• logo
  • search
    user

ц.батзул:

Худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад хиймэл оюун, технологийн дэвшлийг нэвтрүүлж, хүний оролцоо багасна

2026.10.23
9 мин унших
батзул цэдэнбал

Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар төрийн худалдан авах ажиллагаа түүний чанар, стандарт, хүртээмж нь хэр зэрэг явж байна. Тулгамдаж байгаа асуудлыг Та хэрхэн харж байна?

Монгол Улс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай болоод 26 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хууль анх 2000 онд батлагдсан. Улмаар 2005 онд шинэчлэн найруулсан. Үүнээс 18 жилийн дараа буюу 2023 онд дахин шинэчлэн найруулсан байдаг. 2024 онд УИХ-ын сонгуулиар шинэ засаг бүрдсэнээр төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг цогц байдлаар өргөн хүрээнд хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзээд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагаанд дэвшилтэд технологи, хиймэл оюуныг ашиглах, хувийн хэвшлийг дэмжих зохицуулалтыг бүрэн гүйцэт тусгаагүй нь хуулийн зорилго биелэх нөхцөлийг алдагдуулж байна. Тухайлбал, цахим дэлгүүрт байршуулсан бараа, үйлчилгээний нэр төрөл нь захиалагч байгууллагын хэрэгцээг бүрэн хангахгүй, Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан улсын том төслүүдийн тендер шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулахад хууль дахь зохицуулалт уян хатан бус, түүнчлэн худалдан авах гэрээний эрх зүйн харилцааг олон улсын жишигт нийцүүлж, гомдол шийдвэрлэх ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцүүлж, төр болон иргэний нийгмийн байгууллагын хамтын оролцоотой бие даасан зөвлөл маргааныг олонхийн саналаар хэлэлцэн шийдвэрлэдэг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

Төрийн худалдан авах ажиллагааны хуулийг ойрын 10 жилдээ дахиж өөрчлөхгүй байхаар боловсруулж, УИХ-д өргөн барьсан.

2024 оноос ажлын хэсэг гарч, олон удаагийн судалгаа хийсэн. Энэ хүрээндээ ААН-үүд болон төрийн байгууллагуудаас 1000 орчим санал, хүсэлтийг нэгтгэж, судалгаа хийсэн. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай хамтарч судалгаа, үр нөлөөний болон хэрэгжилтийн тайлан, зардлын судалгаа, үнэлгээг ч хийсэн. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг Монгол Улсын худалдан авах ажиллагааны тогтолцоонд үнэлгээ өгдөг гаднын байгууллагуудын өгсөн зөвлөмжүүдийн дагуу 2023 онд шинэчлэн баталсан. Энэ хүрээндээ шинэ хуультай болъё гээд УИХ-ын нэр бүхий 28 гишүүн хуулийн төслийг шинээр өргөн барьж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг нь шийдчихсэн байгаа. 

Иргэд, олон нийтийн дунд худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад зөвхөн “бага үнэ” өгсөн нь шалгардаг гэсэн ташаа ойлголт түгээмэл бий. Уг нь Монгол Улсын хууль журамд тодорхой шалгуур тавиад, стандартын шаардлагад нийцсэн бараа, бүтээгдэхүүн дотроос "хямд"-ыг сонгодог тогтолцоотой.

Өнгөрсөн жилүүдэд худалдан авах ажиллагааны талаар буруу ойлголтыг олон нийтэд өгчихсөн нь нууц биш. Шинэ хуулиар эдгээрийг өөрчилнө.

Нэгдсэн Үндэстний байгууллагад /НҮБ/ бүртгэлтэй 198 орноос хоёр орон худалдан авах ажиллагааны тухай хуульгүй. Тухайн улс орнууд засаглалаасаа хамааран төр нь өөрт хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах журам, хууль, тогтоомж, зарлиг байдаг. Үүн дээр нь НҮБ өөрийн загвар хуулиудыг гарган улс орнуудад жишиг болгоод явуулдаг зохицуулалт бий. Нөгөө талдаа Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ гишүүн орнуудын дунд Засгийн газрын нэгдсэн конвенц буюу … байдаг. Манай улсын хууль ч НҮБ-ын тэрхүү загвар хуульд үндэслэн хийгдсэн. Гагцхүү хуулийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, зөв ойлгуулах тал дээр дулимаг ажилласан байж магадгүй.

Тендер шалгаруулах үйл ажиллагаанд олон цаг хугацааг зарцуулж байна гэлээ. Хэдий хэр цаг хугацааг зарцуулдаг юм бэ?

Худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалт төсвөөсөө хамаараад харилцан адилгүй хугацаанд зохион байгуулагддаг. Бага хэмжээний төсөвт өртөгтэй буюу 100 сая төгрөгөөс бага төсөвт өртөгтэй сонгон шалгаруулалтыг ажлын таван хоногийн дотор шийдвэрлэх боломжтой. Гэхдээ худалдан авах ажиллагааг зарлахаас өмнөх бэлтгэл ажил үүнээс илүү хугацаа шаарддаг бөгөөд төрийн албан хаагчид хариуцан гүйцэтгэдэг. Бэлтгэл ажлын хүрээнд үнэлгээний хороо байгуулж, худалдан авах бараа, материалын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлно. Тухайлбал, ямар бараа авах, түүний чанар, стандартын шаардлагыг хэрхэн хангахыг тогтоох шаардлагатай. Харин барилга, байгууламжийн засвар үйлчилгээний ажил бол юуг засах, ямар хэмжээтэй ажил хийх, ямар материал ашиглахыг эхлээд нарийвчлан тодорхойлно. Үүний тулд зураг төсөл, тайлан, тооцоо, төсөв боловсруулах хэрэгтэй бөгөөд энэ бэлтгэл ажилд нэг сар орчим хугацаа шаардагдаж болно. Ингээд худалдан авах ажиллагааг сонгон шалгаруулах явц ажлын 5 хоног үргэлжилдэг гэсэн үг. Харин 100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бол ажлын 15 хоногоор зарладаг. Ажлын 15 хоног гэдэг чинь 21 хоног гэсэн үг. Ингээд бодохоор нэг худалдан авах ажиллагаа хамгийн багадаа нэг сарын хугацааг зарцуулж байна. 
Ер нь тендер шалгаруулалтад маш их хэмжээний цаас цуглуулж, тэр цаасаа сканердаад дэлгэц дээр харж буй процесс л байдаг. Судалгаа хийхэд сканердаж авч буй цаасан мэдээллүүдийн 80 хувь төрд өөрт нь байдаг юм байна. Энэ хүрээндээ ч Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын "Чөлөөлье” санаачилгын хүрээнд төр өөрт буй мэдээллээ иргэдээсээ шаарддаг тогтолцоог халж байгаа.

Зарим компани худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад шалгарч, ажил авсан хэр нь ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэдэггүй гэсэн шүүмжлэл гардаг. Иймээс худалдан авах ажиллагаанд оролцогч компаниудын нэгдсэн бүртгэл хөтөлж, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлсэн эсэхийг нь тухай бүр бүртгэнэ. Уг нэгдсэн бүртгэлийн мэдээлэлд үндэслэн дараа, дараагийн худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад шийдвэр гаргахаар хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан. Манайд хуулийн этгээдийн бүртгэл, хяналтыг чангатгах шаардлага бий. Компанийн ард хэн байгааг тодорхой болгох нь чухал. Тухайлбал, “А” компани байгуулж, олон ажил авсан ч ажлаа гүйцэтгэлгүй алга болоод, дараа нь “Б” компани байгуулан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тохиолдол цөөнгүй. Ийм асуудлаас сэргийлэхийн тулд хяналт, шалгалтыг сайжруулж, зөрчилтэй түүхтэй компаниудын мэдээллийг олон нийтэд ил тод болгох хэрэгтэй. Цаашид ийм зөрчилтэй компаниудтай төр гэрээ, хэлцэл байгуулах эсэхийг нухацтай авч үзэх шаардлагатай.

Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд туссан зохицуулалтуудаас дэлгэрэнгүй хэлбэл?

Нэгт, Хуулийн шинэчилсэн найруулгын эхний зорилт нь чанарыг үнэлдэг болох. Нэг ёсондоо, чанарт илүү анхаарч, ач холбогдол өгөх тухай асуудал.

Хоёрт, Шуурхай, хялбар худалдан авах ажиллагаа сонгон шалгаруулалт. Мэдээллийн технологи, интернэтэд суурилсан сонгон шалгаруулалтын аргуудыг шинээр хуулийн төсөлд тусгасан нь худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг аль болох богино хугацаанд зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Худалдан авах ажиллагааны бүх үе шатыг цахим системд бүртгэж байгаа нь сонгон шалгаруулалтын мэдээлэлтэй оролцогч цаг алдалгүй танилцах боломжтой тул сонирхсон худалдан авах ажиллагаанд эртнээс бэлдэх, орон зайн хязгаараас үл хамааран материал илгээх боломжтой байхын зэрэгцээ төрийн мэдээллийн санд байгаа мэдээллийг харилцан солилцож,  сонгон шалгаруулалтын хянан үзэх шатны үнэлгээг цахим системээр хийх боломж бүрдэж шуурхай, хялбар сонгон шалгаруулалт зохион байгуулах суурь нөхцөл болсон гэж үзэж байна. Нэг үгээр хэлбэл төр худалдан авах ажиллагаанд үр ашиггүй олон цаг хугацаа зарцуулдаг байдлыг бууруулах юм.

Худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад хиймэл оюун, технологийн дэвшлийг нэвтрүүлснээр үнэлгээний хорооны ажил 80% буурч, шийдвэрт хүний оролцоо багасна.

Гуравт, Хиймэл оюун, технологийн дэвшлийг нэвтрүүлэх асуудал. Техник технологийн хурдтай хөгжлийг дагаж худалдан авах ажиллагаанд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Цаашид хиймэл оюуныг бараа, ажил, үйлчилгээний зах зээлийн судалгаа хийх, тендер нээх, тендерийг хянан үзэх, тендерийг үнэлэх, сонгон шалгаруулалтын мэдээллийг ил болох, энэ хуульд заасан хураангуй жагсаалт үүсгэхэд ашиглах замаар худалдан авах ажиллагаанд хүний оролцоог бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Дөрөвт, Гарааны болон бичил бизнес эрхлэгчид тендерийг том компаниудын өрсөлдөх орчин гэж харах нь олонтаа. Ногоо тарьж байгаа буй хүн хуулийн хүрээнд ногоо тарьдаг гэдгээ л нотолчихсон байхад болно. Түүнээс биш өмнө тэрбум төгрөгөөр ногоо нийлүүлсэн үү гэх мэт босгыг тавихаа болино гэсэн үг. Нэг ёсондоо, илүү хялбаршуулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлье гэсэн санаа.

Худалдан авах ажиллагааны баталгаа буюу “дэнчин” нь худалдан авах ажиллагаанд оролцож буй процессоо илүү үр дүнтэй, хариуцлагатай байлгах үүднээс мөнгөөр хариуцлагажуулж байгаа хэлбэр юм. Энэ нь олон улсад нэвтэрчихсэн.

Сүүлийн жилүүдэд худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжүүдийн тоо буурах, оролцогчгүй худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтын тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд 2024 онд төрийн худалдан авах ажиллагааны 44 хувь амжилтгүй болж, дахин зарласан статистик байна. Үүнд дүн шинжилгээ хийж өрсөлдөөнийг хязгаарладаг зохицуулалтыг өөрчлөхөөр зорилоо. 10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцоход баталгаа ирүүлэх шаардлагагүй бөгөөд баталгааны мэдэгдэл бөглөж цахим системээр илгээх боломжтой болж байна. Мөн татвар, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй гэж оролцогчийн ирүүлсэн материалаас шууд татгалздаг байсан зохицуулалтыг өөрчиллөө. Аливаа оролцогч төрийн худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцоход татвар, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өр, төлбөртэй байж болох бөгөөд гагцхүү шалгарсан оролцогч худалдан авах гэрээ байгуулах үед холбогдох өр, төлбөрийг төлсөн байхаар зохицуулалт хийсэн. Ингэснээр оролцогчдын идэвх сайжирч, тендер шалгаруулалтад оролцох сонирхол нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Тавт, Эх оронч худалдан авалт гэх хөрсөн дээрээ огт буудаггүй асуудал байгаа. Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэрээ дараах асуудлыг ярьсан. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд худалдан авалт хийж чадахгүй байна гэх. Учир нь орон нутагт мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг иргэд бүтээгдэхүүнээ төрийн байгууллагууддаа өгч чадахгүй, "тендер" гэдэг том босгыг давж чадахаа больчихсон байна гэдэг асуудлыг яриад байгаа. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь чанар, стандартаа хангачихвал төрийн байгууллага нь тухайн орон нутгийнхаа иргэдээс мах, хүнс, ногоо, жимс, сүү, сүүн бүтээгдэхүүн авч болно гэдэг хуулийн зохицуулалтыг оруулж байгаа. Гэхдээ энэ маань нөгөө талдаа эрсдэлтэй. Учир нь зөвхөн таньдаг хүнээсээ аваад байвал яах вэ. Эсхүл авсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь чанаргүй бол хариуцлагыг хэн үүрэх вэ? Ер нь төрийн худалдан авах ажиллагааны хууль хэнээс, юу авахыг шийддэг болохоос биш тухайн бараа, бүтээгдэхүүн ямар чанар, стандартын шаардлага хангав гэдгийг зохицуулдаг эрх зүйн баримт бичиг биш. Салбар бүрт маш нарийн дэгтэй стандартуудыг мөрддөг. Тухайлбал, нийтийн хоолны мах бэлтгэлд заавал стандартын шаардлага хангасан махыг хэрэглэнэ гэдэг. Гэтэл малчны гар дээрээс авсан мах стандартын шаардлага хангах уу. Үүнээс улбаалаад хүүхдүүд хордвол хариуцлагыг хэн хүлээх вэ. Энэ мэт асуудалд тухайн салбарын хяналт тавьдаг нөхдүүд хяналтаа тавиад явна. Нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэгч нар бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд байдаг, төр нь дэмждэггүй гэх гомдол тээсэн хэсэг бүлэг хүмүүс байдаг. Иймд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас санаачилсан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг эх оронч худалдан авалтаар дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа. Дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж одоогийн хуулийн сайн зохицуулалтуудыг бүрэн хадгалж давуу эрхийн зөрүү тооцох аргачлалыг боловсронгуй болголоо. Мөн дотоодын барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй ба зөвхөн Монгол бараа үйлдвэрлэгч хоорондоо өрсөлдөнө. Засгийн газар чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталж, чанартай, стандартад нийцсэн дотоодын барааг цахим дэлгүүрт байршуулж, төрийн байгууллагад тогтмол нийлүүлэх боломжийг бий болгоно.

Зургаад, Маргаан шийдвэрлэх тогтолцоо. Хуульд заасан маргаан шийдвэрлэх тогтолцоог өөрчилж байнгын ажиллагаатай бие даасан маргаан таслах зөвлөлийг байгуулахаар хуулийн төсөлд тусгалаа. Зөвлөлийн гишүүдээр худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналтын чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага болон худалдааны танхимуудаас нийт 9 гишүүнийг санал болгож Засгийн газраас томилно. Уг зөвлөл нь худалдан авах ажиллаганы сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг бие даан шийдвэрлэх бөгөөд ажлын албатай байхаар хуульд заасан. Ингэснээр худалдан авах ажиллаганы сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа бэхэжнэ.

Хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалт нь хүний эрх, эрх чөлөөг аливаа байдлаар хязгаарлаагүй бөгөөд хувийн аж ахуй эрхлэх, төрийн худалдан авалтад бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх боломжийг дэмжиж, хүртээмжийг нэмэгдүүлж, саадыг бууруулсан болно.