Б.ХУЯГБААТАР:

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХЭДИЙГЭЭР АЛСЛАГДМАЛ Ч ХӨГЖИХ ХАМГИЙН БОЛОМЖТОЙ


7 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Б.ХУЯГБААТАР: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХЭДИЙГЭЭР АЛСЛАГДМАЛ Ч ХӨГЖИХ ХАМГИЙН БОЛОМЖТОЙ
Б.Хуягбаатар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатартай тус дүүргийн хөгжил, цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе.

-Та СХД-ийн Засаг даргын ажлыг аваад удаагүй байна. Ямар хүн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар сонгогдов гэдгийг зарим хүмүүс мэдэхийг хүсч байгаа.  Таны тухай яриагаа эхэлбэл ямар вэ?

- Намайг Батчулууны Хуягбаатар гэдэг. ХААИС-ийг экологич мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр дүүргэсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Налайх дүүргээс ажлынхаа гарааг 2007 оноос эхэлж байлаа. Налайх дүүргийн  Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч,  УИХ-ын гишүүний бие төлөөлөгч,  Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газрын мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар дөрвөн жил ажиллаад сая тус дүүргийн Засаг даргын ажлыг хүлээж аваад байна.

-Таныг Сонгинохайрхан дүүргийнхэн андахгүй юм билээ. Ингэхэд та хэдэн оноос тус дүүрэгтэй ажил, амьдралаа холбов оо?

-2013 оноос эхлэн Сонгинохайрхан дүүрэгтээ ажиллаж байна. Мэргэжилтнээс нь эхлээд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга хүртэл доод түвшнээс дүүрэг удирдах хүртэл дэвшин ажиллаж байна.

-Тэгэхээр СХД бол маш том дүүрэг. Энэ хэрээр асуудал нь дуусахгүй. Та ажлаа хүлээж аваад 2 сар  болжээ. Ажлаа юунаас эхлэв. Яг одоо юун дээр төвлөрч байна  вэ?

- Сонгинохайрхан дүүрэг бол хамгийн их хүн амтай гэдгээрээ онцлогтой. Дөрвөн аймгийн хүн амтай дүйцэхүйц эл дүүрэгт 350 мянга орчим хүн оршин сууж байна. Хүн амынхаа хэрээр асуудал нь дундардаггүй шийдэл хайдаг дүүрэг. Тиймээс энэ хариуцлагатай ажлыг хүлээж аваад хороодоос ажлаа эхэлсэн. Хаана ямар ажил, бүтээн байгуулалт хийхээр байна вэ гэдгийг газар дээр нь очиж танилцан иргэдтэй уулзаж асуудлыг богино хугацаанд шийдэхийг хичээн ажиллаж  байна. Дүүргийн Иргэдийн хурлын дарга бол асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахад анхаарч ажилладаг бол Засаг дарга бүхэл бүтэн нэг айлын аж ахуй, гал тогоог удирдан зохион байгуулдаг гэдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл  бүх үйл ажиллагааг цогцоор нь шийдэх, гажуудлыг засах бүтэц гэдгээрээ онцлогтой юм. Тиймээс иргэдийн амьдрах орчноос эхлээд дэд бүтэц, эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн хүртээмж, аюулгүй байдал,  төрийн үйлчилгээг шуурхай хүргэх гээд маш олон ажлыг оновчтой удирдан зохион байгуулахад анхаарч байна. Өглөөнөөс үдэш хүртэл ажиллахад цаг хүрэлцэхгүй байна. Дарга гэдэг бол захирах бус асуудлыг харж гажуудлыг засах, ажлыг урагшлуулах хүн юм. Тэр ч утгаараа иргэдийг хүлээж авах өдөр гэж тусгай цаг гаргахгүйгээр бүхий л өдөрт боломжоороо хүлээн авч, асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна. Яг одоо  улс, нийслэл, дүүргийн санхүүжилтээр өрнөж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж, Засаг даргын хэмжээнд шийдэж болохуйц ажлуудыг урагшлуулахад төвлөрч байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахад анхааран ажиллаж байна.

- Сонгинохайрхан дүүрэг яг хэчнээн хороотой вэ. Нэлээн хэдэн үйлдвэрүүд байдаг шиг санагдаж байна?

- Нийслэлийн нийт хүн амын 22.8 хувь, орон сууцны хорооллын 27.1 хувь, гэр хорооллын 72.9 хувь нь манай  дүүрэгт бий. Засаг захиргааны анхан шатны нэгж 43 хороотой. Орон сууцны 12 хороо, гэр хорооллын 22 хороо, холимог 9 хороотой. Нийт 95895 өрхтэй. Сонгинохайрхан дүүрэгт нийт үйл ажиллагаа явуулж буй 25 865 аж ахуйн нэгж, байгууллага байгаагаас улсын хэмжээний томоохон “Сүү” ХХК, “Талх чихэр” ХХК, “Алтан тариа” ХХК, “Мах импекс” ХХК, “Тесо” ХХК, “Милл хаус” ХХК, “Арвайн үндэс” ХХК, барилгын материалын “Хангай” зах, тоосгоны үйлдвэр болон хүнс худалдаа, үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг.

-Танай дүүрэгт өнгөрсөн жилүүдэд нэлээн бүтээн байгуулалтууд өрнөх шиг болсон. Одоо яг  ямар бүтээн байгуулалтууд өрнөж байгаа вэ?

- Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил. Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга, дүүргийн удирдлагууд, албан хаагчид гээд багийн ажлын үр дүнд богино хугацаанд томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн. Тодруулбал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд СХД хөгжлийн дүүрэг болох зорилтыг тодорхойлон ажилласан бөгөөд 2020-2024 онд нийт 481 тэрбум төгрөгийн  380 бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдсэнээрээ иргэдийн талархлыг хүлээсэн. Үүнээс дурдвал Улсын Хүүхэд, залуучуудын театр, 200 ор бүхий дөрвөн давхар олон улсын стандартад нийцсэн дүүргийннэгдсэн эмнэлэг,Баянхошуу салбар амбулаторийн өргөтгөлийг нэрлэж болно. Одоо өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын тухайд Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийг Гэмтлийн эмнэлгийн авто замтай холбох гүүрэн байгууламжтай анхны зургаан эгнээтэй авто зам хийгдэж байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт  14 хороог дамнасан 44,9 км далан шуудуу хийхээр төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 11, 32, Толгойт дэд төвд 7,3 км үерийн далан хийгдэж байна.  2024 онд СХД-т шинээр 51.1 км автозам  нэмэгдэж 265.1 км хатуу хучилттай авто замтай боллоо. Цаашид 28 байршилд буюу 17 хорооны нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 22,4 км авто зам тавихаар төлөвлөн ажиллаж байна. Мөн 9  хороонд явган хүний зам, авто замын байгууламж, авто зогсоолыг 9 хороонд  шинээр тавив. Сагсанбөмбөгийн талбайг 18, 27, 28, 38 дугаар хороонд Нийтийн эзэмшлийн гадна талбайн тохижилтыг 2,7,8,13,14,16,18,22,23,28,31 дүгээр хороонд хийж гүйцэтгэлээ.

- Нээрэн танай дүүрэгт өвлийн спортын ордон баригдана гэсэн. Хэдий хугацаанд барьж дуусгах вэ?  

-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвлийн спортын ордны барилгын ажил эхлээд явж байна. Өвлийн спортын ордны барилга нь 3 блок, 5300 мКВ талбай бүхий 2 давхар зоорьтой цогцолбор байх бөгөөд барилга угсралтын ажлыг “Total ideal” констракшн гүйцэтгэх бөгөөд 2025 онд багтаан дуусгахаар төлөвлөөд байна. Энэ бүтээн байгуулалт хийгдсэнээр өвлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучууд, цаашлаад өвлийн олимпод оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх боломж бүрдэнэ.

-Дүүргийн Засаг даргын хувьд маш их ажилтай санагддаг. Хог, зам арчлалт, иргэдийн аюулгүй байдлаас эхлээд сургууль, цэцэрлэгийн асуудал гээд бүх зүйлд төвлөрдөг. Энэ их ажлыг яаж амжуулж байна вэ?

-Дүүрэг их ажилтай. 350 мянган хүний төлөө өглөө бүр санаа зовнин босч ирдэг. Энэ бүхэнд хүрэлцэхийн тулд баг хамт олонтойгоо нягтарч, чиглэл өгч зангидан ажиллаж байна. Яг үнэндээ дүүргийн ажлыг  амжуулахад 7 хоног ч багадаж байна. Өглөө ажилдаа явах замдаа хаана юу хийгдэхээр байна вэ гэдгийг ажиглаж доголдолтой байгаа зүйлийг холбогдох албаныханд чиглэл өгөх, үер устай үед газар дээр нь очиж ажиллахаас эхлээд цаг нартай уралдан ажиллаж байна.

-СХД хөгжлийн дүүрэг болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа гэж та дээр дурдлаа. Гэр хороолол ихтэй дүүргийг хөгжүүлнэ гэдэг нэлээн цаг хугацаа шаардана. Эл дүүргийн хөгжлийн гол хөшүүрэг нь юу вэ?

-Хөгжлийн гол хөшүүрэг нь хүн өөрөө гэж боддог. Дэд бүтэц талаас нь мэдээж улс, хот, дүүрэг анхаарч, иргэдээ ая тухтай амьдруулахын төлөө бодлогоор авч явна. Харин иргэдийн зүгээс оршин сууж байгаа орчиндоо хог хаяхгүй байхаас эхлээд үүргээ маш сайн ухамсарлаж, төр иргэн хоёрын шүтэлцээ бий болсон цагт хөгжил ирнэ. Монгол Улсын Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд СХД хөгжлийн дүүрэг болох зорилтыг тодорхойлон ажиллаж байна. Төрийн бодлогоор, тодорхой стандартын хүрээнд  хэд, хэдэн хөгжлийн төслүүд хэрэгжих суурь бэлэн болсон. Тухайлбал 20 минутын хот концепцид суурилан дүүргийн захад амьдарч байгаа иргэн төрийн үйлчилгээг заавал хотын төв явахгүйгээр дэргэдээсээ авах боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл иргэн 20 минутын дотор хүссэн бүх үйлчилгээгээ дүүргээсээ авдаг болно гэсэн үг. Ингэснээр түгжрэл буурах, нийгмийн стресс багасахаас эхлээд маш олон үр дүн гарах юм. Түүнчлэн хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлыг бууруулах хүрээнд амьдрах орчин, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ, бизнесийн боломжийг нэгдсэн байдлаар төлөвлөсөн дэд төвийг хөгжүүлэх төсөл дүүргүүдэд хэрэгжиж байгаа. Дэд төвд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, барилга орон сууц, үйлчилгээний төвүүд гээд цогц шийдлийг бий болгох юм. Тухайлбал манай дүүрэгт хэрэгжиж буй Баянхошуу дэд төв нь  нийт 162 га газарт авто зам, үерийн далан, цэцэрлэг, спорт цогцолбор, бизнес инкубатор, сургалтын төв, эрүүл мэндийн төв, дэд станц болон инженерийн дэд бүтцийн шийдэлтэйгээр хийсэн. Толгойт дэд төвийн бүтээн байгуулалт  39 хувьтай үргэлжилж байна. Тус дэд төвийн бүтээн байгуулалт нийт 149,8 га талбайд хийгдэх бөгөөд 5276 айлын орон сууц барих юм.

- Танай дүүргийн хэмжээнд хэчнээн сургууль цэцэрлэг байгаа вэ. Энэ жил шинээр баригдсан сургууль, цэцэрлэг бий юу?

-Дүүргийн хэмжээнд  өнгөрсөн дөрвөн жилд нийт 7 шинэ сургууль, 1 сургуулийн өргөтгөл шинээр баригдаж 5691 хүүхдийн суудлаар нэмэгдсэн.  2024-2025 оны хичээлийн жилд 10 дугаар хорооны 169-р бага сургууль ашиглалтад орох юм. Харин 31,20,28,30,32 дугаар хороодод бага болон бүрэн дунд сургууль, 76,62 дугаар сургуулийн өргөтгөл баригдаж байна. Мөн 24,21,33,7,8 дугаар хороонд баригдаж буй бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын гүйцэтгэл 54 хувьтай үргэлжилж байна. Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн жилийн хугацаанд 25 цэцэрлэг ашиглалтад орсон. Энэ хичээлийн жилд 22, 25, 6 дугаар хороонд 515 хүүхдийн ортой цэцэрлэг, 107-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орно. Мөн манай дүүрэгт 150-240 хүүхдийн хүчин чадалтай 9 цэцэрлэг баригдаж байна. Одоогийн байдлаар 31-р хорооны 176-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэл 90 хувьтай явж байна.

-Сонгинохайрхан дүүргийн баруун тийшээ урсгалд нэлээн түгжрэл үүсдэг. Түгжрэлийг бууруулахад ямар арга хэмжээ авч байна вэ?

-Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийж байгаа Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын доогуур байгуулж буй нүхэн гарцын үндсэн бүтээц ажлууд дуусаж  нүхэн гарц ашиглалтад ороод байна.

Энэ нь Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн нүхэн гарцаас хамгийн том нь бөгөөд 4 тунелтэй. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор Улаанбаатар хотоос баруун зүгт гарах автомашины  урсгал саадгүй болж түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдлээ. Мөн Улаанбаатар төмөр замын зорчих хөдөлгөөний урсгал нэмэгдэж авто замын сүлжээтэй давхцахгүй болов.

-Улсын төсвөөс татаас авч байсан СХД төсөвт мөнгө төвлөрүүлдэг болсон. Энэ хэчнээн төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ?

-2020 онд 12.0 тэрбум төгрөг, 2021 онд 10.1 тэрбум төгрөгийг тус, тус Нийслэлийн төсвөөс дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг болгон авч байсан бол 2022 онд 5.4 тэрбум төгрөг, 2023 онд 10.3 тэрбум төгрөгийг дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллалаа. 2024 онд 36.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

-Сонгинохайрхан дүүргийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Сонгинохайрхан дүүрэг хэдийгээр алслагдмал ч хөгжих хамгийн боломжтой дүүрэг. Манай дүүрэгт сүүлийн 4 жилд маш олон бүтээн байгуулалтууд өрнөлөө. Баянхошуу, Толгойт дэд төвүүдийн ажил нэлээн урагштай явж байна. Зам харгуй сайжирч түгжрэлийг бууруулах нүхэн гарцууд эхнээсээ ашиглалтад орлоо. Мега төсөл болох метроны 3 буудал манай дүүрэгт хийгдэх зураг төсөл гарсан. 21 дүгээр хороонд Агросити хот төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Энэ хүрээнд хүлэмжийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар нийслэлийн хүнсний асуудлыг цогцоор нь шийдэхээр эхний зураглал гарсан гээд Сонгинохайрхан дүүргийн ирээдүй гэрэлтэй байна.