болгож, хяналт тавих, Засгийн газраас болон Нийслэл хотоос хэрэгжүүлж байгаа орон сууцны онцгойлсон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар ажиллаж байна. Хамгийн сүүлд л гэхэд цар тахлын хүнд үеийг нуруундаа үүрч яваа төрийн албан хаагчиддаа зориулсан төсөл хэрэгжүүлсэн. Монголбанкнаас 100 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр цар тахлын үед тэргүүн эгнээнд, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдын орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор урьдчилгаа төлбөргүй, 6%-ийн хүүтэй зээлд 1200 иргэнийг хамрууллаа. Нэг талаар эрсдэлт, онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдаа дэмжиж байгаа төдийгүй төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж барилгын салбараа дэмжин борлуулахад бэлэн болсон орон сууцанд хамруулсан. Энэхүү “Ковид-19 цар тахлын голомтод ажилласан төрийн албан хаагчдын орон сууцны төсөл”-ийг Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын онцгой комисс, НЗДТГ хамтран ажиллаж, НОСК зохион байгуулалтыг хангаж ажилласан.
Эхний ээлжинд СХД-ийн Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууц байна. Уг төсөл БНСУ-ын ЭКЗИМ банктай хамтран хэрэгжүүлнэ. Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт хийгдээд эхлэх гэж байна. Мөн СХД-ийн 6-р хороонд Европын Сэргээн босголтын банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 712 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр гэрээ хэлцэл хийгдэж, ТЭЗҮ-ийн боловсруулалтын ажил хийгдэж байна. Удахгүй уг бүтээн байгуулалтын эхний ажил болох 126 айлын түр суурьшуулах байрны барилга угсралтын ажил эхлээд явж байна.
НОСК болон ТОСК нэгдэж Үндэсний хэмжээний корпораци болох санаачилгыг Монгол Улсын Засгийн газраас гарсны дагуу Улсын хэмжээнд бүтээн байгуулалт амжилттай хийгдэх, Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтцийг сайжруулах нөхцөл бүрдэх юм. Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө гарсан. Үүнийг Засгийн газрын хэмжээнд дэмжлэг авч, Залуус 1,2 хороолол, Солонго хороолол 1, 2 хороолол, Баянголын аман дахь орон сууцны хороолол гэх мэт үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой юм.
НОСК нь хэрэгжүүлж буй орон сууцны төсөл, хөтөлбөрүүд Түр суурьшуулах, Түрээсийн орон сууц, Түрээслээд өмчлөх гэсэн 3 хэлбэрээр хэрэгжиж байна.
НОСК байгуулагдсан цагаас хойш дээрх нөхцөлүүдийн дагуу орон сууцанд орох хүсэлтэй маш олон иргэдийн зүгээс хүсэлт ирж байсан. Иргэдийн сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулах зорилгоор Цахим бүртгэлийн санг бий болгосон. Тухайн үеийн сонгон шалгаруулалтаас эрэмбэлэгдсэн иргэдийн дараалал хүчинтэй байгаа бөгөөд уг дарааллаар орон сууцанд хамруулах ажил хийгдэж байгаа. Мөн НОСК-аас НЗДТГ-тай хамтран орон сууцжуулах журам батлагдсан. Уг журмын шалгуурт бүртгэлтэй иргэдийг ангилал тус бүрээр нь шаардлага хангаж буй байдлаар нь эрэмбэлэх заалт тусгасан. Тиймээс энэ дарааллын дагуу төсөл, хөтөлбөрт хамрагдаад явна. Иргэдийн бүртгэл хэвээрээ байгаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд 35058 иргэн бүртгүүлж, сонгон шалгаруулалтад хамрагдсан. Гамшигт, аюулт үзэгдлийн улмаас 116 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 3134, ахмад настан 7166, өрх толгойлсон эцэг, эх 3148, 18 хүртэлх насны буюу түүнээс дээш насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 960 иргэн бүртгэлтэй байна.
НОСК-аас хэрэгжүүлж байгаа төсөлийн хүрээнд орон сууцны сангийн бүрдэлт ямар байхаас их шалтгаалж байна. Төслүүд хэр хурдтай, саадгүй хэрэгжинэ, тэр хэрээрээ иргэдийг орон сууцаар хангах ажил амжилттай явагдана л гэсэн үг. Бидний зүгээс барилгын компаниуд болон гүйцэтгэгчидтэйгээ хамтран орон сууцнуудыг шуурхай ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Буянт-Ухаа 2 хорооллын 974 айлын орон сууцны төсөл үргэлжилж байгаа. Дээр хэлсэн 3 нөхцөлийн дагуу иргэд хамрагдаж байгаагаас гадна газраа байраар сольж байгаа иргэд энэ төсөлд хамрагдаж байгаа юм.
НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж эхлээд 6 сарын хугацаа өнгөрсөн. НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. Уг хороо нь 2021 онд Нийслэл хотод хийгдэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлын төлөвлөгөөг батлаад байна. Өмнө нь Улаанбаатар хотод хийгдсэн бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлын уялдаа холбоо, залгамж байдалтай танилцсан. Мөн Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жилүүдэд хийгдсэн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг хянаж, төсөв санхүү, цаг хугацааны хувьд хэрэгжих боломжгүй болсон нь хэд байна, уриа лоозон, тунхагийн чанартай яваад байна уу гэдгийг шалган хянаж, хэрэгжих боломжгүйг зогсоож, үргэлжлүүлэх боломжтойг нь эрчимжүүлэх санаачилга гарган НИТХ-ын холбогдох хороодоор оруулж, хэлэлцүүлээд явж байна.
Өнгөрсөн хугацаанд цар тахлын үед Нийслэл хотоос нэн шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллан, гаргасан санал, санаачилгын дагуу НЗДТГ-т үүрэг чиглэл өгч, ажлын төлөвлөгөөнд нь тусгуулсан.
Сонгинохайрхан дүүргийн 10 хороонд 2021 онд Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын төлөвлөгөөнд хороо бүрийн иргэд, Засаг дарга нарын саналыг авч батлуулсан. Одоо зарим хороодод эхнээсээ зураг төсөл боловсруулагдаад сонгон шалгаруулалт явагдаад ажил эхэлж байна. Миний сонгогдсон 10 хороонд нийт Нийслэлийн орон нутгийн сангийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр тусгагдсан.
Тухайлбал Иргэний танхимын засвар, автозамын хурд сааруулагч, хүүхдийн тоглоомын талбайн шинэчлэл болон камержуулалт, автомашины зогсоол, чулуун автозам, ус түгээх байр барих гэх мэт иргэдийн тав тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх тохижилтын ажлууд хийгдэхээр тусгагдаад эхнээсээ хийгдээд явж байна. Түүнчлэн СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд Улсын нэгдсэн төсөвт тусгуулсан хөрөнгө оруулалтын дагуу 250 ортой цэцэрлэг барих ажлыг холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, энэ жил ашиглалтад оруулна. Зам засварын ажил хийгдсэн ч улсын комисс хүлээж авааүйгээс болоод замын хажуугийн гэрэлтүүлэг хийгдээгүй байсныг холбогдох байгууллагуудтай хамтран гэрэлтүүлгийг хийхээр болсон. УИХ-ын гишүүн Н.Учралтай хамтран хуучирсан орон сууцнуудын гаднах фасадыг засварлах ажлууд тун удахгүй хийгдэх болно.
Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.