Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчилнэ
2024.03.04

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчилнэ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулсан.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2024.03.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар:

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг анх 1997 онд 36 зүйлтэйгээр баталсан бөгөөд 2005-2024 онд нийт 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хууль батлагдсанаас хойших хугацаанд зарим нэмэлт, өөрчлөлт орсныг эс тооцвол Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй иржээ. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 9 бүлэг, 58 зүйлтэйгээр шинэчлэн боловсруулсан байна.

Хуулийн төсөлд,

-Хууль тогтоомжоор Цэцийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга замыг хэт явцууруулснаас болж, тодорхой тохиолдолд иргэний үндсэн эрх зөрчигдсөн тухай өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдээгүй гэж үздэг. Иргэдийн үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэхгүйгээс Монголд үндсэн эрх ноцтой зөрчигдөж, эдгээр зөрчил Үндсэн хуулийг хэрэглэж шийдвэрлэгдэж чаддаггүй. Иймд, иргэн эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасны дараа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн хэвээр байна гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргах боломжийг тусгасан байна.

-Цэц нь Үндсэн хуулийн шүүх болохын хувьд хянан шийдвэрлэх маргааны агуулгыг “хамаарлын зарчмын” хүрээнд томьёолж, маргаан хянан шийдвэрлэх зарчмыг тусгайлан зохицуулжээ. Ингэснээр Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зарчим, холбогдох асуудлыг ердийн шүүхийн жишиг, олон улсын сайн туршлагад нийцүүлэх бөгөөд өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавих шаардлага, хүрээ хязгаарыг тогтоож, өөрийн үндсэн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар Цэцэд хандах боломжгүй байх, түүнчлэн шаардлага, шалгуурыг тодорхой зохицуулсан онцлогтой аж.

-Иргэд, эрх бүхий этгээдээс Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавигдах шаардлага, хүлээн авахаас татгалзах үндэслэл, маргааныг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг тодорхой болгож тусгажээ.

-1997 оны ҮХЦМХШАтХ-д маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилох, өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцийн гишүүнд хуваарилах, бүрэлдэхүүнийг томилох асуудлыг Цэцийн дарга шийдвэрлэхээр хуульчилсныг халж, энэ харилцааг олон улсын сайн туршлага болон Шүүхийн тухай хууль (2021)-д тусгасан дэвшилтэд зохицуулалтад нийцүүлэн боловсруулсан байна.

-Маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулах, түүнчлэн Цэцийн хяналтын онцлогтой уялдуулан маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг зонхилон бичгэн хэлбэрээр явуулах, зарим тохиолдолд маргааныг зөвхөн зөвлөлдөөнөөр шийдвэрлэх боломжтой болсноор онолын шүүх болох нөхцөл хангагдана гэж төсөл санаачлагчид үзэж байна.