
Монголын ой модны ирээдүйг шийдэх хуулийн төсөл УИХ-ын даргын “Чөлөөлье”-ийн хүрээнд хэлэлцэгдэж байна. Энэ хуулиар ямар асуудлыг шийдэх вэ?
-“Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгаль орчны хууль, эрх зүйн орчныг эдийн засгийн суурьтай болгох, зүй зохистой харилцааг бий болгох чиглэлийг баримталж, холбогдох хуулиудад өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Байгаль орчны эрүүл мэнд, байгаль орчны эдийн засаг, цэнхэр эдийн засаг гэх мэтээр бид зөв зохистой, сайн менежменттэй тогтолцоог бий болгох нь чухал.
Тодруулбал, УИХ-ын даргын 523 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Манай ажлын хэсэг Ойн тухай, Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай гэсэн хуулиуд дээр ажиллаж байна.
Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ойн хуулийн сул талууд юу вэ. Шинэ хуулиар асуудлыг бүрэн шийдвэрлэж чадах уу?
-“Ойн тухай хууль”-ийн шийдвэрлэж чадахгүй байгаа сул талуудыг судалгааны үндсэн дээр илрүүлж тогтоосон. Үүнд, өмчлөлтэй холбоотой эрх, үүрэг салангид байна. Олон нийтийн оролцоо хумигдаж байна. Ойн мэдээллийн систем, ойн тооллого ба төлөвлөлтийн үл нийцэл. Мод үржүүлэг, ойжуулалт, нөхөн сэргээлт, гол хязгаарлалтууд мөрдөгдөхгүй байна. Байгалийн тогтоц ба дэд бүтэц, зах зээлийн тэгш бус нөлөө. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн зарцуулалт ба татварын хөнгөлөлтийн тодорхойгүй байдал, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал, зарим бүтцийн давхардал, бодлого, номлол, процессын уялдаа, ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй зэрэг дурдвал цөөнгүй асуудал бий! Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дээрх сул талуудыг бүрэн шийдвэрлэнэ гэж харж байна.
Ойн тухай хуульд өнөөгийн харилцааг өөрөөр хэлбэл хот суурин газрын харилцааг өнөөгийн хууль дээр тусгачихсан байгаа. Сүүлийн жилүүдэд хот суурин газрууд их болсон. Иймд хот суурин газрын ногоон байгууламжийг Ойн хуулиас салгах нь зүйтэй. Учир нь энд бизнесийн харилцаа илүү их хөндөгддөг. Мод үржүүлэг, харь ургамал, тохижилт, тендер гэх мэт. Мөн мод үржүүлэхтэй холбоотой харилцаанд газар олголтын асуудлууд зонхилдог. Тоос, тоосжилт, шороо, үнэр гэх мэт хамгийн том асуудлууд хот суурин газарт байлаг учир Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулиар шийдвэрлэхээс өөр замгүй.
Бид өнгөрсөн хугацаанд хамгаалах зарчмыг хэт барьснаас үүдэн ашиглалт, нөхөн сэргээлт менежмент орхигдсон. Энэ хууль засаж, өөрчилж, чөлөөлье гэх агуулгад зангидагдаж байна гэж ойлголоо. Ойн тухай хууль орсон онцлох заалтуудаас хэлбэл?
Монгол Улс 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн гэдэг ч зарим салбарууд маань шилжээгүй байна. Тодруулбал, байгаль орчны салбар! Иймд бид бүхэн уг хуулиар дамжуулаад Ойн тухай хууль, Хот суурин газар ногоон байгууламжийн тухай хууль гэсэн хоёр хууль болгоод зэрэг өргөн барихаар ажиллаж байна. Эдийн засагжих харилцааг аль алинд нь шингээнэ. Байгалийн ой буюу таримал ойтой холбоотой асуудал ойн хуулиар зохицуулагдана. Монгол Улсын ойд байгаа унанги, үхсэн мод, хортон шавж, түймэрт өртсөн хатсан моднуудаа авч ашиглах 32-40 жилийн нөөц байгаа. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, модон эдлэлээр түүхий эд үйлдвэрлэхийг хуульчилж өгье гэдэг концепц юм.
Таримал ойн хүрээнд нэгдүгээрт, газрын харилцааны асуудал хөндөгдөнө. Хоёрт, таримал ойг бий болгох эдийн засгийн хөшүүрэг нь хүчилтөрөгч буюу үйлдвэрлэл, нүүрстөрөгчийн шингээлт байгаа юм. Тэгэхээр бид нүүрстөрөгчийн шингээлттэй талд нь буюу олон улсын карбон маркеттай холбох, карбон трэйдинг холбох процессуудыг хийж байгаа. Хот суурин газрын ногоон байгууламжтай холбоотой асуудалд эдийн засгийн харилцааг тэр чигт нь нээж өгнө. Нэг ёсондоо Ойн тухай хууль байгаль хамгаалал + амьжиргаа + эдийн засгийг зэрэг хөгжүүлэх шинэ үеийн хууль гэж хэлж болно.
Ойн тухай хуулиар:
●Ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглахыг цогцоор нь зохицуулна.
●Орон нутгийн иргэд, ойн нөхөрлөл анх удаа бодит оролцоотой, ашиг хүртэх боломжтой болно.
●Ой бол зөвхөн мод биш – нүүрстөрөгч, аялал жуулчлал, био-эдийн засгийн шинэ боломж нээгдэнэ.
●Бүх үйл ажиллагаа шинжлэх ухаан, тооллого, үнэлгээнд суурилна.
●Ил тод, цахим системээр ойн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно.
●Хэт ашиглалт биш, тогтвортой менежмент гол зарчим болно.
●Хамгийн чухал нь “Ойтой нутгийн иргэд” өөрсдөө хамгаалж, ашиг хүртдэг тогтолцоог бий болгоно.
Мөн ойн агентлагийг мэргэжлийн түвшинд нь байлгаж, улс төржилтөөс хол байлгах агуулгаар “босоо” тогтолцоонд оруулж байгаа. Ингэхдээ аймаг, суманд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тэр чигт нь оруулдаг байх. Өөрөөр хэлбэл ойн агентлаг эсхүл салбарын яам руу татах бус тухайн аймаг, суманд нь үлдээдэг байх тогтолцоо руу шилжинэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль дээр эдийн засгийн харилцаа нь маш ойлгомжтой явагддаг. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутагт нэгт, аялал жуулчлал эрхлэх харилцаа.
Хоёрт, иргэдийн харилцаа буюу тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн асуудал. Гуравт, шинээр тусгай хамгаалалтад авах гэж байгаа нутаг дэвсгэрийн тухай асуудал хөндөгдөнө. Иймд тус хуулийн гол концепц нь хамгааллын зарчим маш сайн байх ёстой. Жишээлбэл, дархан цаазат газар дээр ашиглалтын харилцаа огт байхгүй. Харин ашиглалт нь байгалийн цогцолбор тал руугаа давуу орно. Гэхдээ зөвхөн яамны эрх мэдлийн хүрээнд л явна. Байгалийн нөөц, дурсгалт газруудад орон нутгийн засаг захиргааны харилцааг түлхүү оруулна. Үүний сацуу тусгай хамгаалалтын сантай болъё. Санд нүүрстөрөгчийн зах зээл, нэвтрэх хураамжууд, байгалийн нөөц ашигласны төлбөр, олон улсын санхүүжилтүүд болон улсын болон орон нутгийн төсөв төвлөрнө.
Энэ мөнгийг тусгай хамгаалалтын механизмын системээр хийнэ. Нэг үгээр хэлбэл тусгай зориулалтын сан байхаа больж, засгийн газрын тусгай сангийн тухай хуульд хамаарахгүй хэлбэрээр явуулах юм. Мөнгөө захиран зарцуулах эрх мэдлийг тусгай хамгаалалтын захиргаанд нь өгснөөр байгаль хамгаалагчдын эрх зүйн чадамж, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудаа өөрсдөө шийдэж, илүү бие даасан хэлбэрт орно.

Ойг шинэ нүдээр харж чадвал орон нутгийн аялал жуулчлалд ахиц гаргах том боломж. Мөн байгаль зөвхөн оршихгүй хамгаалагдах үүд хаалгана нээгдэнэ хэмээр харж байна?
-Ний нуугүй хэлэхэд манай улс зөвхөн ойтой хэсгүүдээ л тусгай хамгаалалтад авч үлдэж чадаж байна. Худалч хүнд тусгай хамгаалалтад байгаа ойнууд л үлдэж байгаа нь нууц биш! Манай ажлын хэсэг ой дотор аялал жуулчлалаас өөр ямар эдийн засгийн харилцааг бий болгох вэ гэдгийг харсан. Зөөлөн аялал жуулчлал гэж байдаг. Энэ нь зөвхөн явган аяллын түвшинд явдаг. Үүнийг дархан цаазат болон байгалийн цогцолборт газруудаар явуулах харилцааг зөвшөөрөхөөр тус хуулийн төсөлд оруулж байгаа. Жишээлбэл, жуулчид Хөвсгөл аймгийн Жаргантын гол дээр оччихоод л буцаж байгаа. Ойтой холбоотой харилцаа нь байхгүй. Учир нь хориглогддог. Иймд зөөлөн аялал жуулчлал буюу ой доторх аялал жуулчлал, экосистемийн үйлчилгээ буюу ой доторх агаар, ус, хөрс, хүчилтөрөгч гэх мэт нь өнөөдрийн байдлаар ямар ч үнэлгээгүй явж ирсэн.
Тэгэхээр нэгэнт л аялал жуулчлал эрхлэх боломжийг нь олгож байгаа бол ой дотор аялал жуулчлал эрхлэх тодорхой хэмжээний боломжийг олгоё гэж байгаа. Ойд бизнесийн болон аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулаад эхэлбэл ойр орчмынх нь талбайг хариуцуулаад эхэлнэ. Мод байхгүй бол аялал жуулчлалын компани, бааз байхгүй шүү дээ. Иймд жуулчны баазуудад “ойгоо хамгаал, хортон шавж, хөнөөлт организмтай тэмцэх ажлаа хий. Мөн гал түймрээс сэргийлэх хяналтаа тавь” гэдэг зарчим тавьж байгаа. Нэг ёсондоо харилцан ойлголцлын зарчим руу орж байгаа.
Ойн хуулийг үндэсний хэмжээнд хэлэлцүүлсэн. Иргэдийн оролцоо хэрхэн хангагдсан гэж үзэж байна?
-Манай ажлын хэсгийн зүгээс Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 4 сарын 27-ноос улс даяар хэлэлцүүллээ. Энэ хүрээнд 21 аймгаас 1,789 санал ирүүлсэн. Давхардлыг хасан 567 санал ирсэн. Үүнээс, 63% хуулийн төсөлд тусгагдсан, 34% нь бусад зохицуулалтаар шийдвэрлэх, 3% хэлэлцүүлэгт үлдсэн байна. Орон нутгийн иргэдэд ердөө хоёр асуудал байдаг. Нэгт, ахуйн хэрэглээ буюу түлээ, түлш. Хоёрт, малын хашаа, саравчаа засмаар байна гэдэг. Үүнийг бид хуульд бүтэн тусгасан. Тэр байтугай иргэд, нөхөрлөлийг ойгоос ашиг олох, үр өгөөж хүртэх түвшинд нь эдийн засагжуулах харилцааг хийж байгаа. Энэ мэт 21 аймгаас ирсэн саналуудыг хуульд сайтар тусгасан.
Харин хөндөгдөж буй сэдэв нь ус. Ус үгүй бол яаж модтой байх юм, яаж мод тарих юм, хөрсөө яаж хамгаалах юм, хүн, амьтан хэрхэн яаж амьдрах юм гэдэг асуудал. Л.Мөнхбаясгалан гишүүний ахалж буй усны ажлын хэсэгт миний бие ажиллаж байна. Яалт ч үгүй байгаль орчны багц хуулиуд цуг явдаг учир шалтгаан нь ердөө энэ. Байгаль ургамлын тухай хууль, Генетик нөөцийн тухай хууль, Усны тухай хууль, Ойн тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зэрэг нарийвчилсан харилцаануудыг сайтар шигтгэж авч явах нь зүйтэй. Тусдаа батлагдаад л байвал хийдэл, зөрчил нь тэр хэрээр нэмэгддэг талтай.
Ойн хуулийг хэдийгээр албажна гэж харж байна?
-Ойн тухай хууль дээр Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа. Засгийн газраас санал нь ирчихвэл өргөн барихад бэлэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Хот суурин газрын тухай хуулиуд дээр иргэд олон нийтээс санал авах ажлууд шат дараатай өрнөөд явж байна.
Ярилцсан сэтгүүлч Б.Хонгорсайхан