
Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Орлого өсөлттэй өөдрөг төсөв орж ирсэн. Энэ нь нэг талаас ашигтай ч, нөгөө төлөөр ямар эрсдэл харагдаж байна вэ?
Монгол Улсын эдийн засаг 2020, 2021 оноос хойш ковидын үед нэг удаа агшсан. Үүнтэй холбоотой төсвийн зарлагаа ч танасан. Үүнээс хойш хойш эдийн засаг сэргэсэн. Ялангуяа уул уурхайн салбар өсөлттэй байгаа. Нүүрсний экспортын хэмжээ 90 сая тонн-д хүрлээ. Оюутолгойн далд уурхай 2023 онд ашиглалтад орсноор уул уурхайн салбар нэлээн гэгээлэг болж, төсвийн орлого харьцангуй нэмэгдэж ирсэн. 2019 оноос хойш Монгол Улсын төсвийн зарлага 9 их наяд орчим төгрөг байсан бол өнөөдөр 35, 36 их наяд болж тэлсэн.
Манай улсын хувьд уул уурхайн салбараас орлогын ихэнх хувь бүрддэг. 2027 оны төсвийн орлогын хэмжээг 41,2 их наяд, төсвийн зарлагыг 43,5 их наяд гэж өсгөсөн төлөвлөгөөтэй орж ирсэн. ДНБ-ний орлогын хувьд 35,8% төсвийн зарлага 37,8 хувь. Төсвийн тэнцлээ 2%-ийн алдагдлаа хэвээр нь хадгалж байгаа. Гэхдээ орлогын өсөлт зөвхөн уул уурхайн салбарт харагдаж байгаа бол тээвэр худалдаа зэрэг бусад салбарт төдийлөн өсөлт байхгүй байгаа. Тухайлбал өвөлжилт хүндрэхэд МАА-н салбар ихээхэн хүндрэлд орох эрсдэлтэй байдаг. Иймд төсвийн тооцооллыг маш сайн төлөвлөж зөв гаргах ёстой.
Ирэх оны төсвийн гол орлого ТӨК-иудын ногдол ашиг дээр төвлөрч байгаа. Үүнд гишүүд шүүмжлэлтэй хандаж байна?
Энэ бол хоёр талтай асуудал. Нэг талаар урьд нь төсөв төвлөрүүлж тухайн ТӨК-ийн удирдах зөвлөл, ТУЗ-ийн цөөхөн гишүүдийн хүрээнд шийдэгдэж байсан хөрөнгийн зарцуулалтыг төсөвт оруулж ирэх нь ач холбогдолтой. Гэхдээ энэ орлогыг маш сайн зохицуулахгүй бол яг татварын орлого шиг урьдчилан төлөвлөхөд амаргүй .
Гэтэл төсөв байнга нэмэгдэж байдаг. Тэтгэвэр, цалин зэрэг суурь урсгал зардалдаа нэмчихдэг. Гэтэл гол тулгуур уул уурхайн салбар, ТӨК-ийн орлого ашиг буурсан нөхцөлд энэ нь төсвийн алдагдалд шууд нөлөөлчих юм биш үү гэсэн асуулт байгаа.Үүн дээр анхаарах ёстой. Манай зөвлөлөөс тодорхой зөвлөгөө хүргэж, ажиллаж байна.
Инфляц хоёр оронтой тоонд хүрч, бүх юмны үнэ өслөө. Ирэх оны эдийн засгийн төлөв ямар байх бол?
Манай улсын эдийн засаг уул, уурхайгаас хамааралтай. Түүхий эдийн бараг 90 гаруй хувь нь ганцхан улсын зах зээлд гардаг. Нүүрс, жонш, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын ихэнх хувь БНХАУ-руу гарч байна. Энэ худалдаагаа урд хөрштэй хэвийн явуулах нь манай хоёр орны найрсаг харилцааны асуудал. Нөгөө талаар хойд хөрш ОХУ-аас бид эрчим хүч, шатахуунаа авдаг. Гэтэл Орос Украйны дайн 4 дэх жилдээ үргэлжилж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй боллоо. ОХУ цэргийн дайчилгаа, батлан хамгаалах зардлаа ирэх онд эрс нэмэгдүүлж, дайны галыг үргэлжлүүлэх яриа өрнүүлж байна.
Энэ мэдээлэл биднийг төсвөө боловсруулсны дараа гарлаа. Манай улс ард,иргэдээ ирэх өвөл эрчим хүчээр хангаж чадах уу? Шатахууны хүртээмж хэвийн болох уу? гэдэг нь том асуудал хэвээрээ байна. Үүнээс шалтгаалсан үнийн өсөлт цаашдаа гарна. Бензин, шатахуунаа нэг эх үүсвэрээс хангалттай нийлүүлж чадахгүй байгаа учраас, өөр зах зээлийг судалж, гарц хайж эхэллээ. Манай холбогдох яамныхан Солонгос, Хятад, Беларус улсаас газрын тос, бензин авах тухай ярьж байна. Алс холоос шатахуунаа авах тусам үнэ нэмэгдэнэ. Үүнийг дагаад бусад бараа, таваарын үнэ өсөж, зардал нэмэгдэх эрсдэлд байсаар байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Н.Энхбаяр:
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хараат бус бие даасан институт болсон. Ямар үр дүн гарч байна вэ?
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2024 оны хавар хүртэл орон тооны бус, зөвхөн төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв дээр дүгнэлт өгдөг байсан. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2024 оноос манай зөвлөл орон тооны, байнгын ажиллагаатай болсноор хавар боловсруулж буй 3 жилийн Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахын өмнө, ирэх 3 жилийн макро эдийн засгийн төсөөллийг боловсруулж байгаа. Энэ нь Засгийн газраас хараат бусаар ажиллаж байна гэсэн үг.
Урьд нь энэ төсөөллийг Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам хийж байсан. Тэд төсөвтэйгөө нийцүүлсэн, хэт өөдрөг төсөөлөл ихэнх тохиолдолд гаргаж ирсэн. Үүнийг өнөөдөр хараат бус, бие даасан институт боловсруулж байгаа. Энэ бол нэг том давуу тал. УИХ-ын гишүүд шийдвэр гаргахдаа Засгийн газрын гаргасан дүгнэлт болон бие даасан хараат бус зөвлөлийн дүгнэлтийн аль нь дээр нь тулгуурлаж шийдвэр гараж байгаа нь давуу талтай болно. Үүн дээр ахиц, дэвшил гарч байна гэж үзэж байна.