Онцлох мэдээ8 мин унших
2024 оны сонгуулийн тойрог, санал авах өдрийг тогтооно

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.12.20/ хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар, тогтоосугай, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тогтоохоор тогтоолын төсөлд тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүд УИХ-ын сонгуулийг 06 дугаар сарын 28-ны баасан гарагт биш 26-ны Лхагва гарагт явуулбал зохистой гэсэн саналаа илэрхийлээд, гадаад байгаа иргэдийн санал өгөх өдрүүдийг иргэд өөр хот, мужаас ирж саналаа өгөхийг бодолцох, амралтын өдрүүдээр санал өгөх боломжийг олгох нь зүйтэй хэмээсэн. Мөн саналын хуудаст өмнөхөөс олон нэр бичигдэх болохоор иргэд хугацаандаа багтан сонгууль өгч амжихгүй байж мэдэх учир санал авах өдрийг ургасгах боломжтой эсэх, сонгуулийн санал авах машин тэрхүү саналын хуудсыг унших боломжтой эсэх талаар асууж, саналаа илэрхийлсэн.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийг 06 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу пүрэв гарагт эхлээд даваа гарагт хуульд заасны дагуу дөрвөн өдөр үргэжлээд дуусахаар, УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 06 дугаар сарын 26-ны өдөр байхаар тооцож санал өгсөн хэмээн хариулсан. 06 дугаар сарын 26-ны лхагва гараг гэж тооцсоны учир нь баасан гарагт сонгуулийн санал авахаар бүх нийтийн амралтын өдөр болговол сонгуулийн санал өгөх өдрийг аялал зугаалгын өдөр болгох вий гэж болгоомжилсных хэмээн тодотгосон.
Санал авах хуудаст олон нэр бичигдэх тул сонгогчид саналаа өгөхдөө ойлгохгүй байх зэрэг хүндрэл үүсэх ийм магадлалтай. Тийм учраас саналаа хэрхэн өгөх арга, зөвлөмжүүдийг өгөх ажлыг сайн зохион байгуулна гэж СЕХ-ны дарга нэмж хариулаад, санал тоолох техникийн хувьд асуудалгүй, бүгд бэлэн болсон хэмээсэн. Иргэдийн санал өгөх хугацаа бага зэрэг уртасна гэж тооцоод олон сонгогчидтой хэсгүүдийн хороодод хоёр төхөөрөмжийг зэрэг тавьж ажиллуулна гэж тооцож байгаа гэлээ.
Эцэст нь тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тогтоолын төсөлд тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. УИХ-ын гишүүд сонгуулийн санал хураалтын хяналтын тооллогын талаар, санал авах төхөөрөмжийн програм хангамжийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай болон саналын хуудаст намуудын нэрсийг ямар дарааллаар бичихийг тодруулж байлаа.
СЕХ-ны дарга, гишүүдийн хариулснаар, Санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийн хяналтыг хийдэг ажлын хэсэгт нь тагнуул, цагдаагийн байгууллагуудаас хүмүүс оролцохоос гадна тоног төхөөрөмжүүд тусгай хамгаалалтад байдаг аж. Сонгуулийн өмнө, дараа нь тагнуул, цагдаа, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, ялангуяа сонгуулийн өмнө туршилт хийн гадна дотны нөлөө байна уу гэдгийг шалгаж баталгаажуулдаг журамтай гэлээ.
Мөн өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар намын нэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар, хэрвээ эвсэл болж орох бол эвсэлд байгаа намуудаас хамгийн түрүүнд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг харгалзаж саналын хуудас дээрээ бичнэ гэсэн зохицуулалтаар явна хэмээсэн.
УИХ-ын гишүүд асууж, үг хэсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр тогтоолын төслийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог байгуулах бөгөөд ийнхүү тойрог байгуулахдаа тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоохоор заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаСэтгүүлч Soko
