УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ хуулийг дэмжээсэй гэж бодож байна. 2013 онд энэ хуулийг орж ирэхэд санаачлагчийн нэг байсан. Нэг жишээ ярья. АНУ-д хамгийн том мафийн гэмт хэрэгтнүүд айхтар том том хэрэг хийсэн байхад ганцхан зүйлээр бурууддаг нь улсад татвар төлөөгүй гэдэг зүйл байдаг. Энэ нь өөрөө төр байгаа бол татвар байна. Энэ мэдээж энгийн гэхдээ татварыг стандарттай, хариуцлагатай, мэргэшсэн байлгахгүй бол энэ төрийн үүрэг байдаг. Өнөөдөр төрийн өмчийн компаниуд дээр орон тоо нэмэхгээгүй, татвар хариуцсан хүн нь мэргэшсэн байж, хариуцлага үүрэх чадвартай байгаа ч, мэргэжлийн байгаа ч гэдгийг бий болгох гэж энэ хууль орж ирсэн. дараа нь хариуцлага тооцоход би мэдээгүй, би чадваргүй, би энэ тухай ойлгоогүй гэж хэлэх ямар ч үндэслэлгүй болгох гэж энэ хууль орж ирж байгаа юм. Хоёрдугаарт жижиг дунд үйлдвэрлэгчид хувийн хэвшил дээр бүгдээрээ татвар хариуцсан заавал нэг мэргэжилтэнтэй байгаарай гэж энэ хууль орж ирээгүй харин татварын талаар мэргэшсэн хариуцлагатай, хэлж байгаа үгнийхээ төлөө төрийн өмнө хариуцлага үүрэх чадвартай ийм мэргэшсэн хүмүүсээс зөвлөгөө аваарай гэж энэ хууль орж ирж байгаа юм. Энэ утгаараа энэ хуулийг дэмжээд явах нь манай улсад татвар нэмэгдэнэ. Татварын асуудал илүү хариуцлагатай, илүү мэргэшсэн байдалтай болно.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Авлигажсан орон тоог бий болгож болохгүй. 4,3-т Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, татвар хариуцсан ажилтан татварын мэргэшсэн зөвлөх байна гэсэн. Санхүүгийн мэргэжилтэн байхад ингэж орон тооны зөвлөх шахах хэрэг байна уу. Орон нутгийн өмчит компани маш их бий. Энэ компани бүрд орон тооны зөвлөхтэй болно. Энэ нь Засгийн газар, Их хурлын цомхон байх, зардал хэмнэх гэдэг зүйлтэй зөрчилдөж байна. Аж ахуй нэгжүүд хүчээр 2-3 зөвлөх ажилтантай болно, үүнийг дагаад зардал, дарамт шахалт өснө. Зөвлөх нэртэй баахан байцаагчид аж ахуй нэгж бүрд чимээгүй авлига авдаг дээрээс нь захиргааны хэргийн шүүхийн ажлыг хийдэг буруу тогтолцоо бий болно. Мөн 4.6.6 дээр үйлчлүүлэгчтэй холбоотой маргааныг шүүхийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг төлөөлөн оролцоно гэж байна. Гэтэл энэ өөрөө, иргэний болон захиргааны хэргийн хянан шийдвэрлэх хуультай давхардаж байна. Ийм заалт огт байж болохгүй. Аудит хийдэг компани лобби явж байна. Тэр байтугай улирал бүр компаниуд аудитаар тайлангаа батлуулдгаа болиулах хэрэгтэй. Бүх аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг ч бай, үгүй ч бай аудитаар орж байж тайлангаа өгдөг. Үүний цаана хүнд тайлангаа татварт өгдөг. Үүний цаана авлига, дарамт явж байна. хэрвээ олон улсын жишгээр явах гэж байвал, үүнийгээ авч хая. Татвар дагасан үргүй зардал их бий болдог. Энэ бол лоббины хууль байна. Санаачлагч нь энэ заалтуудаа татаж аваарай. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ. хуулийн төсөлтэй холбогдулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Ажлын хэсгийн ахлагчаас асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: "Өнөөгийн нийгмийн харилцааг харахаар ёс зүйтэй холбоотой асуудал их хүнд байна. Тухайлбал, 5-6 сарын өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга байсан хүн Үүрэн телефоны оператор компаниудыг торгож байснаа өнөөдөр нэг компанийх нь захирал болоод сууж байна. Энэ бол уг хуулийн хэрэгжилтэд үүсэж болох адил кейс. Энэ хуулийг харвал татварын байцаагчаар ажилласан туршлагатай хүн байх гэсэн байна. Тэр хүн нөгөө компанийнхаа бүх нарийн мэдээллийг авна. Энэ нь эргээд нөгөө компанийн мэдээллийг авах, худалдах, дарамтад оруулах юм бол ямар хариуцлага хүлээх юм бэ? Зөвхөн тусгай зөвшөөрлийг нь л цуцлаад хаячихаар харагдаж байна. Манайхаас бусад оронд ШӨХТГ-ын дарга нь торгож байснаа өөрөө нэг компанийн захирал болчихвол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Манайд харрин алга ташаад, баяр хүргээд томилогдож байна. Өнөөдөр энэ хууль орж ирж байгаа нь дээрхтэй адил нөхцөл үүсгэнэ л дээ. Татварын байцаагчаар 10 гаруй жил ажилласан хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх олгохоор тухайн хүн татварын байгууллагад нэвт сүлжээтэй хүнд эрх өгөх гэж байна. Зөвлөгөө өгч байгаа компаниудаа эргээд эрсдэлд оруулна шүү дээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлээд байгаа хүн нь хуулийн ямар үүрэг хариуцлагатай байх, өрсөлдөөн үүсгэхгүй байх, мэдээллийг чанд сахиулах, ёс зүйн өндөр хэмжээг барьж явуулахгүй бол та нар шантаажны хууль батлах гээд байна. Зөвшөөрөлтэй холбоотой хэсэг байна. Зөвшөөрлийн хуулиар Засгийн газрын дэргэд байгуулсан Үндэсний зөвлөлөөр энэ хууль хэлэлцүүлэгдсэн байх ёстой. Энэ хаана байна вэ? нэг хууль батлах гээд нөгөө хуулиа зөрчөөд байна. Зөвшөөрлийн хуулийн дагуу явах ёстой. " Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа хариуллаа.