
ББСБ-ын хадгаламж зээлийн хоршооны гишүүн байх эрхийг хааснаар хоршооны бусад гишүүд дундын хадгаламжийнхаа хөрөнгөөс бага хүүтэй зээл авч, бизнесээ хөгжүүлэх, өргөжүүлэх боломжийг Санхүүгийн хоршооны хуулиар олгоно.
-Одоо мөрдөгдөж буй Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг шинэчлэх болсны учир юу вэ?
-Монгол Улс Хадгаламж зээлийн хоршооны тухай хуультай болохоос өмнө Хоршооны тухай хуулиар энэ чиглэлийн харилцааг зохицуулж ирсэн. Энэ үе тусгайлсан зохицуулалтгүйн улмаас олон хүн хөрөнгө, мөнгөөр хохирсон, үнэт амь эрсэдсэн гашуун сургамжийг бидэнд үлдээсэн юм. Энэ нөхцөл байдлыг зохицуулахаар Хадгаламж зээлийн хоршооны хуулийг 2015 онд баталж, хоршоодыг бүртгэлжүүлэх, тэдгээрт тавих шалгуур үзүүлэлт болон төрийн хяналтад үйл ажиллагаагаа явуулах зохицуулалтуудыг хуульчилж байв. Үүнээс хойш дорвитой өөрчлөлт оролгүй 11 жил болоход Монгол Улс төдийгүй дэлхийн зах зээлд крипто валютаас эхлэн олон төрлийн цахим арилжаа, худалдааны зохицуулалтууд орж ирлээ. Үүнтэй уялдуулж анхдагч санхүүгийн зах зээл болсон хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг дэлхийн жишиг стандартад нийцүүлж, олон улсын байгууллагуудай хамтарч ажиллах, тусламж дэмжлэг авах, үйл ажиллагаагаа өргөтгөх боломж гарцыг нээсэн эрх зүйн зохицуулалт шаардлагатай болсон юм. Иймээс миний бие олон улсын байгууллагатай хамтран 3 жилийн турш хийсэн судалгаанд дүн шинжилгээ, үнэлгээ хийсний үр дүнд хамгийн боломжтой хувилбарыг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн.
Хуулийн нэршлийг Санхүүгийн хоршооны хууль болгон өөрчилсний шалтгаан юу вэ?
Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа хадгаламж байршуулах, зээл авахад чиглэдэг. Үүнийг мэргэжлийн даатгалын болон санхүүгийн зах зээлийн үйлчилгээгээр мөнгөн хөрөнгийн урсгал тооцооны хэрэгсэл болгох боломжоор ханган өргөжүүлэх, нөгөөтэйгүүр “Хадгаламж зээлийн хоршоонд мөнгө хадгалуулах нь чононд хонь хадгалуулахтай адил” гэж ерөнхий боловсролын сурах бичгээр дамжин нийгэмд буй болсон хэвшмэл ойлголт, санхүүгийн зах зээл дээрх хамгийн бичил нэгжийнхээ нэр хүндийг шавар шавхайтай хутгаж хаяснаа залруулахын тулд нэршлийг нь өөрчлөхөөс эхэлье гэж үзсэн. Боловсролын яаманд 7-р ангийн Дүрслэх урлагийн сурах бичгийг зах зээлээс татан авч, дахин гаргах боломжгүй гэдгийг мэдэгдсэн.
Хуульд тусгасан гол зохицуулалтуудаас онцолбол?
ХЗХ-нд эргэлдэж буй мөнгөн хөрөнгө баталгаатай, найдвартай болох боломжийг олгож байгаа. Хоршоонд гишүүнээр элссэн хүн бүрийн хадгаламж давхар даатгалаар хамгаалагдах тогтолцоог бүрдүүлнэ. Энэ бол хадгаламж эзэмшигчийн эрхийг хамгаалж байгаа хувилбар юм.
Энэ нь газар нутаг, мэргэжлийн холбоод, ямар нэгэн сонирхлын бүлгээр ангилагдаагүйгээс болж улс орон даяар банк шиг зээл олгож байна гэсэн үг. Гэхдээ зээлийн хүү маш өндөр бөгөөд тодорхой хэмжээнд хууль эрх зүйн зохицуулалтаар хязгаарлахаар оролдож байгаа ч үр дүнд хүрч чадахгүй л байна. Иймд хоршооны гишүүн нэг л гишүүний үүрэгтэй байх бөгөөд заавал хадгаламжтай байхыг зүйлчилж байгаа.
Мөн хурлын ирцээ бүрдүүлэх нь гишүүдийн хувьд хүндрэлтэй байдаг гэж ярьдаг. Үүнийг цахимаар хуралдах боломжтой болгон шийдсэн.
ББСБ нь хадгаламж зээлийн хоршооны гишүүн байж болох эрх зүйн орчин нь арилжааны банкнаас авсан зээлээ ХЗХ-оор илүү өндөр хүүтэй эргэлдүүлэх давхар хүүлэлтийн системийг нээж өгсөн байдаг. Иймд уг системийг хаахын тулд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авах замаар хоршооны гишүүн байхыг хориглохоор хуулийн төсөлд тусгасныг онцолмоор байна.
Өнөөдрийн санхүүгийн тогтолцоо хэрэглээндээ таарсан зээлийг банк, түүнээс арай давсныг нь ББСБ, ХЗХ, бүр боломжгүй бол аппликэйшнээс зээл авах боломжийг бий болгосон нь иргэдийг зээлийн дарамтад оруулах үндэс болоод байна. Энэхүү нөхцөл байдлыг хязгаарлах нэг боломжийг уг хуулиар олгож байгаа. Тиймээс богино хугацаанд батлах шаардлагатай.
-Хадгаламж хамгаалах тогтолцоог хэрхэн бүрдүүлж байгаа вэ?
-Одоо байгаа хууль нэг л хамгаалалтын тогтолцоотой. Тэр нь Эрсдэлийн сан. Гэхдээ биежээгүй, мөнгөжөөгүй бүртгэл төдий л байгаа юм. Зүй нь мөнгө дансанд биет хэлбэрээр байршиж байж эрсдэлээс хамгаалах ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл гишүүддээ олгож байгаа хөрөнгөөс тусдаа хөрөнгө байж эргэлдэх ёстой. Хэрэгтэй үедээ бэлэн байж ашиглагдах ёстой. Гэтэл бодит байдал дээр нэг болчихоод сангийн хөрөнгө зээлээр гараад байгаа юм. Иймд тусдаа сантай болох замаар хамгаалалтын тогтолцоог бэхжүүлэхийг зорьж байна.
-Хуулийн төсөл УИХ-ын түвшинд аль шатандаа явна?
-Хаврын чуулганы эхэнд хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн ч байнгын хороо анхны хэлэлцүүлгийг өнөөдрийг хүртэл хийгээгүй л байна. Гэтэл өргөн баригдмагцаа батлагдах гээд явж буй хуулиуд байна. Иргэдийн амьдралд хэрэгтэй, эдийн засгийн эргэлтэд чухал нөлөөтэй хуулийг хаврын чуулганд багтаан хэлэлцэхгүй ч ирэх намар нэн яаралтай оруулж ирэх ёстой.
Уг хууль батлагдсанаар санхүүгийн салбар хийгээд Монгол Улсын эдийн засагт ямар өөрчлөлт, дэвшил авчирна гэж харж байгаа вэ?
Улсын төсвийн 80-аад хувийг уул уурхайн салбарын орлого бүрдүүлдэг. Салбарын өсөлт буюу нүүрс, зэсний үнэ өндөр үед мэдээж эдийн засаг, ДНБ-ний өсөлт өндөр гарна. Гэвч энэхүү өсөлтийн нөлөө ард иргэдийн амьдрал дээр огт буудаггүй. Айл, өрхүүдийн хаалгаар ордоггүй.
Макро эдийн засгийн өсөлт микро түвшиндээ очиж чадахгүй байгаа гол шалтгаан нь бид жижиг, дунд бизнес буюу жижиг санхүүгийн зах зээлээ хөгжүүлэхэд анхаарч чадахгүй байгаатай холбоотой. Энэ л жижиг хэмжээнд буй эдийн засгийн эргэлтийг дэмжих үйл явц маш чухал.
Макро, микро эдийн засаг гэхээр их хол сэдэв мэт сонсогддог тул орлогын түвшингээр ялгаатай хүмүүсийн жишээн дээр тайлбарлая.
Том компанид 20-30 мянган ам.долларын цалинтай хүмүүсийн хэрэглээ, худалдан авалт, мөнгөний урсгал гадагш л чиглэдэг. Харин 2 сая 200 мянган төгрөгийн дундаж орлоготой гэр бүл хувцас, хүнс, хэрэглээгээ монголд үйлдвэрлээгүй юм гэхэд монголд авчирч, зарж байгаа хүнээсээ л худалдаж авна. Монголдоо ресторан, цайны газраа л орно. Энэ чинь л дотоод эдийн засгаа дэмжиж буй хэлбэр байхгүй юу.
Тиймээс уул уурхайн салбарын орлогын өгөөжийг жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ ялангуяа бичил бизнесийг хөгжүүлэхэд чиглүүлж чадаж гэмээ нь макро эдийн засгийн өсөлт айл өрх болгоны хаалгаар орох юм.
Сарын цалингийнхаа 1 сая төгрөгөөр худалдан авалт хийж чаддаг болсон цагт энэ нөлөөлнө. Гэтэл бид үүнийхээ 120 мянган төгрөгийг инфляцад алдаад байгаа юм. Үүний ядаж 60-ыг нь алддаг байх боломжийг жижиг зах зээл, бизнес эрхлэгчдийн хүрээ томорч байж бий болгох боломжтой.