Нийслэлээс 2018 онд Цахим шилжилт төсөл хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn порталыг хэрэглээнд нэвтрүүлж, 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг үе шаттай цахимжуулах ажлыг зохион байгуулсан. Мөн Нийслэлийн цахим үйлчилгээний eservice системийг ашиглан иргэн, хуулийн этгээд төрийн болон нутгийн захиргааны 113 байгууллагын 326 төрлийн үйлчилгээний лавлагаа мэдээлэл буюу үйлчилгээний бүрдэл материал, шат дамжлага, хууль, эрх зүйн актын мэдээллийг авах боломжтой болсон. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар тус системээр дамжуулан 37 мянга гаруй иргэдэд цахим болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.
Мөн QR системийн хувьд ч адилхан хэлбэрээр үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд иргэний үнэмлэхийн кодоор уншуулахад тухайн иргэнийг шууд таних хэлбэрээр Хур системээр дамжуулан иргэдийн мэдээллийг авч байна.
Азийн Сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн нутгийн захиргааны 8 байгууллагын 20 үйлчилгээг 2021 онд нэмж шилжүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн портал emongolia системд өгөхөд бэлэн болж байна. Үүнд:
Нийслэлийн Татварын газар
Нийтийн Тээврийн үйлчилгээний газар
Нийгмийн даатгалын ерөнхий газар
Нийслэлийн цагдаагийн удирдах газар
Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газар
Онцгой байдлын ерөнхий газар
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
Юуны түрүүнд иргэдийг хамгийн ихээр бухимдуулж, чирэгдэл үүсгэж байгаа асуудлыг зохицуулах гэж хичээж байна. Үүнтэй холбоотойгоор дийлэнх ажлыг цахимжуулаад байна. Удахгүй бид нэмж нийслэлийн олон үйлчилгээг цахимжуулж emongolia системд хүлээлгэн өгнө.
Иргэн, хуулийн этгээд өөрт шаардлагатай үйлчилгээг хайлт хэсэг рүү орж сонгох боломжтой учраас бэрхшээл үүсэхгүй. Бид цахим үндэстэн болох том зорилт тавиад түүнийхээ зүг төр, засаг, нийслэл, орон нутаг нэг чиглэлд харж яваа учраас бид зайлшгүй emongolia системийг ашиглах шаардлагатай. Дэлхий дахин ч мэдээллийн технологи, аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлчихсэн. Дэлхий биднээс үүнийг яах аргагүй шаардаж байна. Цар тахлын хөл хорио, халдварын эрсдэл зэргээс үүдэн ЕБС, Их, дээд сургуулийн оюутан, сурагчид цахим орчинд хичээлийн жил, үзэх сурах зүйлсээ авч чадаж байна. Гаднын шилдэг их, дээд сургуулийн боловсролыг эх орондоо байгаа ч цахим орчноор дамжуулан эзэмшиж, дэлхийн боловсролтой болж байгаа олон залуучууд байна. Тиймээс Монгол төрийн иргэндээ үзүүлэх үйлчилгээ цахим хэлбэрт шилжин, нэг порталд орох нь сул тал болохгүй. Ирээдүй биднийг энэ замаар хөтөлж байна шүү дээ.
Бид emongolia системийг хэрэглэхгүйгээр цахим шилжилт хийх тухай ярих боломжгүй. Ядаж л Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрийн хаягийн тодорхойлолтоо энэ системээс төвөггүй авна шүү дээ. Цаашлаад ашиглаж сурснаараа бид хялбар түвшинд асуудлаа шийдэж зохицуулж, ажлаа саадгүй явуулж, төрийн үйлчилгээг дан цахимаар авах юм.
Аливаа ажлын хүрэх үр дүн хэмжигдэхүйц, удирдахуйц байх ёстой. Бүх системдээ нэвтэрснээр маш том дата бааз бий болж байгаа юм. Ингэснээр иргэдийн үйлчилгээ авах хурд нэмэгдэж, удирдах болон хэмжихэд хялбар болж байгаа юм. Дээрээс нь төрийн ой санамж бүрдэж, дараа дараагийн шийдвэр гаргалт сайжрах болно. Мөн бодит цаг хугацаанд хяналт тавих боломжтой болох юм.
Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn систем нь төрийн мэдээлэл солилцооны Хур, танил нэвтрэлтийн Дан системийг ашиглан онлайн хэлбэрээр үйлчилгээ үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх боломжийг хангасан. Үүн дээр тулгуурлаж Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn/ системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Цаашид Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, гэрлэн дохио болон авто зогсоолын ухаалаг систем, нийтийн тээвэр болон такси үйлчилгээ зэрэг хотын бүх үйлчилгээг цахимжуулах чиглэлд ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газартай хамтран хийж байна. Өдөр тутмын төрийн үйлчилгээг хялбаршуулах, богино хугацаанд үр дүнтэй ажиллах, иргэд шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд цахимаар олж авах систем рүү Улаанбаатар хот үе шаттай шилжиж байна.
Танд баярлалаа.