БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!
Монгол Улс төрт ёсны олон мянган зуунаар өртөөлсөн их өв уламжлалтай. Хүчирхэг явж, их түүхийг бүтээлцсэн агуу өвөг дээдэстэй. Энэ бүхэн бол МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БАХАРХАЛ билээ. Тэртээ XIII зуунаас “Их засаг” хууль, “Алтан хааны цааз”, “Монгол, Ойрадын Их цааз”, “Халх журам” зэргийг дагаж мөрдөж байсан нь дээрээ төртэй дэргэдээ хууль цаазтай явсны БАХАРХАЛТ ТҮҮХ билээ.
Түүнчлэн “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг“, “Тангаргийн гэрээ”, “Улсын түр цагийн хурлын дүрэм”, “Засгийн газрын төлөөлөгчийн дүрэм”, “Монголын олон засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм”, “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм” зэрэг Үндсэн хуулийн шинжтэй эрх зүйн актууд байсан нь өнөө цагийн Үндсэн хуульт ёс үүсэж хөгжих эх суурь тавигдсан юм.
Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэл хүрээнд эхэлж, Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон Ардын цэргийн ангиудаас 77 төлөөлөгч оролцсон түүхтэй. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ. Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудаст “Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 дүгээр сарын 26-ны өдрийн 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээжээ.
Анхны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэжээ.
Анхдугаар Үндсэн хуулийн утга санааг түмэн олонд ойлгуулахад онцгойлон анхаарч, Үндсэн хуулийг зүйл, заалтаар нь тайлбарласан тусгай дэвтэр хэвлүүлэн нийтээр зарлан тараах, албан газруудад ил тавьж үзүүлэх, сургууль, цэргийн ангиудад зааварлан сургах зэрэг ухуулгын олон ажлыг хийж байжээ.
БНМАУ Анхны үндсэн хуулиа 16 жил дагаж мөрдсөн билээ.
Монгол Улс ийнхүү Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ цагаас эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт, шинэчлэлт гарсан билээ. Улс орны хувь заяатай холбоотой чухал асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг гэдгийг онцлон тэмдэглэе.
МОНГОЛ УЛС ийнхүү түүхэндээ:
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан