УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.13/ чуулганы өнөөдрийн хуралдаан 50,7 хувийн ирцтэй эхэлж, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Онцгой дэглэм тогтоосон хугацаанд ямар эерэг өөрчлөлт гарсан бэ? 2 зүйл бий. 1. 2012-2016 онд Засгийн эрх барьж байсан хүмүүс хууль зөрчиж Эрдэнэтийн 49%-ийг өөрийн мэдэлд авсан. 2. 51%-тай холбоотой Стандарт банкинд Монголын тал асар их хэмжээний өртэй болсон. Энэ 2 асуудал шийдэгдэхэд ямар онцгой дэглэм тогтоосон хугацаанд ямар ахиц гарсан бэ? Онцгой дэглэм тогтоосноор тэнд зарим үйл ажиллагаа ил тод биш ялангуяа бараа, ажил үйлчилгээ худалдан авах асуудал дээр харин ч хаалттай байгаа тухай асуудал гарсан. Хүн бүрийг л Эрдэнэттэй холбоотойгоор харддаг болсон. Хэн хэн холбоотой вэ гэдгийг ил тод зарлачихаж болдоггүй юм уу? Тэнд дандаа эрх мэдэлтэй байсан хүмүүс л холбогддог шүү дээ. Цаашид 6 сараар онцгой дэглэмийг сунгалаа гэхэд яг ямар ажил хийх гээд байгаа юм бэ?" Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариуллаа. "Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ хуралдаж чадахгүй, Сингапурын компани болохоор нөхцөл байдал үүссэн. Мөн УИХ-ын 23-р тогтоол хэрэгжих боломжгүй болсон учраас онцгой дэглэм хуулийн дагуу тогтоосон. Олон асуудал байсан нь шалгалтаар тогтоон шүүхийн шатанд очиж байгаа. Мөнгө угаалттай холбоотой олон албан тушаалтны хэрэг ч шүүхэд очих шатандаа явж байна."