УИХ-ын /2025.06.19/-ний өдрийн хуралдаанаар Б.Түвшин нарын 41 гишүүний санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхиий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа ийн илэрхийлэв. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын сангийн орлого 1.1 их наяд төгрөгөөр буурахаар байна. Ингэсэн тохиолдолд тус сангийн зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр буюу 20 шахам хувиар бууруулах шаардлагатай. Эсвэл ийм хэмжээгээр санд татаас олгох буюу татвар төлөгчдийн нуруун дээр энэ ачааллыг үүрүүлэх нөхцөл байдал үүсэхээр байна. Нийгмийн даатгалын сан нь ажил олгогч, даатгуулагч, төрөөс төлсөн шимтгэлээс бүрдэж, буцаад зардал гаргадаг. Нийгмийн даатгалын сангийн орлогыг бууруулж байгаа нөхцөлд нөгөө талд улсын төсвийн татаас нэмэгдэх сөрөг үр дагавар үүснэ. Улсын төсөвт ирэх ачааллыг тооцоолох шаардлагатай. Мөн орлогоо бууруулаад, зардал нь өсөөд байвал сангийн орлого, зарлагын тэнцвэртэй байдал алдагдана. Тооцоотой, судалгаатай, зардлаа хэрхэх талаар бодох нь зүйтэй. Салбарын яамнаас нийгмийн даатгалын шинэчлэл хийхээр холбогдох хуулиудыг боловсруулсан байна. Тэдгээр хуулиудтай нийцүүлж, нийгмийн даатгалын шинэчлэлийг цогцоор нь авч үзэх саналтай байна.
УИХ-ын чуулганы /2025.06.19/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Анхны 4 заалтаас 1-ийг хассан. Үлдсэн 3 заалтаас 1-ийг нь дэмжиж байна буюу ажил олгогчийн зүгээс төлж байгаа шимтгэл, бодогдож байгаа цалингийн хязгаарлалтыг ажилтантай адилтгах буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй хязгаарлахыг би дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн. Нөгөө 2 заалт нь 2004 болон 2008 оноос хэрэгжиж байгаа заалт, зарчмыг өөрчлөх гэж байгаа уг заалтуудыг яагаад болгоомжтой авч үзэх ёстой вэ гэдгийг хэлсэн. Нэгдүгээрт, Ажил олгогчийн зүгээс байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад яваад байх эрсдэлтэй. Яагаад вэ гэхээр шимтгэл төлөхгүй байх тал дээр анхаарч байна. Нөгөө талаараа ажилтны эрсдэлд орох, лист тогтоолгох, дикритээ авах, осолд ороод хөдөлмөрийн чадвараа алдах, нийгмийн хамгааллын тал дээр огт зохицуулагдаагүй байдаг учраас эрсдэлтэй. Ийм учраас хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаатай адилхан байх ёстой. Энэ зохицуулалт 2004 оноос хойш хэрэгжиж ирсэн. Үүнийг эвдэх гэж байна. Хоёрдугаарт, Унаа, хоол, байр, орон сууц, даатгал гээд үндсэн цалин хөлсөө нэмэхгүй бусад олговроороо нэмээд явах ийм эрсдэлтэй. Цалин хөдлөхгүй өөр зохицуулалтаар шимтгэлээс зугтах нөхцөл байдал үүснэ. Энэ нь давхар эрсдэл үүсгэнэ. Манай Нийгмийн даатгалын тогтолцоо хуваарилалтын тогтолцоо дээр явж байгаа. Одоо хагас хуримтлалын тогтолцоо руу дөнгөж шилжээд эхэлж байна. Хуваарилалтын тогтолцоо гэдэг нь өнөөдөр шимтгэл төлж байгаа хүмүүсийн сангаас өнөөдөр тэтгэвэр, тэтгэмж олгогдож байдаг. Орлого тал нь буурвал жил бүр инфляцын түвшинтэй уялдуулаад 6 хувиар нэмэгдүүлэх бодлого маань хэрэгжихэд хүндрэлтэй. Хагас хуримтлалын тогтолцоонд бага багаар орж ирж байгаа. Тэтгэвэр тооцоход хүртэл хуваарилалтын тогтолцоо дээрээ 1960-1979 оны хооронд төрсөн хүмүүс хоёр боломжтой. Нэг нь хуваарилалтын тогтолцоогоороо цалин хөлсний суурьтай бодолт хийлгэх буюу сүүлийн 5 жилийн дунджийг авч үзээд нэг сард оногдох цалингаас 45 хувиар тэтгэвэр тогтоолгодог. 1979 оноос хойш төрсөн хүмүүс нэг сонголттой буюу хуримтлалын тогтолцоо дээр суурилж тэтгэврээ тогтоолгоно. Та хэдий хэмжээний мөнгө санд төвлөрүүлсэн байна түүнээс цааш амьдрах магадлал нэг сар, нэг жилд ноогдох сарын тэтгэмж онолын хувьд томьёоллоороо бодогдоод тэтгэвэр нь тогтоогддог. Энэ нь аль аль талдаа сөрөг талтай. Өнөөдөр хуваарилалтын тогтолцоо дээр цалин хөлс нь буурууд ирэхээр цалин хөлснөөс бодогдож байгаа тэтгэврийн хэмжээ буурна. Харин хуримтлалын тогтолцоо дээр суурилж байгаа нь 1979 оноос хойш төрсөн хүмүүс төлж байгаа шимтгэлийн хувь хэмжээ нь буураад ирэхээр тэр хэмжээгээрээ тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурна. Өнөөдөр тэтгэмж тогтоолгох хүмүүс дикрит, лист, хөдөлмөрийн чадамж гэх зэрэг бүх асуудлууд нь буюу олголт дээр нь бодогдож байгаа цалин хөлс бүтэц нь буурж орж ирэх учраас мөнгө нь ч бас багасна. Б.Түвшин хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.06.19/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Түвшин хариуллаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах гэж буй өөрчлөлт гуравхан зүйл заалтаас бүрдэнэ. Нэгдүгээр зүйл заалтын ерөнхий агуулга нь иргэний хуулиар бизнес эрхэлж байгаа хувь хүнийхээ нэр дээр эрхэлж байгаа орлогоос 2 талаас нь нийгмийн даатгалыг албан журмаар авахаа больё л гэж байгаа юм. Нэг ёсондоо байгууллага дээр хөлсөөр ажиллах гэрээ, бусдаар гүйцэтгүүлэх ажил, нөгөө талдаа хувь хүн байдаг. Өнөөдөр энэ хуулийн хэрэгжилт чангарч эхэлснээрээ иргэн хүн ямар нэгэн хөдөлмөр эрхлэхэд тэр нь орлого нь байдаг. Тэгэхээр хөлсөөр ажиллах гэрээ гэдэг нь иргэн хүнийхээ хувьд иргэний хуулиар зохицуулсан гэрээ байгаад байгаа учраас энэ төрлийн бүх гэрээний орлогоос 2 талаас нь албан журмаар нийгмийн даатгал 10, 10% авчхаар энэ орлого нь боломж байхгүй. Үүний дараа хүн амын орлогын албан татвар 10% суутгачихна. Иргэний орлогыг бизнесийн орлого гэж үзэж байгаа учраас хамгийн өндөр татвараар буюу 10%-ийн орлого нэг талаасаа харахад ноогдуулаад байгаа. Гэтэл нөгөө талаас хөдөлмөрийн хөлстэй адилтгаж 10, 10%-аар 2 талаасаа 20% суутгаж байгаа. Тэгэхээр дэлхийд ч энэ жишиг байхгүй. Орлогоосоо дахиад НӨАТ-ыг оролцуулбал 40% төлөөд амьдардаг бизнес байхгүй. Үүний муу үр дагавар нь монгол хүн монгол хүнийхээ нэрээрээ иргэний гэрээ байгуулаад бизнес эрхлэх ямар ч боломжгүй болж байгаа юм аа. Энэ хүмүүсийг яаж нийгмийн даатгалд хамруулж болох вэ гэдэг бодлого зөв юм. Иргэний хуулиас авахыг нь больчихъё. Хөдөлмөрийн хүчин чанартай харилцаануудаас нийгмийн даатгалыг яг авдгаараа авна. Энэ талаар ерөөсөө огт хөндөөгүй. Ингэснээрээ нийгмийн даатгалын албан журам, ялангуяа энэ 2 талаас ажил олгогч ажилтнаас авдаг нь зөвхөн хөдөлмөрийн харилцаан дээрээ байя аа гээд эрх зүйн нэг талаа зохицуулчхаж байгаа юм. Иргэний хуулиар зохицуулж байгаа хүмүүсийг яаж нийгмийн энэ хамгаалалд оруулж ирэх вэ гэхээр орлогод нь таарсан бүтээгдэхүүнүүд хийдэг. Жишээлбэл Англи, Солонгос зэрэг улсууд өнөөдөр юу хийж байна вэ гэхээр жилдээ нэг удаа тайлан гаргаад сар болгон байнгын даатгалуудыг төлөөд явж байдаг. Ингэж орлогод нь таарсан шийдэл хийхгүй орлогоос нь ажилтан ажилтан бишээр ингээд авчихаар бизнесүүдийг эдийн засгийн хувьд сэргэх боломжгүй болгочхоод байгаа юм. Хоёрдугаарт, А.Ариунзаяа гишүүний хэлсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зугтаах асуудлын хувьд манай Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3 дээр нэг агуулга бий. Ажил олгогч ажилтан хоорондын харилцаа нь энэ хуулийн 41 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээний харилцаа нь хөдөлмөрийн эрхлэлтийн шинжийг агуулсан байвал түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж байгаа юм. Нэг ёсондоо хөдөлмөрийн шинж чанартай гэрээ байгуулсан тохиолдолд өөр гэрээ байгуулахыг хориглоно. Манай хуулийн төсөл дээр ч ийм төрлийн гэрээ байгуулсан бол нийгмийн даатгалыг нь нөхөн төлүүлнэ ээ гээд заачихсан. Тийм учраас бизнесийн орлогоос нь авахаа больё. Гуравдугаарт, А.Ариунзаяа гишүүний хэлсэн хуваарилалтаас хуримтлалын зарчим руу шилжье гэж байгаа нь нэг талдаа зөв зарчим. Хүмүүс бизнесийнхээ орлогоос 2 талаас нь 20, 20 хувь суутгаад хуримтлал үүсгэнэ гээд байгаа боловч орлогууд нь ихэвчлэн цаг хугацааны шинж чанартай, зарим нь жилдээ нэг удаа, жилдээ 2 удаа гэрээ байгуулах ийм орлогын шинж чанартай байдаг. Энэ нь өөрөө нөгөө тогтвортой байдлыг хангаж чадахгүй учраас нийгмийн хамгааллыг бүрэн хангаж чадахгүйд хүрээд байгаа юм. Тийм учраас нэн ялангуяа 79 оноос хойш хуримтлалын тэтгэврийг нь тооцоолоод үзэхээр өмнөх цалин суурьтайгаасаа хамаагүй бага гарч байгаа. Энэ аргачлалууд дээрээ бид анхаарах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы /2025.06.19/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдлыг ухраахаар сайн, муу 2 талтай. Хуулийн төслүүд угаасаа тэгж л явдаг. Гишүүд улс төрийн зорилгоор санаачилж байгаа тохиолдол байгаа. Нэг талдаа тооцоо судалгаа жоохон тийм. Гэхдээ гишүүдийн хууль санаачлах эрхийн асуудлыг өнөөдрийн хууль эрх зүйн орчиндхүндэтгэж байгаа. Ер нь цаашдаа бодлогын хүрээнд нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд биш, ЗГ санаачилдаг харин УИХ-ын гишүүд нь чиглэлийн эрх зүйн реформыг хийхийг ЗГ-таа шахалт, саналаа хүргүүлдэг байдлаар явах нь зүйтэй. Бид эцсийн дүндээ олон нийтийн мөнгийг дээрээс нь ирээдүйд тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүсийн ирээдүйн эрсдэлийг тооцож аливаа зүйлийг ярих ёстой! Нэгдүгээрт, энэ хуулийн төсөл батлагдвал 1,2 тэрбум төгрөгийн НДШ-ийн орлого орж ирэхээргүй болох юм байна. Энэ мөнгийг яаж нөхье гэдэг байдлаар зардлын тооцоог хийв, хаанаас орж ирнэ гэж үзэв? Дутагдах эх үүсвэр буюу 1,2 их наяд төгрөгийн асуудлыг хэрхэн яаж зохицуулах юм? Хоёрдугаарт, сүүлийн үед уул уурхай, тээврийн салбар дахь нөхцөл байдал хүнд байна. Эндээс нийгмийн даатгалын орж ирэх орлогууд багасах юм шиг байна. Учир нь цомхотгол явах шинжтэй байна. Ингээд бодохоор энэ хууль хэрэгжих боломж нь хэр байна вэ? Гуравдугаарт, хоол унаа, түлээ нүүрсний хөнгөлөлтийг цалингаас гаргаад, энэ орлого дээр НДШ төлүүлэхгүй гэчихээр үндсэн цалин жижигхэн байгаад байдаг. Хоол, унааны мөнгө нь хэт өндөр болоод сүүлдээ зөрөөнүүд үүсээд, НДШ сүүлдээ хүнд байдалд орох вий! Үүн дээр эрсдэлийг хаасан ямар зохицуулалт байна.
УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хороо 2025.06.18-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат асуулт асуулаа. Байнгын хороодын нэг анхаарах ёстой нэг зүйл байна. Дараагийн байнгын хорооны хурлаар оруулах, 7 хоногийн хугацаанд бэлтгэлийг нь хангуулах зайлшгүй шаардлага байна. Энэ бол тэтгэврийн зээлийн нөхцөлийн асуудал байгаа. Тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг нэлээн удаан ярилаа. Шийдвэр гаргах байгууллагын шийдвэрээ гаргах хугацааг хүлээлээ. Гаргасан шийдвэр нь амьдралд төдийлөн нийцэхгүй, асар олон хүнийг бухимдуулсан шийдвэр байгаа. Энэ маань анх гарахдаа л төрийн байгууллагаас эх үүсвэртэй учраас бид үүнийг засах тал дээр анхаарах ёстой юм байна! Нэгдүгээрт, тэтгэврийн зээлтэй холбоотой ийм шийдвэр яагаад гаргах болов? Хоёрдугаарт, банк санхүүтэй холбоотой олон хууль тогтоомжууд гарч байгаа. Банкны хүү тэр дундаа бүр хамгийн эрсдэлгүй гэж үзэж байгаа тэтгэврийн зээлийн хүүг буулгах асуудал дээр Монгол банк ямар төлөвлөгөөтэй байгаа юм. Юу төлөвлөж байгаа юм. Хэзээнээс ямар үйл ажиллагаа явуулж эхлэх вэ? Хүний амьдрал баян юм. Учир нь тэтгэврийн зээл гэдэг чинь үнэхээр л "дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" үед иргэдийн гол асуудлыг нь шийддэг зээл юм байна. Тэгээд олон янзын л хүмүүс өдөр болгон, хэдэн арваараа мессеж бичиж байна. Ялангуяа цэргийн тэтгэврийнхэн чинь надаас залуу хүмүүс тэнд тэтгэвэрт гарчихсан, ямар нэгэн бизнес хийхэд эх үүсвэр болгоё, эрсдэлээ бид өөрсдөө хариуцъя, эмнэлэгт үзүүлмээр байна л гэнэ. Бас бизнесийн эргэлтийн зээл авчихмаар байна гэх мэт. Үүнийг заавал 70/30 эсвэл 50/50 гэх. Гол хясаад байгаа юм нь хугацаа. Заавал нэг жил гэх. 1 жилийн хугацаагаар авахаар тэр нь хүрэлцэхгүй байна. Ингээд л бизнес хийх ч хэцүү, байх ч хэцүү л юм руу ороод байна. Тэгэхээр энэ рүү анхаарлаа хандуулж, ярих нь зүйтэй юм. Бидний ярьж байгаа сэдэв бол нэг их гийгүүлээд байхаар сэдэв биш шүү дээ. 2026 оны Монгол Улсын төсөв дээр тэтгэвэр 6-8%-аар нэмэгдэнэ. Гэхдээ өнөөдрийн бидний ярьж байгаа сэдэв нь жоохон бололцоогоо өөрсдөдөө ашиглаад, амьдралын чанараа дээшлүүлэх орлогоо нэмэгдүүлэх, өөр олон ач холбогдолтой зүйлүүдэд нь хаалт тавих хэрэг байна уу?