Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/ “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хамтарч ажиллаж чадахгүй бол ажилаа өгцгөө. Хамтарч ажиллана, Монгол төрийн төлөө ажиллана, улс орны эрх ашгийг дээдлэж ажиллана гэж та нар бүгдээрээ зэрэгцэж зогсож байгаад тангараг өргөсөн. Цаашдаа байнгын хороон дээр зөвхөн СЕХ-ны даргын байр суурийг сонсоно. Бид нар энэ хар муу машинаар УИХ-ын гурван удаагийн сонгууль, Ерөнхийлөгчийн хоёр удаагийн сонгууль хийсэн. 2012, 2016 онд бид нар аймаг, УИХ-ын сонгуулийг хамтад нь энэ машинаар хийсэн. Дөнгөж сая болоод өнгөрсөн сонгууль. Орон нутгийн сонгуулийг аймгийн ИХТ, сумын ИХТ хамт нэр дэвшигч нар гарч байгаа. Нийт 15.720 хүний нэр жагсаагдаад 7000 хүн энэ хар машинаар аймаг, сумын төлөөлөгч болж байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгууль дээр хоёр, гурван хүний нэр байна байх. УИХ дээр дөрөв, таван хүний нэр байна байх. Нэг хуудсан дээр хоёр сонгуульд нэг, нэг хүний нэрийг дугуйлчих боломж наад машин дээр чинь хангалттай байгаа. Өнөөдөр бид ковидийн үед нэг ч төгрөг Монголын ард түмэнд үнэ цэнэтэй. Гэтэл бид нар 900 сая төгрөгний зөрүүтэй сонгууль хийх гээд сууж байж болохгүй. Тэрбум төгрөг гэдэг бол үнэтэй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Хан-Уул дүүрэг гэдэг бол Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг. Энэ дүүргийн ард түмний эрх ашгийг хүндэтгэж үзэх ёстой. Бүтэн нэг жилийн дотор төлөөлөлгүй явуулах үндэслэл гаргах гээд байж байна. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. УИХ хууль зөрчиж болохгүй. Өнөөдөр тогтоолоо батлаад Д.Тогтохсүрэн гишүүний гаргасан Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг нэг сард УИХ дээр зарлана. Тэр тов зарлахдаа магадгүй Их хурлын сонгуулиа нэг өдөр үү эсвэл дараа нь уу гэдэг хувилбараар санал хураалт хийгээд явуулъя.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/ “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Хуулиараа 50 хоногийн дотор гээд нөгөөдөр бараг хугацаа нь дуусаж байгаа. Энэ зургаан сар, арван сар гэсэн хоёр хугацаатай. Энэ бол ахиад нэгдүгээр сард яригдах асуудал. Одоо бол хамт явуулъя гэдэг шийдвэр гаргачих хэрэгтэй. 50 хоног дотор УИХ хууль зөрчиж болохгүй. Нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуулийг товлох юм. Тэгэхдээ энэ тогтоолоо авч үзэж болох юм. Тийм учраас би ямар санал гаргах гэж байна гэхээр энэ тогтоолоо үүгээр нь явуулчихъя. Энэ хооронд СЕХ, Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох газрууд саяны гишүүдийн яриад байгаа техникийн болон бусад зүйлсийг бүгдийг нь тооцоод үзчих. Тэгээд нэг сард болохгүй бол зарим гишүүдийн ярьж байгаагаар арван сард болгож болох юм. Тийм учраас бид нар хууль зөрчихгүйн тулд өнөөдөр энэ шийдвэрээ гаргаад явах ёстой. Харин нэгдүгээр сард бид дахиад ярих боломж гараад ирж байгаа юм. Тийм учраас бүгдээрээ энэ саналаа дэмжээд явъя.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/ “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хар машинтай холбоотой асуудал дээр Ж.Батсуурь гишүүний ярьж байгаатай санал нэг байна. Бид олон сонгууль явууллаа. Олон ч удаа ялж, ялагдаж үзлээ. Энд хардаж сэрдээд яриад байх шаардлага байхгүй. Итгэдэггүй бол 100 хувь гараар тоолж болно. СЕХ сонгуулийг удаа дараа амжилттай зохион байгуулж харьцангуй туршлагатай болж байгаа. Одоо шинээр томилогдсон удирдлагууд харьцангуй сонгуулиа сайн зохион байгуулж байгаа гэж найдаж байгаа. Хамгийн гол нь асуудал юу байна гэхээр бид нар дутуу дулимаг шийдвэр гаргах гээд байна. Сонгуулийг хамт эсвэл тусад нь явуулж болно. Гэхдээ өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ, СЕХ байр сууриа нэгтгэж, ойлголтын зөрүүг алга болгож, тодорхой тооцоо судалгаа, хууль зүйн үндэслэл зэргийг харж эрсдэлийг тооцож байж шийдвэр гаргах ёстой. Нэг нь заавал хамт хийнэ гээд түрээд хийчихдэг. Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж гишүүн нарын үгнээс тусад нь хэлэх санаа авч байна гэж ойлгож байна. Тэгээд олонхоороо түрээд хамтад хийчихсэн. Тэгэнгүүт нь сонгууль будлиантай боллоо гээд асуудал үүсдэг. СЕХ тэр үед бид нар тусад нь хийх нь зүйтэй гэж олон хэлсэн боловч УИХ хүчиндээд шийдвэрээ гаргасан. Нэгэнт УИХ-аас гаргасан хууль учраас бид биелүүлэхээс өөр аргагүй байсан. Ийм тайлбар, шалтаг хэлээд сууж байдаг. Ийм юм болчих юм биш үү. Тиймээс сайн судалж, эргээд ярьж болдоггүй юм уу? 50 хоног сууж болсон юм ганц хоёрхон өдөр СЕХ, Төрийн байгуулалтын байнгын хороо, холбогдох Тамгын газрынхан суугаад бүх тооцоо судалгааг тал талаас нь хийгээд эргэж орж болохгүй юу? Өөрөөр хэлбэл, ганц, хоёр өдөр, бүр болохгүй бол ганц, хоёр цаг хойшлуулж болохгүй юу? Тэгэхгүйгээр бодлого гээд хаанаа, хэнтэй бодлого ярьсан байдаг юм. Би тийм бодлого мэдэхгүй. Нэг нь хүч түрж байгаа юм шиг, нөгөө дөх нь хүчиндүүлж байгаа юм шиг явмааргүй байна. Үндэслэлтэй тооцоо судалгаатай юм яримаар байна. Ингэж байж наад асуудлаа шийдэх хэрэгтэй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/ “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Гишүүдээ СЕХ сонгууль сайн зохион байгуулж байгаа. Би яг одоо энэ бүрэлдэхүүнийг хэлээгүй үүний өмнөх бүрэлдэхүүнийг хэлж байна. Хэрүүлгүй сонгууль явагдаа л үндсэн дүнгээ гаргаад төрийн байгууллагууд ажлаа хийж байгаа. СЕХ сонгууль будлиулаад байгаа маягтай юм ярьж хэрэггүй байх. Сонгуулийн автомат тооллын машин сайн ажиллаж байгаа. Бид нар олон удаа ялж, ялагдаж ч үзлээ. Гар тооллого хийгээд нэг ч зөрүүгүй гараад байгаа. Заавал Iphone-5, 12 гэж яриад байна л даа. Яс юман дээрээ Iphone-5 чинь сайн байж мэднэ шүү. Үүн дээр мэргэжлийн хүмүүс үгээ хэлнэ биз. СЕХ, машин хоёрыг буруутгах юм байхгүй. Харин миний гайхаад байгаа юм СЕХ-хон бичгээ ирүүлчихээд хамт хийчүүл ер нь болохгүй юм шиг аман дотроо бувтнаад тодорхой хэлэхгүй байна. Орон нутгийн сонгууль дээр нэг саналын хуудсан дээр дээд талд нь аймгийнх, доод талд сумын төлөөлөлд нэр дэвшиж байгаа хүмүүс хамт орж байгаа. Нэг цаасан дээр бичээд оруулсан саналын хуудсыг чинь хэрүүлгүй уншаад гаргачихаж байгаа биз дээ. Яг тэрэнтэй адилхан юм болно. СХД ганцхан тойрог дээр. Дээр нь Ерөнхийлөгчийн нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрс орно. Доод талд нь Их хуралд нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэр гарна. Тэгээд л дүн гарна. Орон нутаг яг л тийм санал хураалт явсан хэрүүл гараагүй биз дээ. Машин дээр асуудал үүсээгүй. Бид хуулиараа шахагдсан учраас 50 хоногийн дотор зарлах хэрэгтэй. Зарлахгүй бол хоёрхон арга байгаа. Хуулиараа нөхөн сонгуулийг хавар эсвэл намар хийнэ. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийхгүй бол 28-р тойрог дээр 10,11-р сард сонгууль хийж таарна. Тэгээд СХД бүтэн жил төлөөлөл дутуу яваад байж болохгүй. Мөнгөний асуудал байна. Бага биш мөнгө ярьж байна. СЕХ саналаа бичгээр өгчихөөд Байнгын хороон дээр орж ирээд гишүүд асуулт асуухаар өөр юм яриад, өөрсдийнхөө ажлыг ч харлуулаад, Их хурлыг ч эвгүй харагдуулаад байна. Болох гэж байгаа сонгуулийн үр дүнг ч болоогүй байхад нь эргэлзээнд оруулах ийм юм ярьж боломгүй байна. Шинэ дарга нар анхаараарай. Машинаа сайжруулах санал оруулж ирж болно. Гэхдээ энэ бол мөнгөтэй холбоотой асуудал. Шинэ технологи бүхэн сайн байна гэсэн үг биш шүү.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/ “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 50 хоногийн дотор зарлах ёстой учраас хуулийн хугацаандаа зарлаад явах нь зөв байхаа. Дараа нь тийм шаардлагууд үүсвэл өөрчилж болно л доо. Ер нь урьд өмнө асуудал үүсээд байсан учраас 50 хоногийг яагаад тогтоосон бэ гэхээр нас барсан хүмүүсээ хүндэтгэх үүднээс үүдэлтэй юм. 49 хоног нь дуусаагүй байхад юу юугүй зарлаад байдаг байсан. Ийм л асуудалтай холбогдож 50 хоногийг хийсэн. Оройтож орж ирж байгаатай асуудал дээр төсөв, орон нутгийн сонгууль гээд Их хурал дээр хэзээ орж ирсэн юм байгаа юм. Ер нь анхаарах асуудал л даа. Арай өмнө нь шийдэж болох л асуудал. Сонгуулийн автомат машины тухай яригдаад байдаг юм. Сонгуулийн автоматчилсан системийн хуулийн төслийн санаачлагч буюу батлуулагч нь би өөрөө юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа "Доминион Рөүтэн" компанийг манай байнгын хорооны гишүүд дэмжиж шалгаруулж байсан. Сая АНУ-д энэ компани санал хураалт явуулсан. АНУ-д гурван шатны тогтолцоо байгаа. Хууль зүйн яамных нь хажууд байдаг Сонгуулийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Холбооны тагнан мөрдөх товчоо, Тагнуулын ерөнхий газар тэгээд өөр бас хяналтууд байгаа. Тэрүүгээр ороод ороод янз бүрийн бичлэг тавиад байдаг. Энэ систем дээр ямар ч алдаатай луйвар гаргасан юм байдаггүй. Тийм юм байдаг бол АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампад тусалмаар байгаа юм. Тэр чардайтал ажиллаад санал хураалтын системээс яг бодитой баримт гаргаж ирж чадахгүй байгаа. Америкийн хяналтын систем бие биедээ захирагддаггүй. Тэд нар шалгаж байгаа. Нэг тийм тохиолдол бий. Youtube дээр зарим байгууллагын хүмүүсийн олон жилийн өмнө боловсронгуй болсон бичлэгүүд яваад байдаг. Тэрийг гаргаж ирээд эргэлзээд байдаг. Хяналтын тооллого хийх нь зөв. Хоёр шаттай санал хураалтаар явахаар аль нь үндсэн дүн юм бэ гэдэг асуудал гардаг. Зарим үед маргаан үүсгэх шалтгаан болдог. Анхдагч юм нь машинаас гарах ёстой. Дараагийн юм нь бол яг анхдагч үндсэн дүн байх ёсгүй. Итгэлцэл бэхжүүлж, баталгаажуулах асуудал байна. Сонгуулийн автомат системээр гурван орон нутаг, гурван их хурал, хоёр Ерөнхийлөгчийн сонгууль явчихаад байна. Би ч гэсэн үүгээр сонгуульд сонгогдохгүй байж үзсэн. Энэ асуудал дээр эргэлздэг бол Америкийн компани дээр яг энэ санал хураалтын системийг ашигласан шүү. Доналд Трамп багаа ажиллуулж гарч байгаа. Америкийн мужууд өөрсдөө сонгуулийн дүнгээ баталгаажуулдаг. Няцаагдаад няцаагдаад явж байгаа гэж яригдаад байдаг учраас олон нийтэд хэлье. Энэ системийг оруулж ирснээр янз бүрээр баалсан явдал бий. Цаг хугацаагаар шалгагддаг. Цаашаа энэ технологийг сайжруулах ёстой. Монголд энэ талаар ахиц гарч байгаа. Гараар тоолъё гэдэг нөхдүүд ойлгох ёстой. 2008 оны 7-р сарын 1-ны эмгэнэлт явдлын нэг нь сонгуулийн тогтолцоотой холбоотой. Нөгөө дөх нь гар тооллоготой холбоотой байсан шүү. Аль ч нам өөрсдийнхөө сонгуулийн хороодод итгэхээ больсон байсан. Үүнийг шинэчлэхийн тулд урт зам туулсан. Буцъя ухръя гэдэг хүмүүс буцаад 12 жилийн өмнөхийг л дандаа ярьдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Мартагдаж болно үүх түүх бол тэр чигээрээ үлддэг. Сургамжаас дараагийн юм руу шилжиж байх учраас бид үүнийгээ сайжруулах тал руу явах ёстой шүү.