Б.Мөнхсоёл: Хүүхдийн хувийн мэдээлэл, байршил, бүртгэлийн нууцлалыг анхдагч тохиргоогоор хамгаалах нь зөв
УИХ-ын чуулганы /2026.10.29/-ний өдрийн хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа.УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл үг хэллээ:Хүүхдийн боловсролд мэдлэгээс гадна бодож тунгаах, бусдыг сонсох, өөрийгөө илэрхийлэх харилцаа тогтоох чадвар тун чухал. Эдгээр чадвар төлөвшихөд цаг хугацаа, эцэг эхийн анхаарал, аюулгүй орчин хэрэгтэй. Тиймээс энэ төсөлд туссан хэд хэдэн зохицуулалтыг онцгойлон дэмжиж байна. Нэгдүгээрт, Хүүхдийн хувийн мэдээлэл, байршил, бүртгэлийн нууцлалыг анхдагч тохиргоогоор хамгаалах нь зөв. Хүүхэд, эцэг, эх бүр технологийн мэргэжилтэн биш. Хамгаалалтыг өөрсдөө олж тохируулахыг хүлээлгүй үйлчилгээ нь анхнаасаа аюулгүй байх ёстой. Хоёрдугаарт, танихгүй хүнээс ирэх шууд зурвасыг хязгаарлах хүүхдэд хортой агуулгыг санал болгох алгоритмд шаардлага тавихыг дэмжиж байна. Хүүхдийг хамгаалах үүрэгт нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид бодитоор оролцох хэрэгтэй. Бусад орны туршлагад ч энэ чиглэлийг чухалчилж байна. Их Британийн хүүхдийн код нууцлалын өндөр хамгаалалтын анхдагч тохиргоо болохыг шаарддаг. Европын комиссын удирдамж хүүхдийн хэт хэрэглээнд нөлөөлж болох, автоматаар тоглуулах, байнга эргэн орохыг өдөөх боломжуудыг анхдагчаар унтраахыг зөвлөсөн байдаг. Манай төсөлд ч хэт хэрэглээг өдөөдөг загварыг хэрхэн хязгаарлахыг тодорхой болгох шаардлагатай. Гуравдугаарт, цахим орчны аюулгүй хэрэглээг боловсролын агуулгад тусгахыг дэмжиж байна. Хүүхэд мэдээллийг нягтлах, хувийн мэдээллээ хамгаалах, бусдыг хүндэтгэх эрсдэл тулгарвал тусламж хүсэх чадварт суралцах ёстой. Финляндын сургалтын хөтөлбөрт мэдээллийг ойлгож үнэлэх чадварыг шингээсэн туршлагаас бид суралцаж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд багшаа бэлтгэж эцэг эхэд нь ойлгомжтой зөвлөгөө өгч, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах шаардлагатай. Хуулийг хэлэлцэхдээ насны баталгаажуулалтын явцад цуглуулах мэдээллийн хэмжээ, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг нарийвчлах хэрэгтэй. Хүүхдийн насны онцлогт нийцсэн зохицуулалт нь суралцах мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь хүндэтгэсэн байх ёстой. Мөн цахим дарамтад өртсөн хүүхэд хаана хандахаа мэддэг, хандахад нь тусламж ирдэг байгаасай. Хүүхэд асуудлаа хэлээд яах гэж утас оролдсон юм гэж хэлэхээсээ өмнө сонсож, хамгаалж, шаардлагатай дэмжлэгт холбодог орчныг сургууль гэр бүлдээ бүрдүүлцгээе. Хүүхэд бүрд аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө платформын хариуцлага, сургуулийн дэмжлэг, гэр бүлийн оролцоог бодитой болгосон хууль батлахын төлөө төслийг хэлэлцэн боловсронгуй болгохыг дэмжиж байна.