Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах нийгмийн, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох эдийн засгийн ач холбогдолтой юм байна. УИХ-ын гишүүн М.Билэгт: Хууль хэрэгжсэнээр Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. Хяналт тавих, мэргэжлийн хяналтын байгууллагатай холбоотой хариуцлага, лабораторийг сайжруулах, боловсон хүчний асуудлыг чадваржуулах тал дээр яаж ажиллах вэ? Хууль хэрэгжүүлэх явцад ямар журам гаргах вэ? Ажлын хэсэг: Хууль батлагдсаны дараа Засгийн газраас баяжуулсан хүнсний хөтөлбөр батлагдана. Лаборатори бэхжүүлэх тал дээр судалгаа хийсэн. Цаашдаа шийдээд явна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2018.04.17/хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн, анхны хэлэлцүүлгийг хэлэлцээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хуулийн төслийн 3.2-т Хуулийн үйлчлэх хүрээ гэдгээс асуух асуулт байна. Албан журмаар баяжуулан үйлдвэрлэж байгаа хүнстэй ижил төрлийн хүнсийг импортлохтой харилцах харилцаанд энэ хууль үйлчилнэ. Үүнийг задалж тайлбарлаж өгнө үү? Яг өнөөдөр манай улс хүнснийхээ бараг 60 гаруй хувийг импортоор хангаж байгаа. Маш олон төрлийн хүнс бий. Жилдээ нэг их наяд төгрөгний хүнсийг импортоор авч байна. Үндсэндээ суурь хэрэглээний дийлэнх нь. Албадлагаар нэг төрлийн хүнсийг аваад баяжуулсан нөхцөлд дутагдсан хүнсийг бид яах вэ? Импортлохын тулд баяжуулах шаардлага тавьж байна. Нийт импортолж байгаа бүтээгдэхүүний дийлэнх нь эцсийн бүтээгдэхүүн байдаг. Ямар хүнсийг баяжуулах вэ? ХХААХҮЯ-ны Зохицуулалтын албаны дарга П. Гантогтох хариуллаа. Хуулийн төслийн зохицуулалтаар Засгийн газраас албан журмаар баяжуулах хүнсний нэр төрлийг оруулж ирнэ. Эхний харж байгаагаар гурил эсвэл давс гэж харж байна. Ж. Энхбаяр: Гурилан дээр баяжуулалт хийнэ гэж байсан. Гурил импортоор их орж ирдэг. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ? гэсэн асуултыг ажлын хэсгээс тодрууллаа.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2018.04.17/хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн, анхны хэлэлцүүлгийг хэлэлцээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байгаа лабораторийн чанар болон олон улсын итгэмжлэлтэй лаборатори манай улсад байгаа юу гэсэн асуултыг ажлын хэсгээс тодрууллаа. УИХ-ын гишүүн А.Сүхбат: Хуулийн төслийг дэмжиж байна. Зарим баяжуулагч хүнсийг манай улсад оруулж ирэх юм байна. Ер нь манай улсын лаборатори ямар төвшинд шинжилгээ хийж байна? Генийн өөрчлөлттэй хүнснээс татгалзъя гэж ярьж байгаа. Үүнийг шалгадаг, илрүүлдэг лаборатори байгаа юу? Олон улсын итгэмжлэгдсэн лаборатортай болох боломж бидэнд бий юу? Ажлын хэсгээс : Лабораторийн асуудал хамгийн чухал. Манайд хэд хэдэн лабораторийн газар ажиллаж байна. ШУТИС-ийн Хүнс судлалын лаборатори, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын лаборатори, АУИС-ын лаборатори гээд орчин үеийн шинжилгээний аргыг нэвтрүүлсэн лаборатори байгаа. Олон улсын магадлан итгэмжлэгдсэн лаборатори бол ШУТИС-ийн Хүнс судлалын лаборатори ажиллаж байна гэсэн хариултыг өглөө.