УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-ын Хяналт шалгалтын хуультай холбогдуулж УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Үүн дээр тухайн жилийн жилийн төсөв нь үндсэн хууль, төсвийн хуулийн заасан шаардлага хангаагүй талаар төрийн аудитын үндэслэл бүхий дүгнэлт гарсан бол үүнийг төсвийн төслийн хуульд заасны дагуу санал хураалт явуулна гэж байгаа. Хяналт шалгалтын тухай хууль дээр шаардлага хангаагүй гэж үзэх юм бол нэг удаа буцааж болно гэж оруулсан. Өөрөөр хэлбэл зардалд суурилсан төсөвтэй, тэнд төрийн бодлого, Монгол Улсын Үндсэн хуулийн 25,1,7-д заасан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны хөгжлийн бичиг, баримтууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсыг хөгжүүлэх төлөвлөгөөнд суурилж улсын төсвийг хийх ёстой. Төсвийн хүрээний мэдэгдэлдээ суурилах ёстой.Бодлого, зорилго, төлөвлөгөө, төлөвлөлт хамаа байхгүй тухайн үед зардлаа яаж санхүүжүүлэх вэ,хэдэн дарга нарын тойрогт мөнгө яаж хувиарлах вэ гэдэг байдлаар төсөв оруулж ирдэг. Хууль батлаад өгсөн байхад, хуулийн дагуу төсөв оруулж ирдэггүй. Яагаад ийм асуудал гараад байна вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: "Хуулийн төсөл сайн боловсруулсан байна. Ажлын хэсэг сайн ажиллажээ. Хууль батлагдсанаар Үндсэн хуульд заасан Монгол Улсын төрийн эрх барих дээд байгуулага УИХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хэрэгжүүлж ажиллах нөхцөл бүрдэнэ. 1. Энэ илрээгүй олон арван жил сунжирч буй хэргийг нэг талд нь гаргах. төрийн өндөр дээд албан тушаалтан, Шулуун хэлэхэд Ерөнхий сайд нарын, нийтийн эрх ашгийг хохироосон нөхдүүд гадаадаас ирэхгүй байгаа зарим нөхдүүдийн асуудал дэлхий даяар дэлгэгдсэн байж байна. Хэрвээ хүний нэр төрд халдсан бол хариуцлага хүлээх ёстой. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хуулийн байгууллага татан буугдах ёстой гэж хувьдаа бодож байна. Энэ мэт асуудлууд Монголд орж ирээд шүүх байгууллагад шилжээд таг хаагдсан байгаа. Үүнийг яах вэ? Ард нь олон асуудал ч бий. Иргэд ч хэлж байна. Олон хээл хахуультай холбоотой, олон тэрбумын хэрэг яригддаг ч эргээд намждаг. Ж.Сүхбаатар гишүүний хэлсэнчлэн иймэрхүү асуудлыг хянан шалгах хууль батлагдаад, түр хороо байгуулагдаад холбогдох баримтаар нь тодорхой гаргана. Үнэн худал гэдгийг тогтоож, улс төрийн зорилгоор гүтгэсэн бол хар цагаанаар нь ялгаад гаргадаг байх ёстой. Энэ чиглэлээр хуульд ямар заалт орж байгаа вэ? 2. УИХ-ын гишүүдийн хариуцлага хамгийн чухал. Тиймээс манай байнгын хорооноос энэ асуудлыг тавьдаг. Мөн УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн асуудал нэлээн эрчимтэй явж байгаад талархаж байгаа." Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: "Парламенттай бүх орнуудад, ялангуяа хөгжилтэй орнуудад дандаа байдаг ийм хууль. Манайх парламентийн засаглалтай 30 жил болсон атлаа огт хэрэгжээгүй. Хүнээр бол өрөөсөн гараараа ажиллаад байсан гэсэн үг. Хууль гаргаад л байдаг, хуулийнхаа биелэлт хэрэгжилтэд хяналт тавихад хууль нь хангагдаж ажиллахгүй байсан. УИХ хууль тогтоох байгууллага гэж зөвхөн хэлэх биш хууль тогтоох, хяналт хэрэгжүүлэх байгууллага юм шүү дээ. Түрүүн Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн шиг хүчний байгууллагууд зүй бус, буруу шийдвэр гаргадаг, дураараа авирладаг, монголчуудын хэлдгээр төмсөгддөг байдалд хяналт тавина. Нэг хэсэг хэтэрсэн шүү дээ. Но-той улс төрчдийг хөдөлгөхгүй болсон, дураараа авирласан. Сэлэм сугалж байгаа юм шиг айлгадаг болсон тэр байдал арилна гэж бодож байна. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл учраас ард түмний нэрийн өмнөөс зөвхөн хууль тогтоогоод байх биш, хяналтыг дээд шатны байгууллага, хууль хүчний байгууллагад сайн тавих ёстой. Түүнээс гадна энэ хууль гарснаараа салбарын, яамдын жижиг дотоод ажилд оролцоод байхгүй. Томоохон асуудал, Эрдэнэт шиг мафи явагдсан асуудалд чиглэж хяналтаа тавьж хэрэгжүүлнэ гэж ойлгож байна. Хамгийн их санаа зовж байгаа асуудал нь манайхан монголчилно гэж ярьдаг, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоно гэгчээр гадны оронд хэрэгжиж байгаа хуулиудын хүч чадлыг нь муутгаад үлбэгэр хууль болгочих вий. Энэ хуулиар нотлох баримт бүрдүүлнэ, мөрдөн шалгах, гэрч дуудаж ирүүлэх гэж байгаа. Мөрдөн шалгах гэдэг үгийг нь тусгай ажиллагаа гэдэг үгээр сольсон гэв үү? Муутгаж болохгүй. Бид шинэ юм зохиох биш аль улсын парламентаас илүү түлхүү жишээ авч хэрэгжүүлсэн бэ гэдгийг асууя. Энэ хууль хэрэгжиж гарснаар Их хурал Их хурал шиг хурал болж, хүнээр бол хоёр гараараа ажиллаж нэг талдаа хуулиа тогтоож, нөгөө талдаа хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьж ард түмний төлөөлөл болох боломж жинхэнэ утгаараа бүрдэнэ гэж ойлгож байна." Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хуулийг дэмжиж байгаа. Нэг зүйлийг тагнуулынхнаас асууя. Хоёр жилийн өмнө баахан компьютертэй гадны иргэнийг илрүүллээ гээд бөөн сенсаци болсон хэрэг юу болсон бэ? Арван хэдэн мянган сим худалдсан оператор компани яасан бэ? Ямар хариуцлага тооцсон бэ? Хяналтын нэгж байгуулах гээд байгаа шүү дээ. Үүндээ мөрдөн шалгах ажиллагааг оруулж өгөх хэрэгтэй. Гүйцэтгэх ажиллагаанууд бүр дампуурч байна. С.Зоригийн хэрэг яагаад шийдэгдэхгүй байна гэвэл энэ дутагдаж байна. Америкт иймэрхүү хэргүүдийг холбогдох байнгын хороондоо авчираад Библи уншуулж байгаад илрүүлчихдэг. Хууль тогтоох дээд байгууллага нь гүйцэтгэх ажиллагаа нурж байгааг, гүйцэтгэх ажиллагаанд янз бүрийн юм явагдаад байгааг, шүүх дээр явагдаж байгаа буруу явж байгаа зүйлсийг өөр дээрээ авчирч асууж, лавлаж тодруулдаг байх ёстой. Тиймээс Хяналтын хуулиа намрын чуулганаар багтааж гаргаад, мөрдөн шалгадаг үйл ажиллагааг Их хурал дээрээ бий болгоод явуулдаг болохгүй бол С.Зоригийн хэрэг шиг хэрэг хэзээ ч илрэхгүй. Америкт Сенат дээрээ ярьчих юм байна. дэлбэрэлт боллоо гэхэд үйл ажиллагааг нь шууд Сенат дээрээ авчираад ярьчихаж байна. Манайх яагаад тэгэж болдоггүй юм. Тэгэхгүй бол улс төрийн хэргүүд хэзээ ч илрэхгүй. Прокурор нь үнэн, Хууль зүйн сайд нь ч худлаа гээд сууж байгаа. Үнэн мөн нь тогтоогддоггүй хэргүүд дээр УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн дээд хяналтаа тавьдаг байх хэрэгтэй. Аягүй бол тагнуулынхан нууц мууц гээд балайрч магадгүй. Их хурлаасаа нуудаг ямар нууц байдаг юм бэ? Тэр гадны 800 хүний асуудлыг яасан? Холбооны компанид ямар хуулийн хариуцлага ногдуулсан бэ? Яг одоо төрийн эрх барих дээд байгууллагадаа хариул. Тэр хэрэг бүр таг чиг болж байна. Хууль гарах яах вэ, ноцтой зүйл дээрээ яаж хандаж байгаад бид хяналт тавих ёстой. Хүчний байгууллагууд дээр Их хурал онцгой эрхээ эдлэх хэрэгтэй. Авлигынхан яг авлигаа шалгаж байна уу, өөрсдөө нийлчихээд явж байна уу? Цагдаа хүчний байгууллагууд янз бүрийн юм сонсогддог ч бид нар шударга шүүх байгуулж байна гэж яриад байгаа ч бодитойгоор шинээр баталсан хуулиуд хэрэгжиж байна уу, үгүй юу? Үүнийг хууль хүчний байгууллагууд дээр анхааруулах цаг болсон. Сая Их хурал дээр ч гэсэн тэгэж хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн асуултад холбогдох албаны хүмүүс хариуллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Мэдээлэл өгч чадахгүй хүнийг битгий энд суулга. Битгий авчирч бай. Хариуцлагыг нь хүлээлгэ. Энэ мөчөөс эхлээд хүчний байгууллагуудтайгаа Их хурал хариуцлага тооц. Тэгэхгүй бол ийм болно шүү дээ. Их хурлаа үл тоосон, Төрөө үл тоосон. Хариулт өгч чадахгүй хүмүүсийг яах гэж энд суулгаж байгаа юм бэ? Газрын дарга нар орж ирээд юм ярьдаг болсон. Хуулиараа бол дэд сайдаас дэд албан тушаалтан, хариулт өгч чадах ёстой хүн энд суух ёстой. Их хурал ийм байж болохгүй. Нэг хүн орж ирчихээд “ - Би ийм юм ярих хүн биш, даргаасаа асууя. Тань руу бичиг явуулья гэж төрөөрөө тоглодгоо болих хэрэгтэй. Боль” гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.12.15/ боллоо. Хурлаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өргөн барьсан төслийн 25.3-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг хориглоно гэсэн заалтыг хасжээ. Хэрэг бүртгэлд мөрдөн байцаах, шүүн таслах үйл ажиллагаанд хууль тогтоох байгууллага оролцох нь зохимжгүй гэж үзэн тус заалтыг оруулсан байсан. Зайлшгүй асуудлаар эрүүгийн хэрэг үүссэн гэж нуун далдлах асуудал үүсэх юм бол хэрхэх вэ? Ажлын хэсэг яаж зохицуулах вэ? Хуулийн хэрэгжих хугацаатай холбоотой мэдээлэл өгнө үү? Засгийн газраас Төрийн хяналт шалгалтыг 50 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Төрийн албан хаагчид хяналт, шалгалт хийх нэрээр хуулийн нэр барьж, хүнд суртал гаргаж байгааг УИХ цэгцлэх хэрэгтэй. Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.