• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Их Хурал

Ажлын хэсэг ахалсан

Баттөмөр.Б

Батлагдсан огноо

2017.11.16

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 баримтлах бодлого батлах тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2017.09.29

Байр суурь

Х.Нямбаатар: Том төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх хэрэгтэй

Өнөөдөр /20174.11.16/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуулт асуулаа. Х.НЯМБААТАР: ТОМ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ХӨДӨЛГӨХ ТАЛААР ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙГАА ВЭ? Тойргоос сонгогдсон бүх гишүүд өөрсдийн тойрогтоо төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Шинээр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болгоны ард тууз хайчлах нэг хэрэг. Харин тэр бүтээн байгуулалтын урсгал зардалд төсөв дээр жилээс жилд нэмэгдэж байгаа. Бид магадгүй 2019 онд төсвийнхөө ачааллыг дийлэх эсэхээр Мөнгөний бодлого дээр хэлэлцэх ёстой. Жижиг, дунд үйлдвэрийг ярьж байна. Бид жижиг, дунд үйлдвэрийг өрөөсгөл утгаар ойлгоод байна. Эсгий таавчик, дээл хувцас оёхыг жижиг дунд үйлдвэр гэж төсөөлөөд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ том төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байж, дагалдаж хийгддэг жижиг эд ангиудыг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн талаар бид ярихгүй байна. Эдийн засгийн байнгын хорооноос асууя. Ирэх онд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж ярьж байна. Маш олон асуудлууд жилээс жилд хуримтлагдаж байгаа. Жилд дунджаар 55 мянга орчим хүн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж байна. Гэтэл томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нээгдэж байгаа зүйл байхгүй. Өнгөрсөн 4 жилийн харалган бодлогоос шалтгаалж маш олон аж ахуйн нэгж байгууллагууд хаалга, үүдээ барьсан. Одоо бид жил болгон 55 мянган хүнээр нэмэгдэж байгаа, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч болж байгаа хүмүүсээ хаана шингээх вэ? Жил болгон улсын төсвөөр шинэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа сургууль,цэцэрлэг, зам харгуйнхаа урсгал зардлын төслийг хаанаас татварын бааз суурь болгож нэмэгдүүлэх вэ? Татварын албадууд бол хэдэн татвар төлөгчдийн нурууг гартал бааз суурийг нь шавхаж байгаа. Одоо бид шинэ эх үүсвэрийн эрэлд гарах хэрэгтэй. Том төсөл хөтөлбөрүүдээ намчирхалгүй, популизм хийлгүй, нутархаглалгүй, фракцлалгүй явуулах тал дээр яг яамр тодорхой, бодитой ажлуудыг хийх гэж байна? Нэгдүгээр сард энэ төлсийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийгээд, үүний дагуу гаргах шийдвэрийн төлөвөлөгөө байна уу? Том төсөл хөтөлбөр явуулахгүйгээр улс орны ирээдүйг дүгнэж, цэгнэх бэрх. Ямар төлөвлөгөө графикаар том төсөл хөтөлбөрүүдийг явуулахаар шийдвэр гаргах байгууллагад оруулж ирэх гээд төлөвлөж байна вэ? Д.ДАМБА-ОЧИР: ТОМООХОН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДАГАСАН ҮЙЛДВЭРҮҮД ГАРАХ ЦАГ БОЛСОН Техник, эдийн засгийн ТЭЗҮ боловсруулагдсан, санхүүжилт бэлэн болсон, ирэх хавар барилгын ажил явагдах төслүүд их цөөхөн байна. Засгийн газарт үүрэг өгөөд, шамдуулах хэрэгтэй байгаа. Мөн төмөрзамаас эхлүүлээд төсөл хөтөлбөрүүдийн талаар улстөрийн шийдлүүдийг гаргах хэрэгтэй. Үүний дараа том төслүүд хөдлөх боломжтой болж ирнэ. Эрдэнэт, Оюутолгой, Багануур зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн импортоор авдаг бараа бүтээгдэхүүнүүдийг монголдоо үйлдвэрлэдэг болох төрийн бодлого боловсруулах зүйтэй байна. Японд Тоёотаг дагаад 1200 гаруй аж ахуйн нэгж үйлдвэрүүд байдаг. Энэ зарчмаар явах цаг болсон гэж бодож байгаа. Үүнийг дагаад ажлын байр, үйлдвэрүүд бий болно. Тиймээс томоохон аж ахуйн нэгжүүдийг дагасан, импортыг орлох тоног төхөөрөмжүүдийг монголдоо үйлдвэрлэх цаг нь болсон. Х.НЯМБААТАР: ТОМ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЛААР ГИШҮҮДЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА Энэ том төсөл хөтөлбөрүүдээ гишүүдэд нээлттэй танилцуулах хэрэгтэй байна. Графикаа гаргаж ирээд, аль төсөл хаана гацаад байгааг, аль нь улстөрийн шийдлээ хүлээж байгаа, аль нь хөрөнгө оруулалт хүлээж байгаа гэдгийг ярих хэрэгтэй. Д.ДАМБА-ОЧИР: ЭНЭ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА Эдийн засгийн байнгын хороон дээр энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Том төсөл хөтөлбөрүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Үүний дараа гишүүддээ танилцуулна.

2017.11.16

Д.Тэрбишдагва: Зөвхөн хүү бууруулснаар хэдэн зуун тэрбум төгрөг хэмнэнэ

Өнөөдөр /20174.11.16/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асуулаа. Д.ТЭРБИШДАГВА: ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ЗААВАЛ БАЙГУУЛАГДАХ ШААРДЛАГТАЙ ЮМ УУ? 2013 онд 5.5 тэрбум доллартай байж байгаад 2016 оны УИХ-ын дараа байгуулагдсан Монголбанкны нэг тэрбум ам.долларын нөөцтэй буюу 4.5 тэрбум долларыг Монголбанкны урдах удирдлагыг урдах удирдлагууд "гөвсөн". Нэг жилийн дотор 1 дахин нэмэгдүүлсэн байгаа нь Монголбанк цаашид дээшилж болох үзүүлэлт. Гэхдээ үүнд сэтгэл ханаж болохгүй. Танилцуулгатай холбоотой хэд хэдэн асуудал байна. Энэ тоо баримтыг нэмэгдүүлэх боломжууд байгаа. Жишээ нь, Чингис бонд гэхэд 4.1 байж байгаад 5.1 хувийн хүү нэмэгдсэн. Самурай бонд 7.5, Мазаалай бонд 10.8 гээд хүү нь сүүлдээ нэмэгдээд яваад байна. Тэгэхээр хүүг нь бууруулахад л албан хаагчдын цалинг нэмэхэд бүрэн боломжтой болно. Хүүгийн хугацааг нааш татах, хүүг бууруулах хэлэлцээр хийвэл хэдэн зуун тэрбум төгрөг хэмнэнэ. Зөвхөн БНХАУ-аас авсан своп хэлэлцээрээр Хятадад 6 хувийн хүүтэйгээр тохирсон. Урд хөрштэйгөө хэлэлцээр хийгээд, 6 хувийг нь бууруулахад жилд 500 тэрбум төгрөг хэмнэхээр байна. Зөвхөн хүү бууруулснаар хэдэн зуун тэрбум төгрөгийг хэмнэнэ. Мөнгө угаах терроризмтай тэмцэх асуудал байна. АТГ байгуулах гадаадын шахалт байсан. Тэр үед би АТГ байгуулах нь зөв эсэх дээр эргэлзэж байсан. Одоо АТГ байгуулагдсанаас хойш авилгал буураагүй. Гадныхан гоё нэртэй байгууллагаар манайхныг шахдаг. Терроризмтой тэмцэх асуудлаар саарал жагсаалтанд оруулна гэх мэт зүйл бичсэн байна. Мөнгө угаах терроризмтой тэмцэх үндэсний зөвлөл ажилласан байна. Тайлан гарсан уу? Үнэхээр аймшигтай терроризмын мөнгө орж ирээд, мөнгө угаадаг улс болчихсон юм уу? Үүнийг л хийхгүй бол болохгүй гээд шахалт үзүүлээд байна. Яг шаардлага байгаа юм уу? Д.ДАМБА-ОЧИР: СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРОХ БОЛГООМЖЛОЛ БИЙ Хамгийн сүүлд 10.75-аар бонд босгосон. Түүнийг бид эргэн төлөхдөө 5.8-аар тооцож хааж байгаа. Ер нь бондын бондоор дарах буруу. Сангийн яам урт хугацааны, бага хүүтэй зээлээр солих асуудлыг судалж байгаа. Мөнгө угаах асуудал монголд явагдаагүй биш явагдаж байгаа. Саарал жагсаалтанд орох болгоомжлол бий. Энэ жагсаалтанд орвол Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулах, цаашдаа Монгол Улстай хамтарч ажиллах асуудлууд хүндэрнэ гэдэг асуудал яригдсан. МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН: ФАТФ-ААС ХИЙСЭН ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРОХ МАГАДЛАЛ БИЙ Мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ гэж байдаг. ФАТФ-ын Ази, номхондалайн бүсийн байгууллагаас 2016-2017 онд үнэлгээ хийсэн. Тус үнэлгээгээр ноцтой нөхцөл байдал үүссэн, саарал жагсаалтад орох магадлал байна гэж гарсан. Тиймээс хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгох шаардлага бидэнд тавьж байгаа. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ганц Монголбанкны идэвхи чармайлт хангалтгүй. АТГ, Улсын прокурорын байгууллага, шүүхийн байгууллага, Цагдаагийн байгууллага, Хууль зүй дотоод хэргийн яамны дэмжлэг туслалцаа зэрэг маш олон байгууллагын үйл ажиллагаа хэрэгтэй учраас бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд санал тавиад Үндэсний зөвлөл байгуулсан. Уг зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Энхбаяр ахалж байгаа. Сая миний нэрлэсэн байгууллагуудын төлөөлөл ордог. Энэ байгууллагын үйл ажиллагааг цаашид идэвхжүүлэх шаардлагатай болж байна. Үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө гарсныг цаашид УИХ-аар батлуулах шаардлагатай.

2017.11.16

Ж.Ганбаатар: Өнөөдрийн хүрсэн амжилтанд битгий ханаарай

Өнөөдөр /20174.11.16/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа. Ж.ГАНБААТАР: АРИЛЖААНЫ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮНД ТӨРИЙН ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ Мөнгөний бодлогын хувьд ирэх 2018 онд бизнес эрхлэх сонирхлыг дээшлүүлэх, татвар төлөгчдийн бааз суурийг хэрхэн дээшлүүлэх, мөнгөний бодлогыг хумих эсвэл нэмэгдүүлэх эсэхийг ярих ёстой бичиг баримт гэж би ойлгож байна. Түүнээс биш тунхгийн шинж чанартай зүйл байж болохгүй. Арилжааны банкнаас авч байгаа иргэд болон ЖДБ эрхлэгч нарын зээлийн хүүнд асуудал байна. Сүүлийн үеийн тайлбарыг сонсохоор зах зээл өөрөө зохицуулна гэж байна. Бусад бүх асуудалд төрийн бодлого явах ёстой гэж ярьдаг. Гэвч арилжааны банкны зээлийн хүүг л ганцхан зах зээл өөрөө зохицуулна гэж ярьж болох уу? Төрийн оролцоо тодорхой хэмжээнд байх ёстой гэж би бодож байна. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох төрийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Дайн байлдаан болж байгаа улсын зээлийн хүүтэй адилхан байна. Энэ зээлийн хүүг давж бизнес эрхлэх боломжгүй байна гэдгийг хүн болгон ярьж байна. Валютын ханшийн хувьд Монголбанкны ерөнхийлөгч хэлэхдээ өмнөх жилээс сайжирсан, тогтворжсон гэж ярьж байгаа. Гэхдээ үүнд сэтгэл ханалгүй, долларын ханшийг цаашид ч буулгах тал дээр анхаарал тавих хэрэгтэй. Эдийн засгийн байдлын сэргэлтийг харахад долларын ханшийг үргэлжлүүлэн буулгах боломжтой гэж харж байна. Энэ тал дээр тодорхой хариулт хэлнэ үү. Д.ДАМБА-ОЧИР: ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭС ИЛҮҮ ХАДГАЛМЖИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ Монгол Улсын валютын нөөц 2.2 тэрбум болсон. 2018 оны төгсгөл гэхэд 3 тэрбум болох байх. ОУВС-гаас оруулж ирэх 576 сая доллар бас нэмэгдэж орж ирэх ёстой. Тиймээс 2018 онд валютын ханш өсөх асуудал яригдахгүй гэж ойлгож байгаа. Хэт их буулгах нь зохимжгүй. Тогтвортой байлгах нь л зүйтэй. Монголбанкны 2017 онд хэрэгжүүлж байгаа бодлогууд үр дүнд хүрч байгаа. Аж ахуйн нэгж, бизнес эрхэлж байгаа хүмүүст валютын ханшны дарамт орж ирэхгүй. Зээлийн хүүг буулгая гэдэг асуудал яригдаж байгаа. Зарим гишүүдийн санаачилж, оруулж ирсэн хуулийг Эдийн засгийн байнгын хороо удахгүй хэлэлцэж эхэлнэ. Арилжааны банкны зээлийн хүүг буулгахаас илүү хадгаламжийн хүүг хязгаарлахгүй бол болохгүй байна. Банкнууд хоорондоо өрсөлдөөд, хадгаламж татах үүднээс сүүлийн үед 20 хувь хүртэл амладаг болж эхэлж байна. Энэ нь зах зээлийн өрсөлдөөн гэхээсээ илүү замбараагүй байдалд орж эхэлж байна. Тиймээс хадгаламжийн хүүг буулгах асуудлыг ярих нь зөв. Харин зээлийн хүүг буулгах тал дээр Монголбанк ажиллаж байгаа. Энэ талаар хэд хэдэн хууль санаачилж байгаа. МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА Бид өндөр зээлийн хүүтэй олон жил явлаа. Тиймээс эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнесийг дэмжих, эрхэлж байгаа бизнестээ бизнес эрхлэгч нар нь итгэлтэй байх үүднээс зээлийн хүүг бууруулах бодлогыг Монголбанк барьж байна. Энэ санаачилгыг анх арилжааны банкуудаас оруулж ирсэн. Энэ саналыг дэмжээд томоохон ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Зээлийн хүүг бууруулах шаардлагатай арга хэмжээнүүдийг 2018 онд авч хэрэгжүүлнэ гэж үзэж байна. 2017 он Монголын эдийн засгийн хувьд амаргүй жил боллоо. 2018 бол эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн жил болно гэж харж байгаа. Түүнд чиглэсэн бодлогын баримт бичиг батлагдаж байна. Бид үүнийг тунхаг гэж үзэхгүй, үйл ажиллагааны хөтөлбөр гэж харж байна. Валютын ханшийн тухайд өнгөрсөн нэг жилийн өмнө би энэ зааланд Монгол Улсын валютын нөөц -400 сая доллар байна гэж хэлээд загнуулаад сууж байсан. Харин өнөөдөр +500 сая доллар боллоо. Ийм ахиц өөрчлөлт эдийн засгийн амьдралд гарч ирлээ. Цаашид валютын ханшийг хэт өсгөхгүй, тогтвортой байлгах, боломжтой бол зохих хэмжээгээр буулгах нөхцөл байдал эдийн засагт бүрэлдээд байна. Ж.ГАНБААТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛООД УИХ-ЫН ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН БҮХ ҮР ДҮН ХАНШНААС ШАЛТГААЛНА Бизнес эрхлэгч нар ажлаа төлөвлөхдөө 3-5 жилээр төлөвлөж байгаа. Сүүлийн үед 2450 болсон долларын ханшийг хэн ч тооцоогүй. 1600 байсан л ханш. Савласан ханшаа буулгаач ээ л гэсэн байр суурьтай байна. Өмнө нь байсан ханш руугаа орохыг л хэлж байна. Түүнээс биш хэт савлах нь төрд ашиггүй гээд яриад сууж байгаа нь зохимжтой биш. Засгийн газрын болоод УИХ-ын хийж байгаа ажлын бүх үр дүн ханшнаас шалтгаална. Хоосон ажил хийхгүйн тулд ханшаа хуучин ханшинд буулгах талаар идэвхтэй ажиллаарай. Өнөөдрийн хүрсэн амжилтанд битгийн ханаарай. Ийм боломж нөхцөл эдийн засагт бүрдсэн байна.

2017.11.16

М.Оюунчимэг: Арилжааны банкуудын зээлийн хүүгийн асуудлаар УИХ нээлттэй хэлэлцэх хэрэгтэй

Өнөөдөр /2017.11.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс 2018 онд баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийллээ. М.ОЮУНЧИМЭГ: БОДЛОГЫН ЧАНАРТАЙ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ТОМЪЁОЛСОН, ХАМГААЛСАН, ТОДОРХОЙГҮЙ ЗААЛТУУД ИХ ОРСОН БАЙНА Мөнгөний бодлогын гол агуулга нь хөрөнгө оруулах, бизнес эрхлэх зах зээлээ дэмжсэн, итгэлийг сэргээсэн, түүнийг хадгалах үүднээс ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогыг тусгаж оруулах талаарх асуудал юм. Хүн болгонтой холбоотой асуудал бол зээлийн хүү. Ирж байгаа өргөдөл, гомдлын 70-80 хувь нь зээлийн хүүтэй холбоотой асуудал байна. 3, 4 жил төлөөд байгаа боловч хүүгийн хүү бодсоор байтал үндсэн зээлээс нэг төгрөг ч хасагдахгүй байгаа шалтгааныг олж, хяналт шалгалт тавих хэрэгтэй. Арилжааны банкуудын зээлийн хүүг бодох аргачлал болон үндсэн зээлийн хүү буурахгүй байгаа шалтгааныг УИХ-аар нээлттэй хэлэлцэх саналыг би тавья. Сүүлийн 2 жил Монголбанк эдийн засгийн хамгийн хүнд үеийг хүлээж авсан. Энэ үед хамгаалсан бодлого авч хэрэгжүүлсний дүнд валютын нөөц 2 тэрбум гаруй доллар болж байна. Тиймээс одоо зах зээлээ тэлсэн, зах зээл рүүгээ чиглэсэн арга хэмжээ авч байж ажлын байр нэмэгдүүлж, иргэд орлоготой болно. 2018 оны мөнгөний бодлого дээр дорвитой өөрчлөлтүүд хийхийг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хороон дээр "Иргэд аж ахуйн хуримтлалыг дэмжиж, бодлогын хүүг бууруулах" заалт дэмжигдээгүй. Энэ мэт тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бодлогын чанартай гэхээсээ илүү томъёолсон, хамгаалсан, тодорхойгүй заалтууд их орсон байна.

2017.11.14

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн хүүг өрхийн орлоготой нь уялдуулж тооцох боломж бий юу?

Өнөөдөр /2017.10.26/ УИХ-ын ээлжит чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2018 онд баримтлах бодлогыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа. Л.ЭНХ-АМГАЛАН: ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ЗАЛУУ ГЭР БҮЛ ОРЛОГЫНХОО 50-60 ХУВИЙГ ОРОН СУУЦНЫХАА ЗЭЭЛД ТӨЛЖ БАЙНА Энэ жилийн 2018 оны мөнгөний бодлого дээр зээлийн хүүг бууруулах гэж чухал заалт орж ирж байна. Олон жил ярьсан хэрнээ дорвитой арга хэмжээ авч чадаагүй. Сүүлийн үед арилжааны банк өөрсдөө санаачилга гаргаж, зээлийн нөхцлийг хөнгөвчлөх гарц хайж байгаад талархаж байна. Тэр дотроо иргэдийн нуруун дээр байгаа асуудал бол мэдээж арилжааны зээл. Мөн моргэйжийн зээлийн асуудал байна. Монгол Улсад 100 гаруй мянган залуу өрх моргэйжийн зээлтэй байгаа. Харамсалтай нь тэдгээр өрх орлогынхоо 50-60 хувийг орон сууцныхаа зээлд төлөөд, цаанаа амьдрах мөнгөгүй болж байна. Монгол өрхийн дундаж орлого 1,1 сая гэсэн тооцоолол гарсан. Гэтэл үүнээс 600-700 мянган төгрөгийг зээлэндээ төлж байна. Моргэйжийн зах зээлийг хөгжүүлэх чиглэл рүү ямар тооцоо судалгаа хийсэн бэ? Залуу гэр бүлүүд 30 сая төгрөгний зээл аваад, 5 жилийн дараа эргээд харахаар үндсэн зээлээс барагдсан хэмжээ маш бага байна. Үүнийг олон улсад оромжийн ядуурал гэж нэрлээд байна. Орон сууцны зээл авсан хүн өөрөө ядууралд орчихдог. Хүүгээ төлж явсаар байгаад үндсэн зээл рүүгээ орж чадахгүй байна. Бусад улсад өөрийнх нь орлоготой уялдуулсан зохицуулалт байдаг. Зээлийн хүүг бууруулах стратеги дотроо орон сууцны зээлийн талаар шийдэл гаргасан зүйл байгаа юу? Сүүлийн үед УИХ-ын гишүүд монгол руу орж ирэх валют монголыг тойроод байна гэсэн шүүмжлэл гарч байна. Гэтэл монголд орж байгаа томоохон хөрөнгө оруулагчид монгод А зэрэглэлийн хөрөнгө оруулалтын банкуудыг байгуулах асуудал ярьж байна. Энэ талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН: ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМД ЦААШДАА ӨӨРЧЛӨЛТ ОРНО Бид мөнгөний бодлогын баримт бичиг дээр зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах зорилт дэвшүүлж байгаа. Монголбанк, арилжааны банкны төлөөллүүд болон эрдэмтэн судлаачдыг хамарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Тиймээс ойрын үед стратегийн баримт бичгээ бэлэн болгож хэрэгжүүлэх ажлаа тодорхой болгоно гэж үзэж байна. Үүн дотор ипотектэй холбоотой асуудал яригдана. Ипотекийн журмыг өөрчлөх асуудлыг авч үзэж байна. Одоогоор Монголбанкнаас арилжааны банкуудад 4 хувийн хүүтэй зээл гардаг. Дээр нь арилжааны банкууд дахин 4 хувийг нэмээд жилийн 8 хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгож байгаа. Санхүүжилтийн эх үүсвэрийг 2 газраас авдаг. Дийлэнхи хэсэг нь Монолбанкнаас урьд нь олгосон ипотекийн зээлд олгосон 4,2 их наяд төгрөгийн эргэн төлөлтөөс 16 тэрбум төгрөг өгч байна. Мөн 2017 оны төсвөөс тодорхой хэмжээний мөнгө тавьдаг болсон. Одоогоор 25 тэрбум төгрөгийн хэмжээнд яригдаж байна. Энэ хөтөлбөрийг яаж өөрчлөх вэ гэдэг талаар бид дэлхийн банкнаас техникийн туслалцаа аваад, судалгааны үр дүн бэлэн болж байгаа. Тэдний өгсөн зөвлөмжийг багцаалж үзэх юм бол арилжааны банкууд зээлээ иргэдэд өгдөг байх хэрэгтэй. Засгийн газраас харин хөтөлбөрт хамрагдсан иргэдэд татаас өгч, хүүгийнх нь хэмжээг буулгах арга хэмжээг авах арга байгаа. Тиймээс цаашдаа санхүүжилтийнх нь журам өөрчлөгдөнө гэж хэлж болно. Олон улсын банк оруулж ирэх тухайд Монголбанкны зүгээс эсэргүүцсэн зүйл байхгүй. УИХ дээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Энэ хууль батлагдвал бид хууль эрхзүйн орчны дагуу гадаадын банкууд орж ирэх бололцоотой гэж үзэж байна. Өнөөдрийн хэрэгжиж байгаа хуулиар гадны банк байгуулах асуудлыг хөрөнгө оруулалт гэж үзэж, зохицуулах зөвшөөрлийг Засгийн газраас авдаг. Банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулахад Монголбанкнаас зөвшөөрөл авдаг гэсэн хоёр өөр эрхзүйн орчин үйлчилж байгаа.

2017.10.26

Ж.Ганбаатар: Монголбанк бизнес эрхлэгчдийн итгэлийг сэргээх ямар ажил хийгдэж байгаа вэ?

Өнөөдөр /2017.10.27/ УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2018 онд баримтлах бодлогыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа. Ж.ГАНБААТАР: БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ИТГЭЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого дээр 3 үндсэн асуудал байна. Нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулж, нэг оронтой тоонд оруулах шаардлагатай. Тэр дундаа иргэдийн банкинд төлж байгаа зээлийн хүүг жилд 2-3 хувиар тогтмол бууруулах ёстой. Хоёрдугаарт, Бизнес эрхлэгчдэд төрөөс хэрэгжүүлэж байгаа бодлогод итгэх итгэлийг дээшлүүлж, тогтвортой өсөж дэвших боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, валютын ханшийг тогтворжуулж, цаашид үе шаттайгаар буулгаж аж ахуйн нэгжүүдийнхээ нуруун дээрээс нэг ч гэсэн ачааг хөнгөлөх шаардлагатай. МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН: Банкны салбарт үйлчилж буй хууль эрхзүйн томоохон шинэчлэлт хийе гэдэг зорилготой ажиллаж байгаа. Одоогоор 11 хуулийн төсөл боловсруулаад явж байна. Эдгээрийн нэг нь банкны тухай хууль. Монголбанк өөрөө хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барих эрх байхгүй учраас бид хууль тогтоогч нартай хамтран ажиллаж байна. Ойрын үед бид Банкны тухай хууль өргөн барих болно. Энэ хуулийг өргөн барих явцдаа бид зээлийн дээд түвшинг Төвбанкны оролцоотойгоор тогтоодог байхаар судалж үзэж байна. Энэ санал хууль санаачлагчийн дэмжлэгийг авбал ойрын үед УИХ-д орж ирж, хэлэлцэгдэх болно. Бизнесийн хэрэглэгчийн итгэлийг сэргээх явдал маш чухал. Миний хувьд ил тод байх, үнэнээ хэлэх, бодлогоо тайлбарлах ёстой. Үүн дээр тулгуурлаад бизнес эрхлэгч нар шийдвэрээ гаргах ёстой гэдэг зарчим барьж байгаа. Энэ зарчмаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Ойрын гурван жилд инфляцийг их хэмжээгээр нэмэгдүүлэхгүй, тогтвортой барьна гэдгийг эдийн засгийн маш том индикатор гэж ойлгож байгаа. Үүн дээр тулгуурлаад бизнес эрхлэгчид өөрсдийн шийдвэрээ гаргаад явах ёстой. Валютын ханшийг барихын тулд маш их ажилласан. Нэг жилийн хугацаанд нэг тэрбум орчим долларын интервенц хийсэн. Гадаадын байгууллагуудаас алтны санхүүжилт нэрээр авсан зээлүүдийг төлж барагдууллаа. Зарим арилжааны байгууллагуудтай хийсэн своп хэлцлийг буцааж, мөнгө төгрөгийг нь төлж өглөө. Одоогоор валютын нөөц 1,750 сая доллар байна. Оны төгсгөл хүртэл 200 орчим сая доллараар нэмэгдүүлэх бололцоотой гэж үзэж байгаа. Мөн 1 сард төлөх "Чингис" бондныхоо өрийг төлөх мөнгө босголоо. Олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 800 сая долларыг оллоо. Нийтдээ 5,8 тэрбум долларын хүсэлт орж ирсэн.

2017.10.26