• logo
  • search
    user

Х.Жангабыл:

Оюуны хөрөнгө оруулалт хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт

2026.05.25
5 мин унших
Жангабыл Хажекбер

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Х.Жангабылтай цөөн хором ярилцлаа.

Баян-Өлгий аймгийн оюутан, залуучуудын дунд зарласан 150x150 тэтгэлэгт  хөтөлбөрийнхөө талаар яриагаа эхэлье. Анх 100 оюутанд зориулсан  энэ  хөтөлбөрт 150 оюутан хамрагдлаа. Энэ тэтгэлгийн гол зорилго юу вэ?

 

- Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Мөн хүний хөгжил, оюуны хөрөнгө оруулалт бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа. Энэ үзэл санаан дээр үндэслээд бид эх орныхоо ирээдүй болсон оюутан, залуучуудыг дэмжих зорилгоор “150x150” тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилсан. Бид анх 100 оюутанд тэтгэлэг олгохоор төлөвлөсөн. Гэтэл тэтгэлэг зарласны дараа 1500 орчим оюутан материалаа ирүүлсэн. Энэ нь хэрэгцээ асар өндөр байгааг харууллаа.

 

Тиймээс нэмэлт эх үүсвэр гаргаж, дахин 50 оюутан нэмж, нийт 150 оюутанд тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон юм. Нийт 150 сая төгрөгийн эх үүсвэрийг миний өмнө нь ажиллаж байсан компани нийгмийн хариуцлагын хүрээнд гаргаж байгаа. Тэтгэлгийг оюутнуудын сургалтын төлбөрт буюу сургуулийн данс руу нь шууд шилжүүлнэ. Бэлнээр олгохгүй. Энэ мөнгө нэг их их хэмжээний мөнгө биш. Гэхдээ залуусыг урамшуулах, зорилготой болгох, идэвхжүүлэх сэтгэлийн дэмжлэг болно гэж харж байгаа. Миний хувьд оюуны хөрөнгө оруулалтыг үр дүнтэй хамгийн том хөрөнгө оруулалт гэж үздэг.

Монгол Улсын хөгжлийг авч явах залуучуудад загас өгөх биш, загас барих аргын зааж өгч, өвлүүлж үлдээвэл илүү үр дүнтэй байх болно.

Тэтгэлэгт шалгарсан оюутнуудын хувьд ямар чиглэлийн мэргэжил давамгайлж байна вэ?

-Баян-Өлгий аймаг 12 сум, нэг тосгонтой өнөөдрийн байдлаар 5000 гаруй оюутнууд суралцаж байна. Энэ хөтөлбөр зөвхөн аймгийн төвийн хүүхдүүдэд биш, Баян-Өлгий аймгийн бүх сумын оюутнуудад нээлттэй байсан. Хүн амын тоонд үндэслэн сум бүрт квот хуваарилсан. Шалгарсан оюутнуудын дунд инженер, хиймэл оюун ухаан, технологийн чиглэлийн мэргэжлүүд нэлээд түлхүү байна.

 

Сонгон шалгаруулалтад сурлагын дүн, эсээ бичлэг, хувь хүний зорилго, идэвх зэргийг харсан. Боловсролын салбарын мэргэжлийн хүмүүс оролцож шалгаруулалтыг хийсэн. Манай аймагт багш, цэцэрлэгийн багшийн хувьд хангалттай хэмжээнд байгаа. Харин инженерийн болон технологийн чиглэлийн мэргэжилтнүүд, тэр дундаа хиймэл оюун ухаан, инженерийн салбарын хүний нөөц дутагдалтай гэсэн статистик бий. Тиймээс цаашдаа энэ чиглэлийг илүү дэмжих шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг цаашдаа уламжлал болгон өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Өнгөрсөн сард сэргээгдэх эрчим хүчний асуудлаар Баян-Өлгий аймагт ажилласан. Энэ талаар тодруулаач?

 

-Миний мэргэжил бол цахилгааны инженер. ШУТИС-ийг цахилгаан инженер, барилгын хамгаалалт, автоматжуулалтын чиглэлээр төгссөн. Олон жил хувийн хэвшилд ажилласан болохоор сэргээгдэх эрчим хүчний салбарыг их сонирхдог. Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын “3x100” тогтоолын хүрээнд УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн хамтаар Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэр сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэнгийн арга хэмжээг зохион байгуулж, төрөөс СЭХ-ний салбарт баримталж буй бодлого, шийдвэрүүдийг танилцууллаа.

 

Мөн айл өрх бүр СЭХ-ээр дамжуулан эрчим хүчний зардлаа хэмнэх, үйлдвэрлэсэн цахилгааны илүүдлээрээ төвийн шугамд холбон орлого олох боломжуудын талаар мэдээлэл хүргэсэн. Энэхүү арга хэмжээний хүрээнд банк санхүүгийн байгууллагууд болон СЭХ-ний компаниуд оролцож, сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нэн хөнгөлөлттэй ногоон зээлээр дамжуулан айл өрх бүр байгальд ээлтэй шинэ техник, технологийн шийдлүүдийг хэрхэн ашиглаж болох талаар иргэд тодорхой мэдээлэл авсан.

 

Сонгуулиар амласан мөрийн хөтөлбөр хэрэгжээд 2 жил болж байна. Таны мөрийн хөтөлбөрт багтсан гол ажлуудаас одоогоор ямар ажлууд урагшилж байна вэ?

 

-Нэгдүгээрт, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн Баян-Өлгий аймгийн сумдыг хатуу хучилттай замаар холбох амлалтаа хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.Өлгий–Сагсай, Өлгий–Цэнгэл чиглэлийн авто замуудын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжилж байна.

Мөн Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгох асуудал маш чухал.

Энэ нь зөвхөн Баян-Өлгий төдийгүй баруун бүсийн эдийн засаг, аялал жуулчлалд том нөлөө үзүүлнэ.Манай аймагт уул уурхай тийм сайхан хөгжөөгүй. Дээрээс нь  төвийн бүсээс алслагдсан, бараа бүтээгдэхүүн асар их үнэтэй ,дэд бүтэц сайн биш. Харин аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжих хүрээнд  Даянгийн боомтыг байнга ажиллагаатай болгож нээх шаардлагатай байгаа юм.

Яагаад гэхээрээ Даянгийн боомтын цаад талд Ханаас гээд аялал жуулчлалын том бүс бий.Тэнд Хятадын аялал жуулчлал маш сайн хөгжсөн, жилдээ 30 сая хүн ирж байна. Энэ жуулчдын 5-10 хувийг Баян-Өлгий аймаг, баруун бүсэд татахад зөвхөн аймаг биш, бүсийн хэмжээнд цаашлаад  Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх,  том давлагаа байгаа юм. Мөн Алтайн хязгаарт байгаль сайтай, тэнд 4 сая жуулчид Оросын төвийн бүс Москва, баруун бүсээс ирж амарч, зугаалж байна. Энэ боломжийг нааш нь татах хэрэгцээ, шаардлага тун их байна.

Даянгийн боомтын бүтээн байгуулалт, нөхцөл байдал өнөөдрийн хувьд  ямар байна вэ?

 

-Судалгааны ажлууд хийгдэж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд хүртэл очиж ажилласан. Байнгын ажиллагаатай болгох нь зөв гэсэн шийдвэрүүд гарсан. Хятадын тал хил хүртэлх авто замаа бүрэн барьчихсан, дэд бүтцээ ч бэлдсэн байгаа. Манай талд гол асуудал нь санхүүжилт. Ойролцоогоор 290 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа.Хэрэв энэ асуудал шийдэгдчихвэл аялал жуулчлал, худалдаа, бүс нутгийн эдийн засагт маш том боломж нээгдэнэ.

Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

Баян-Өлгий бол аялал жуулчлалын асар их нөөцтэй. Манай аймаг аялал жуулчлалаараа аймгуудаас тэргүүлдэг. Гадаад гэлтгүй дотоодын жуулчид асар их очдог. Өдөрт 400, жилд  400 мянган жуулчид Ковидын үед ирсэн гэсэн тооцоо байдаг. Монголын хамгийн өндөрлөг сүрлэг сайхан уулстай, байгалийн онцгой содон тогтоцтой. Монголын Швейцар гэж ярьдаг,  жуулчид 5 сараас хойш их ирдэг. Алтай Таван Богд, Хотон-Хурган нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт бүсүүдтэй. Аялал жуулчлалыг дагаад зочид буудал, үйлчилгээний салбарууд ч хөгжиж байна. Цаашдаа төрөөс хөнгөлөлттэй зээл, бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Энэ салбарын гол хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил хэвээр байна .

 

Ярилцлагын төгсгөлд та онцолж хэлэх зүйл байна уу?

 

-Миний хамгийн их боддог зүйл бол оюуны хөрөнгө оруулалт. Манай Казах ард түмэнд “Загас өгснөөс загас барих аргыг заа” гэсэн үг байдаг. Өнөөдрийн оюутан, залуус л маргааш Монгол Улсыг авч явна. Тиймээс тэднийг зөв чиглүүлэх, боловсролоор дэмжих, боломж олгох нь хамгийн чухал хөрөнгө оруулалт гэж боддог.

 

Тийм ч учраас энэ чиглэлд Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд хамтарч сайн ажилладаг. Оюутан, залуучдын оюуны хөрөнгө оруулалт хийх, олон ажлыг санаачлан зохион байгуулж байна.Цаашдаа үйл ажиллагаа, цар хүрээгээ өргөжүүлж ажиллана.