Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх шаардлагагүй хууль санаачилагчид нь буцаах тухай саналыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа, М.Оюунчимэг гаргасан. НББСШУ байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй саналыг УИХ дээр санал авахаар оруулж ирэв. Хичээл нь гурван ээлжээр хичээллэж, үдэш орой болохоор гэр хорооллын хүүхдүүд харанхуй гудамжаар явж байна. Гэмт хэрэгт өртөж байгаа хүүхдийн тоо сүүлийн хоёр жилийн байдлаар 20% өссөн байна. Хүүхэд хамгаалал дээр хариу үйлчилгээ үзүүлэхэд төсөвт 500 гаран сая төгрөг оруулах асуудлыг гишүүд маань дэмжиж өгөөчээ. Салбарын сайд Н.Номтойбаяр энэ хэмжээний зардлыг нэмж тусгах боломжтой гэдгээ байнгын хороон дээр хэлж байсан. Тийм учраас хүн бүхэн хүүхэдтэй, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх энэ хуульд өөрчлөлт оруулахад Үгүй гэдэг кнопыг дарж буцааж өгөөчээ гэж хүсэж байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хууль санаачилагчид буцаах тухай саналыг З.Нарантуяа, Ч.Хүрэлбаатар, Х.Баделхан, Д.Тогтохсүрэн, Ч.Улаан нарын гишүүд гаргасан байна. Цагдаа, прокурорын цалинг нэмээгүй, харин ганцхан шүүгчдийн цалинг онцгойлоод байгаад би ерөөсөө ойлгоддоггүй юм. Шүүгч нар ерөнхийлөгчийн хэмжээний цалин авахаараа голоод байх юм. Манай улсын ерөнхийлөгч, их хурлын дарга нар маань гуйлагчин шиг цалин авдаг юм байна гэж монгол төрийг доромжилж болохгүй л дээ. Мөнгө өгвөл шударга байна, мөнгө өгөхгүй бол шударга биш байна гэвэл буруу, үхэл амьдралыг шийддэг эмч нар 400- 500 мян төгрөг авч байхад, үнэн худал гэж хэлснийхээ төлөө яагаад 4, 5 саяыг авах юм бэ? 7 сая төгрөгийн цалин авдаг шүүгч нар ч байгаа. Дэлхийн аль ч улсад ийм юм байхгүй. Олон мянган хуульч нар цалинтай цалингүй шударга ёсыг тогтоох чадалтай гэж би итгэж байна. Хэрвээ та нарыг энэ хуулийг хэлэлцэхээс айж байгаа бол сонгуулийн олон асуудал шүүх дээр байгаа түүнээс айж байна гэж харна.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг хэлэлцэх шаардлагагүй хууль санаачлагчид нь буцаах саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гаргасан. Улстөрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх ямар нэгэн эрх байхгүй, дарга захирагч нарын тушаалыг эсэргүүцэх эрх байхгүй, аливаа нэгэн жагсаал цуглаанд оролцох эрх байхгүй, албаас халагдсныхаа дараа 3 жилийн дотор гадаад улсад оршин суух хориотой, эрх зүйн хувьд илүү цагаар ажилладаг, хөдөлмөрийн хууль үйлчилдэггүй, амралтын цаг гэж байхгүй, оршин суух газар нутгийг тушаалаар шийддэг. Цэргийн албан хаагч алба хаах хугацаандаа 4-5 өөр өөр анги салбарт томилолтоор ажиллах шаардлага хүлээдэг тул тогтсон орон гэр, үл хөдлөх хөрөнгөтэй байх бололцоо байхгүй. Би өөрөө аавыгаа ахмад байхад төрсөн хүүхэд, яг энэ зовлон жаргалыг амсаж өссөн. Монголын төр цэргийн албан хаагчдаа албаа хаагаад дууссаны дараа баярлалаа гэж хэлээд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгодог. Энэ бол тэтгэвэр, тэтгэмж биш нөхөн олговор гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Таны олон эрхийг хязгаарласны төлөө, дэлхийн халуун цэгт явж эх орныхоо өмнө үүрэг гүйцэтгэсний төлөө, шаардлагатай үед амь насаа өргөн гэж тангараг өргөснийх нь төлөө Монгол улсын төр хүндэтгэл үзүүлж нөхөн олговор өгдөг. Энэ хуулийн үйлчлэл зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдаж байна.
Алтны татварын 2.5%-ыг 5% болгохыг яагаад эсэргүүцээд байгааг нь ойлгохгүй байна. Монгол улс чинь хуультай дүрэмтэй, татвартай, цагдаатай юм байгаа биз дээ, ЗГ татвараа авна гээд оруулаад ирэхээр авч чадахгүй гээд басамжлаад байж болохгүй. Алтны татвар 2.5% буурснаас болж алтны хэмжээ нэмэгдсэн гэж яриад байдаг, би үүнтэй санал нийлэхгүй байна. Урт нэртэй хуулийг чөлөөтэй болгосноор алтны олборлолт нэмэгдсэн. Үндэсний баялаг гэдэг чинь алт юм уу, хүн юм уу. Би бол үндэсний баялгийг хариуцлага гэж боддог. Хариуцлагыг сайжруулж сахилга батыг тооцсноор асар их хэмжээний үндэсний баялгийг бүтээж чаддаг. Мөн тамхины татварыг өсгөхийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ? Тамхи татаж байгаа хүнийг харахаар мөнгөө шатаагаад байгаа хүн шиг харагддаг. Тамхи үйлдвэрлэгчдийг дэмжээд, татвар нэмэхийг нь эсэргүүцээд байгаа гишүүдийг ойлгохгүй байна. Онцгой албан татвар дээр эргэж харж болдоггүй юм уу. Улс орон татвар төлөхгүйгээр амьдрана гэж байхгүй.
Хамтын тэтгэврийн тухай хуулийг дөнгөж сая хүчингүй болголоо. Ахмад настанд төрөөс үзүүлэх хайр халамжийг бий болгосон томоохон хуулийг хүчингүй болголоо. Мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг зүйл хийсэнд нь харамсаж байна. Ахмадуудын хувьд өнөөдөр хар өдөр тохиож байна. Манай гишүүд нийгмийн даатгалын сангийн талаар ойлголт муутай байдаг юм байна. Нийгмийн даатгалын 5 төрлийн сан байдаг. Эрүүл мэнд, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол гэсэн 3 сан өнөөдөр ашигтай байгаа. Ерөнхий сайд нийгмийн даатгалын сан бүхэлдээ алдагдалтай байгаа мэт яриад байх юм. Тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн датгалын сан хоёр нойл үзүүлэлттэй байгаа. Энэ хоёр сан угаасаа алдагдалтай явж байдаг. Үүнд сангийн яам 140 гаруй тэрбум төгрөгийг төсвөөс өгөх хөрөнгө оруулалтаа одоо хүртэл өгөөгүй байгаа. Үе үеийн сангийн сайд нар энэ мөнгийг өгөөгүй, энэнээс болоод тэтгэврийн даатгалын сан алдагдалд орсон шүү.