
Нийслэл хотод дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл явцад хүний эрхийн ямар зөрчлүүд гарч байгаа, хэрхэн хангах ёстой, дотоодын болоод олон улсаас өгч буй санал зөвлөмж, түүний хэрэгжилтийн талаар тодруулахаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунантай ярилцлаа.
-Цаг үеэ дагаад хот тэлэх, шинэчлэгдэх шаардлагатай ч, энэ процесстоо иргэдээ хохироодог явдал нэмэгдсээр байна. Асуудал юундаа байна вэ?
-Нийгэм хөгжих ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ шинэчлэл, бүтээн байгуулалт нэрийн дор хүний эрх зөрчигдөж огт болохгүй. Шаардлага хангасан орон байраар хангах, үүргийг төр нь иргэнийхээ өмнө хүлээдэг. Үүнийг үргэлж хүндэтгэж, хамгаалах ёстой юм. Харамсалтай нь энэ хөгжлийн процесс хүний суурь эрхийг зөрчих байдал газар авчихаад байгаа. Үүний гол шалтгаан нь хот төлөвлөлт, дахин төлөвлөлтөд баримтлах зарчим хэрэгжихгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл иргэдийн оролцоог хангах зарчим огт хэрэгжихгүй байна гэсэн үг. Хохирсон иргэний бодит нөхцөл байдлыг нь үнэлж, түүнд тохирсон хариу арга хэмжээ авах механизм ажиллахгүй байгаа учраас л гомдол тасрахгүй байгаа хэрэг.
Тухайлбал, ХЭҮК-т “Сэлбэ-дэд төв”-тэй холбоотой 21 гомдол ирсэн. Дийлэнх нь өмчөө бодитоор үнэлүүлж чадаагүй асуудлаар. Гэхдээ үүний цаана тухайн улсын иргэн болохынхоо хувьд ямар эрхүүд үл хангагдаад байгааг оршин суугчид маань төдийлөн мэдэхгүй байна.
-Ямар эрхүүд вэ?
-Дахин төлөвлөлтийн төслийг гурван үе шатаар хэрэгжүүлдэг. Ингэхдээ дараах зарчмыг баримтлах ёстой.
Энэ шатанд судалгаа, тооцоолол маш чухал. Хүн өөрийн өмчөө хүссэн үнээрээ зарах эрхтэй. Нийтийн эрх ашгийг өмнөө барих нэрийдлээр иргэний амьжиргааг өмнөхөөс нь дордуулж болохгүй.
Тухайлбал, орон байрыг нь нураачихаад түр оршин суух газрыг нь хотын захад зааж өгч болохгүй шүү дээ. Тухайн өрхийн саадгүй авч байсан эрүүл мэндийн үйлчилгээ, үр хүүхдийнх нь сурч, хөгжих орчин нөхцөлийг дордуулахгүй байх судалгаа, тооцоололд үндэслэн тогтоох ёстой. Нэг биш хэд хэдэн сонголт гаргаж, танилцуулсны дараа тухайн оршин суугч шийдвэрээ гаргана. Энэ зарчим Хот байгуулалтын тухай болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиудад тусгагдсан хэдий ч хууль хэрэгждэггүйн бас нэг тод жишээ энэ.
Нийтийн ашиг сонирхол яригдах нь зөв хэдий ч хүн нэг бүртэй сайн ярилцаж, ойлголцож, оролцоог нь хангах чухал. Бидний сайн мэдэх Г.Хүрэлсүхийн тохиолдол үүний тод илрэл юм. Ямар байгууллагатай гэрээ хийсэн, хэдий хэрийн хугацаанд төсөл хэрэгжих тодорхой мэдээлэл байгаагүй учраас эргэлзэж байгаагаа л илэрхийлсэн. Мэдээлэл хүн бүрт тэгш хүртээмжтэй, ил тод байх зарчим алдагдсан гэсэн үг шүү дээ.
Нүүлгэн шилжүүлэлтийг өвөл хийж болохгүй. Шөнө хийж болохгүй. Оршин суугчид дунд хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл хэвтрийн хүн байвал стандартын дагуу зөөвөрлөх бүх бэлтгэлийг хангасан байх шаардлагууд үүнд хамаарна.
Энэ шатанд иргэдийг хяналт тавих боломжоор хангах нь хамгийн чухал. Төсөл хэрэгжих явцад иргэдийн зүгээс санал, гомдол гарвал шийдвэрлүүлдэг механизм ажиллах ёстой. Тухайлбал, иргэдийн түр оршин суух газар өмнө нь танилцуулсан шиг нөхцөлөөр хангагдаагүй, тохиролцсон м2-ын хэмжээ буурсан асуудлаар холбогдох шүүх эрх мэдлийн байгууллагад хандахад хүлээн авч хэрэгсээд шийдвэрлэдэг, гомдлыг нь барагдуулдаг байх хэрэгтэй.
-Хүний эрхийн Үндэсний Комисс шилжилт хөдөлгөөн, хүний өмчийг хамгаалахтай холбоотой асуудалд хэрхэн хандаж, ажиллаж байна вэ?
Хүний эрхийг хангах, хүндэтгэх, хамгаалах нь Төрийн үндсэн үүрэг. Харин ХЭҮК нь төрийн байгууллагууд дээрх үүргээ биелүүлж буй эсэхийг хянахаас гадна иргэдээ чадавхжуулах чиг үүрэгтэй төрийн байгууллага.
Энэ чиглэлд олон удаагийн хэлэлцүүлгийг Эмнести Интернэшнлтэй хамтран салбарын хэмжээнд, олон нийтийн дунд зохион байгуулсаар ирсэн. Газар чөлөөлөх үйл ажиллагаатай холбоотой зөвлөмжүүдийг зохих шатны байгууллагуудад хүргүүлдэг. Мөн жил бүр эрхлэн гаргадаг Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлдээ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд тулгарч буй асуудлыг тухай бүрд нь мэдээлж, УИХ-аар хэлэлцүүлдэг.
Үндсэндээ чихэн дээр нь хонх уях зарчмаар асуудлыг гарган тавьж, зөвлөж мөн шаардсаар байна. Үр дүнг "сайн" гэж хэлэхэд хэцүү.
Зөрчил арилахгүй байгаа үндсэн шалтгаан нь маш энгийн. Хот төлөвлөлтийн бодлого, хуулиар хүлээсэн үүрэг, ОУ-ын байгууллагуудаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхгүй байгаатай л холбоотой. Бодлого шийдвэрүүд хууль тогтоомжтойгоо нийцэхгүй байгаа ч асуудал бий.
- Дотоодын болон ОУ-ын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг төр хэрэгжүүлэх үүрэгтэй гэж ойлгодог. Гэтэл эс үйлдэхүйд хариуцлага тооцох боломжтой юу?
-Монгол Улсад яахын аргагүй хүний эрхэд суурилсан хандлага, төлөвлөлт, төсөвлөлт дутагдаж байна.
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Үндсэн ажлаа хийхгүй байна гэсэн үг. Асуудал хариуцсан албан тушаалтнууд дор бүрнээ л ажлаа сайн хиймээр байгаа юм. Монголчууд нэг үеэ бодвол мэдлэгжиж, асуудлыг маш сайн тодорхойлж чаддаг болсон. Цаашид бүр ч их зүйлийг шаарддаг болно. Гэхдээ энэ нь илүү зүйл хүсээд байгаадаа бус ердөө хуулиар хүлээсэн чиг үүргээ л биелүүл гээд байгаа юм. Олон улсын байгууллага, хүний эрхийн байгууллагууд хэрхэн засаж, залруулах, өөрчлөх арга замуудыг нь хэлж өгөөд байхад төрийн хандлага хойрго хэвээр байгаа нь сэтгэлгүйнх л гэж хэлнэ.
Одоогоор нөлөөлөлд өртсөн иргэд дахин төлөвлөлтийн асуудлаар төсөл хэрэгжүүлэгч компани, эсвэл Засаг даргад гомдол гаргаж шийдвэрлүүлдэг механизм ажиллаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна.
Гэхдээ хариуцлага тооцох аргууд бий.
Сонгуулиар тухайн албан тушаалтныг дахин сонгохгүй байх
Төрийн жинхэнэ албан хаагч ажлаа хийгээгүй гэсэн гомдлыг дээд шатны байгууллага, эсвэл Төрийн албаны зөвлөлд гаргаж болно.
-Хот төлөвлөлт болон хүний эрх нь зоосны 2 тал шиг хамааралтай гэж ойлгож болох уу?
Хот төлөвлөлт нь өөрөө нарийн процесс, маш том хүний эрхийн асуудал юм. Өөрөөр хэлбэл эрүүл, аюулгүй орчинд амьдрах эсэх нь хот төлөвлөлтөөс хамаардаг.
Хөгжсөн орнуудад гал түймэр гарлаа гэхэд түүнийг даамжруулахгүй байх төлөвлөгөө, тооцоолол хэдийн хийгдчихсэн байдаг. Гэмт хэрэгтэн орцноос гараад зугтаалаа гэж үзвэл аль зүгт, хаагуур гарах боломжуудыг мөн л урьдчилан тооцоолсон байдаг. Хэдий хот төлөвлөлтийн асуудал мэт боловч цаанаа хүний эрхийг хангахын төлөөх зорилгыг илтгэдэг.
Тэгэхээр хөгжлийн процесст нэг ч хүний эрх зөрчигдөх ёсгүй бөгөөд хөгжлөөс ч тэр, хуулийн хамгаалалтаас тэр нэг ч иргэн хоцорч болохгүй гэдэг нь дэлхий нийтээрээ мөрддөг зарчим шүү гэдгийг тодотгоё!