Улсын Их Хурлын 2017 оны 4 сарын 21 ний чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийн боловсруулалт, шүүлтүүр, анхаарал болгоомжлолгүй ирээдүйн төсөөлөлгүй, мэргэжлийн бусаар хандаж байна хэмээв. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хуулийн үг үсэг, цэг таслал бүр амьдралын хэм хэмжээг зохицуулж, аж ахуйн нэгжүүдэд нөлөөлдөг гэж ойлгодог. Хууль тогтоох дээд байгууллага сонгогдоод багагүй хугацааг өнгөрлөө. Гэхдээ хууль батлагдаж байгаа үйл явц өмнө нь яаж яваад ирсэн юм бүү мэд, ямар ч байсан өнөөдрийн хувьд надад айдастай, эргэлзээтэй сэтгэл хангалуун бус зүйл байна. Энэ бүх гарч байгаа хэм хэмжээг яг ямар мэргэжлийн шүүлтүүрээр шүүж байгаа нь ерөөс ойлгомжгүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр шүүгддэг юм уу гэхлээр үгүй, зарим хууль нь өөр байнгын хороогоор дамжаад шүүгдэхгүй ороод ирэх юм. Хууль зүйн сайдаар дамжин яам дээр шүүгддэг юм уу гэхлээр тийм юм алга. УИХ-ЫН ТАМГЫН ГАЗАРТ БҮХ ХУУЛИЙГ УНШДАГ БҮТЭЦ БАЙНА УУ ГЭХЛЭЭР БАС ҮГҮЙ. Бусад улсад үндэсний аудитын газар нь бүх хууль дээр эдийн засгийн хувьд ямар байдаг юм ? энэ хууль хэрэгжих боломжтой юу? энэ хэм хэмжээг өөрчилснөөр ямар эерэг, сөрөг үр дагаварыг авчрах вэ? зэргийг аудит хийдэг. Манайд аудит төсөв, хууль аудитладаг чиг үүрэг байхгүй байна. Бид оффшорын хууль гаргасан, Түүнчлэн өчигдөрхөн хуулиуд баталлаа. Ирээдүйд юу болох вэ? гэхлээр яг ингэнэ гэсэн мэргэжлийн төсөөлөл байхгүй мөртлөө баталж гаргачихаад, баталсныхаа ардаас ийм сөрөг үр дагавар гарч магадгүй гээд хууль тогтоогчид нь өөрсдөө маргаад байна. Энийг анхаарч байхгүй бол жишээ нь байнгын хороо ирц тааруу байна. Хурууний хээгээр бүртгэдэг болгохгүй бол дөрөв тавуулаа сууж байгаад амьдралын хэм хэмжээг гаргаад байгаа юм. Мэргэжлийн биш байдалтай яваад байх шиг. Ерөнхийлөгчөөс орж ирж буй хуулийн төсөл ямар шүүлтүүрээр явах юм? гишүүдээс санаачлагдаж байгаа хуулийн төсөл ямар шүүлтүүрээр явах вэ гэдгийг бодохгүй бол болохгүй байна. Д.Дамба-Очир гишүүнээс нэг зүйлийг тодруулая. Энэ хууль мэргэжлйин байгууллагууд, аудитын байгууллагуудтай хэрхэн уяалдсан бэ? Жижиг ч гэсэн хэм хэмжээнээс гарч буй өөрчлөлтөөс гарч болох эерэг сөрөг нөлөөллийг тооцсон уу?
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-д 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төслийг дэмжиж үг хэллээ. М.Оюунчимэг: Хөдөлмөрийн тухай хуульд цаг үеийн шаардлагатай уялдуулан өөрчлөлт хийх цаг нь болсон гэдэгтэй санал нэг байна. Өөрчлөх зүйл маш их бий. Наад зах нь аж ахуй нэгж, байгууллагууд дотоод журамдаа нийцүүлэн дуртай бол авдаг, дургүй бол халдаг тохиолдол цөөнгүй бий. Сарын дотор гурван дарга солигдож, тэр болгонд хөдөлмөрийн гэрээ шинэчилж хийсэн жишээ хүртэл байна шүү дээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байна. Цагийн ажил бол Монголд “моод” болтлоо дэлгэрсэн. Үндэсний олон нийтийн телевизид гэхэд цагаар ажиллах хүсэлтэй хүмүүс их ирдэг. Олон улсын байгууллагуудад ихэнх хүн цагаар ажилладаг. Тиймээс цагийн ажлыг журамлаж өгөх нь зөв юм. Өмнө нь ихэвчлэн ажил олгогчдынхоо эрх ашгийг бодолцдог байсан бол одоо шинээр ажлын байр бий болгох, хүнийг тогтвор суурьшилтай ажиллуулах асуудал номер нэг болчихоод байна. Ажил олгогчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх нь зүйтэй л дээ. Гэхдээ цагийн ажлыг журамлалаа гээд ажил олгогчдын эрх ашиг хөндөгдлөө гэж ярих нь илүүц юм. Анхнаасаа тухайн хүнийг цагийн ажилд авахдаа л тодорхой дүрэм журам мөрдөөд явах нь зүйтэй гэж үзэж байна. Харин үр дүнг харгалзана гэдэг асуудал байх ёсгүй гэж бодож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна. УИХ-ын Н.Учрал: Би энэ хуулийн төслийг анхнаас нь дэмжихгүй байсан. Яагаад гэвэл ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем KPI, Баланс скори карт гэдэг зүйл хуулинд оруулаагүй байж юун цагийн ажлыг дүгнэх гээд юм оруулчихав аа. Энэ бол суурь концепцээр нь өөрчилж байж оруулж ирэх зохицуулалт тэгэхгүй бол гарангуут гар хөлгүй хууль л гарах байх. Нэмэлт өөрчлөлтөөр ийм л үр дүн гарна гэж бодож байгаа учир энэ хуулийг дэмжихгүй байгаа. Үнэлж болдоггүй, баахан цагийн ажлын нөхдүүд чинь гарч ирээд би ажил хийсэн гээд эхлэнэ. Гадаадын бүхий л хуульд энэ KPI чинь орчихсон. Бүх байгууллага үнэлгээний системээ хэрэгжүүлээд эхлэчихсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг өмнөх парламентад Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа санаачилж, өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ, Засгийн газрын хуралдаанаар дахин оруулж ирж хэлэлцүүлэн, батлуулахыг хүссэн юм. УИХ-ын гишүүн С.Чинзориг: "Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэдэгтэй санал нэг байна. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх найруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. 1999 онд анх Хөдөлмөрийн тухай хууль батлагдаж, үүнээс хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Шинэчилсэн найруулга хэлбэртэй зарчмын томоохон өөрчлөлт одоо хир нь ороогүй байдаг. 2015 онд миний бие Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж явлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн юм. Мөн оны наймдугаар сард МАН Засгийн газраас гарсны дараа тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд сөрөг хүчний гишүүний өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй гээд автоматаар буцаасан. Харин одоо бол уг шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар дахин оруулж найруулга, нэр томьёоны шинжтэй засварууд байвал оруулнсы үндсэн дээр батлах бүрэн боломж нээлттэй байна. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын санаачилсан Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгын төслийг хамтад нь хэлэлцэн баталж болох юм. 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд шийдвэл зохих олон асуудал бий. Зөвхөн хөдөлмөрийн маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх явц хэт удаан, гэрээсээ алслагдмал буюу орон нутагт ажиллаж буй залуучуудад ажлын цаг гэж байдаггүй, өдөр шөнөгүй ажиллуулдаг, нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг хэдээр үнэлэх нь тодорхой биш гээд дурдаад байвал асуудал бишгүй бий. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилсэн найруулах нь зүйтэй. Ганц, нэг асуудлыг шийдэх замаар нэмэлт, өөрчлөлт оруулах нь зохимжгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн асуудал нь макро эдийн засгийн үндсэн суурь хууль юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталснаар оюутнуудын цагийн ажил, тэднийг ажлын байртай болгох зэрэг өргөн цар хүрээтэй асуудлыг нэг мөр шийдэх боломжтой."