
Оюутолгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашиг, иргэдийн хуримтлалын дансны зарцуулалт болон Онтрэ компанийн лицензтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.Тэрбээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг илүү сайжруулж, Онтрэ компанитай холбоотой хэлэлцээрийг ил тод болгож, УИХ-ын шийдвэрээр Монгол Улсын эрх ашгийг баталгаажуулах шаардлагатайг онцоллоо.
Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийг 2027 оны төсөвт тусгаж оруулж ирсэн ч Засгийн газар энэ хуулиа буцаан татсан. Үүнтэй зэрэгцэн энэ мөнгийг иргэдэд өгөх ёстой эсэх, өгөхгүй байх хууль зүйн зохицуулалт байгаа эсэх талаар маргаан их өрнөсөн. Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Оюутолгойн асуудлаар УИХ-ын дэргэд Хянан шалгах түр хороо байгуулж, хоёр тогтоол баталсан. Эхлээд түр хороо байгуулах тухай тогтоол гаргаж, дараа нь сонсгол зохион байгуулан мэдээлэл цуглуулсны үндсэн дээр УИХ-ын 120 дугаар тогтоолыг баталсан. Үүний хүрээнд Засгийн газарт тодорхой чиглэл өгч, нэлээд ажил хийсэн. Хамгийн гол нь иргэд Оюутолгой болон Онтрэ компанитай холбоотой асуудлаар илүү мэдээлэлтэй болсон. Энэ ажлын хүрээнд Засгийн газар хэлэлцээр хийж, Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийг 2027 оны төсөвт тусгаж оруулж ирсэн нь сайшаалтай. Энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал болон ажлын хэсгийг ахалсан сайд З.Мэндсайхантай маргах зүйлгүй.
Манай улсад 17 жилийн дараа анх удаа Оюутолгой төслөөс ногдол ашиг хэлбэрээр 3 их наяд төгрөг орж ирэх гэж байна. Төсөл 2027 оны сүүлээр түүхэн өндөр буюу бараг 8 тэрбум ам.долларын орлоготой ажиллах төлөвтэй байгаа энэ үед ногдол ашиг хуваарилагдах гэж байна. Энэ бол ард түмний өмчийг ашиглан үйл ажиллагаа явуулж, ашиг олсны үр өгөөж юм. Тиймээс Үндсэн хуулийн зарчмын дагуу ард түмэнд хүртээх ёстой.Ногдол ашгийг тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч олгох эсэхийг шийддэг байж болохгүй. Өнөөдөр инфляц ярьж байгаа шигээ арван жилийн дараа ч инфляц ярьсаар байна. Харин бид Үндсэн хуулиар тогтоосон зарчмаа хэрэгжүүлэх ёстой. Стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахад бий болсон өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож, Үндэсний баялгийн санд төвлөрөн, одоо болон ирээдүй үеийнхэнд тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилагдах учиртай. Урьд өмнө ийм хэмжээний ногдол ашиг орж ирж байгаагүй учраас янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Гэхдээ Үндсэн хуулиа бид баталсан. Засгийн газар, УИХ бүгд Үндсэн хуулиа биелүүлэх үүрэгтэй.
Оюутолгойн 3 их наяд төгрөгийг ердийн төсвийн хөрөнгө оруулалттай адилтгаж, төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах мөнгө гэж үзэж болохгүй.
Иргэд, татвар төлөгчдөөс төвлөрүүлсэн татвар, хураамжийн орлогоор цахилгаан станц, сургууль, цэцэрлэг барих зэрэг төсвийн зардлыг санхүүжүүлдэг. Харин Оюутолгойн ногдол ашиг иргэдийн хуримтлалын дансанд төвлөрөх зохицуулалттай. Иймээс үүнийг өөр зориулалтаар зарцуулах ёсгүй, Засгийн газар хуулиа татсан нь зөв.
Иргэд хуримтлалын дансанд нь орох 854 мянган төгрөгийг шууд авч хэрэглэж болно гэж ойлгож байна. Гэтэл уг мөнгө боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хэрэгцээнд зарцуулагдах бөгөөд арван жилийн дараа ашиглах боломжтой гэсэн мэдээлэл ч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хуримтлалын мөнгийг 10, 20 жил заавал хүлээж байж ашиглана гэсэн хуулийн заалт байхгүй. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Засгийн газар журам гаргаж, түүнийгээ шинэчлэн өөрчлөх боломжтой. Шаардлагатай бол журмаа одоо ч өөрчилж болно. Одоогоор хуримтлалын санд 1.1 их наяд төгрөг төвлөрсөн байдаг. Гэхдээ үүний дийлэнх нь ипотекийн зээлд гарсан. Ипотекийн зээл хэлбэрээр гарсан мөнгө 30 жилийн хугацаанд эргэн төлөгдөх учраас үндсэн хөрөнгө нь шууд эргэж ирэхгүй, харин хүүгийн төлбөр орж ирнэ.Иргэд хуримтлалын дансандаа төвлөрсөн мөнгийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хэрэгцээнд хэрхэн ашиглаж болохыг Засгийн газар журмаараа зохицуулах бүрэн эрхтэй. Энэ ажлыг хийх ёстой.
Өмнө нь ийм хэмжээний хөрөнгө хуримтлалын санд төвлөрч байгаагүй учраас бид энэ асуудалд хангалттай анхаарч, зохицуулалтыг нь бүрэн ойлгож амжаагүй байна. Харин одоо Үндэсний баялгийн сангийн талаар иргэд нийтээрээ ойлголттой болох том боломж бий. E-Mongolia системд нэвтэрч, хуримтлалын дансаа шалгахад нэг хүнд ногдох үлдэгдэл тухайн үеийн тооцооллоор 300 мянга орчим төгрөг байна. Оюутолгойн ногдол ашгаас дахин мөнгө төвлөрүүлбэл энэ хэмжээ нэмэгдэнэ. Засгийн газар журмаа шинэчилж, сайжруулан, иргэдэд хүртээмжтэй болгохын зэрэгцээ зөв мэдээллээр хангах шаардлагатай. Хуримтлалын дансны зориулалт, ашиглах нөхцөлийг иргэдэд ойлгомжтой тайлбарлаж, мэдээлэл өгөх нь Засгийн газрын үүрэг.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Тэгвэл ногдол ашгийг цахилгаан станц, сургууль, цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалтад зарцуулах асуудлыг ямар хүрээнд шийдэх ёстой вэ?
-Энэ хоёр асуудлыг ялгаж ойлгох хэрэгтэй. Иргэдийн хуримтлалын дансанд төвлөрөх мөнгө болон улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэр нь ижил зүйл биш. Үндэсний баялгийн сангийн хажууд Хөгжлийн сан гэж бий. Шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг энэ сангаар дамжуулан санхүүжүүлэх боломжтой. Хуулиар Тогтворжуулалтын сангийн орлогын тодорхой хэсгийг, тухайлбал 50 хувийг, холбогдох нөхцөл бүрдсэн үед Хөгжлийн санд төвлөрүүлэх зохицуулалт бий. Иймээс баялгийн сангийн эрх зүйн зохицуулалтыг цаашид боловсронгуй болгох шаардлагатай. Иргэдийн хуримтлалд зориулагдсан хөрөнгийг ямар зориулалтаар ашиглах, улсын хөгжлийн төслүүдийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ гэдгийг хууль, журмын хүрээнд тодорхой зааглах хэрэгтэй.
Оюутолгойтой холбоотой 300 гаруй гэрчийг дуудаж, гурван өдөр үргэлжилсэн сонсгол зохион байгуулан, УИХ-ын 120 дугаар тогтоол баталсан. Энэ тогтоолын үр дүн гарч эхэлсэн гэж та үзэж байна уу?
-Хөрөнгө оруулагчийн анх амласан 53 хувийн өгөөжийн асуудал болон УИХ-ын 120 дугаар тогтоолын хэрэгжилтэд анхаарах ёстой. Том зургаараа Монголын талд 53 хувийн өгөөж ногдох зарчим хангагдах учиртай. Оюутолгой Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлснээр эдийн засагт томоохон өөрчлөлт авчирсан. Дэлхийн томоохон уул уурхайн компаниудын нэг болох Рио Тинто Монголд орж ирсэн явдлыг би буруушааж байгаа юм биш. Харин шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч, Монгол Улсын эрх ашгийг хамгаалах ёстой гэдгийг онцолж байна.
УИХ-ын 120 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газар хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүг бууруулсан. Мөн зээлийн хүүг долоон жил тутам дахин авч үздэг байсныг гурван жил болгосон. Өмнө нь ногдол ашгаа 2037 оноос авах тооцоололтой байсан бол 2027 оноос авч эхлэхээр болсон.Гэхдээ хэлэлцээр ингээд дууссан гэж ойлгож болохгүй. Хэлэлцээ цааш үргэлжилж, УИХ-ын 120 дугаар тогтоолын хэрэгжилт бүрэн хангагдах ёстой. Оюутолгой 8 тэрбум ам.долларын орлоготой ажиллах төлөвтэй байгаа бөгөөд цаашид ч орлого нь өсөх боломжтой. Ойрын жилүүдэд олборлолтын үндсэн үйл ажиллагаа эрчимжихээр байна.
Гэхдээ Онтрэ компанитай холбоотой асуудал дээр Монгол Улсын эрх ашиг өнөөдрийг хүртэл хангагдаагүй байна гэж та хэлж байна. Яг ямар асуудал байгаа юм бэ?
Онтрэ компанитай холбоотой асуудалд Монгол Улсын эрх ашгийг хангах зохицуулалт одоо хүртэл бүрэн шийдэгдээгүй байна. Одоогийн хүчин төгөлдөр гэрээний хүрээнд Онтрэ болон Оюутолгой гэсэн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр компанийн ашгийг 20:80 харьцаагаар хуваарилах асуудал яригддаг. Харин Монгол Улсад ногдох өгөөжийн асуудал тодорхойгүй, эрх ашгийг бүрэн хангах нөхцөл бүрдээгүй гэж би үзэж байна. Онтрэ компанитай холбоотой гуравдагч томоохон гэрээг байгуулж, Монгол Улсын эрх ашгийг баталгаажуулах ёстой. Энэ гэрээг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэн, УИХ эцэслэн шийдвэрлэх зохицуулалт бүрдсэн. Одоо уг зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Гэтэл Засгийн газар Онтрэ компанитай холбоотой хэлэлцээрийн гэрээг өнөөдрийг хүртэл УИХ-д оруулж ирээгүй байна. Энэ хооронд Онтрэгийн хоёр лицензийг Оюутолгой руу шилжүүлэх үйл явц урагшилсаар байна. Ийм асуудлыг анхаарлын гадна орхиж болохгүй.
Онтрэгийн хоёр лицензийг шилжүүлэхтэй холбоотой 24.3 тэрбум төгрөг Төрийн сангийн дансанд байгаа гэх мэдээлэл анхаарал татаж байна. УИХ эцсийн шийдвэрээ гаргаагүй байхад ийм үйл явц өрнөх нь хууль зүйн хувьд ямар асуудал үүсгэх вэ?
Онтрэ компанийн тухайд хөрөнгө оруулагчдад өгч буй мэдээлэл болон Монгол Улсад бодитоор өрнөж буй үйл явц хоорондоо зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байна. Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани хөрөнгө оруулагчдадаа Онтрэгийн лицензийг Оюутолгой руу шилжүүлэхтэй холбоотой татвараа төлсөн, татварын тодорхойлолтоо аваад шилжүүлэг хийхэд бэлэн болж байгаа тухай мэдээлэл өгсөн байдаг. Гэтэл Монголын талд Онтрэ, Оюутолгойн хоорондын асуудлыг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх ёстой гэсэн хүлээлт байна. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй байхад лиценз шилжүүлэхтэй холбоотой татварын харилцааг эцэслэн шийдвэрлэх нь зөв эсэхэд анхаарах ёстой. Монголын ард түмэн болон гадаадын хөрөнгө оруулагчдад зөрүүтэй мэдээлэл хүрч болохгүй.
Миний хувьд Нью-Йоркт банкираар ажиллаж байсан учраас гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын мэдээлэл, хөрөнгө оруулагчдад хүргэдэг тайлан, мэдэгдэлд дүн шинжилгээ хийх боломжтой. Онтрэ компанийн гүйцэтгэх захирал Крис Адамсын хөрөнгө оруулагчдад хандсан нээлттэй захидал 2026 оны есдүгээр сарын 28-нд нийтлэгдсэн. Уг захидалд Оюутолгой руу шилжүүлэх хоёр лицензтэй холбоотой татвараа төлсөн тухай мэдээлсэн. Ийм мэдээлэл нь тухайн лицензүүдийг шилжүүлэх үйл явц тодорхой шатанд хүрсэн гэж ойлгогдохоор байна.Энэ мэдээллийг гаргаж тавьж, Эдийн засгийн байнгын хороон дээр асуудал тавихад Сангийн яам эхэндээ мэдээлэлгүй байсан. Татварын албаны даргыг дуудаж, гурван цаг орчим хүлээсний дараа ирүүлж, 24.3 тэрбум төгрөг төлөгдсөн нь үнэн гэдгийг хэлсэн.
Энэ асуудлыг олон нийтэд гаргаж тавьсны төлөө намайг янз бүрээр нэрлэж байгаа ч гол нь Монгол Улсын эрх ашгийг хамгаалах асуудал юм. Өмнө нь Онтрэ компанитай холбоотой ижил төстэй үйл явц өрнөх гэж байсан учраас би асуудлыг тавьж, Хянан шалгах түр хороо байгуулахад анхаарч ажилласан. Миний байр суурь бол УИХ эцсийн шийдвэрээ гаргаагүй байхад лиценз шилжүүлэхтэй холбоотой татварын асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёсгүй. Төрийн сангийн дансанд 24.3 тэрбум төгрөгийн татварын мөнгө зургаадугаар сарын 22-ноос хойш бараг дөрвөн сар хадгалагдаж байна.Татварын албанаас Онтрэ рүү явуулсан албан бичгүүдэд бүрдүүлбэр дутуу гэсэн тайлбар өгсөн байдаг. Тэгвэл бүрдүүлбэр нь бүрэн болмогц татварыг хүлээн зөвшөөрч, лиценз шилжүүлэх үйл явцыг үргэлжлүүлэх гэж байгаа юм уу гэсэн асуулт гарч ирнэ. Ийм тодорхойгүй байдал үүсгэж, хөрөнгө оруулагчдад зөрүүтэй ойлголт төрүүлж болохгүй.Энэ 24.3 тэрбум төгрөгийн татварын мөнгийг буцаах хэрэгтэй.
Төрийн эзэмшлийн хувь хэмжээ болон Монгол Улсын эрх ашгийг УИХ-аар эцэслэн шийдвэрлэтэл Татварын алба энэ асуудлаар ямар хүрээнд харилцах боломжтойг тодорхой тайлбарлаж, албан ёсны байр сууриа ил тод мэдээлэх ёстой.Татварын албанаас Онтрэ компанид нийт таван удаа албан бичиг явуулсан гэж мэдээлэгдсэн. Хянан шалгах түр хороо байгуулагдсаны дараахан буюу 2025 оны долдугаар сард илгээсэн захидалд төр эзэмшлээ тогтоох хүртэл татварын тодорхойлолтын асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн агуулгатай хариу өгсөн байсан. Харин дараагийн захидлуудын агуулга төөрөгдөл үүсгэхээр болсон гэж би үзэж байна.

Тэгвэл цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Онтрэ компанитай холбоотой асуудал олон нийтийн өмнө ил тод явах ёстой. Гадаадын хэвлэл мэдээлэл, хөрөнгийн биржийн сайтаас мэдээлэл олж авч байж Монгол Улсад юу болж байгааг ойлгодог байж болохгүй. Онтрэгийн лиценз болон түүнтэй холбоотой ашигт малтмалын нөөц бол ард түмний өмчийн асуудал. Үндсэн хуулиар олгосон өмчлөх эрхийнхээ хүрээнд иргэд энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Засгийн газраас ил тод мэдээлэл тогтмол шаардаж, бодит мэдээлэл авах ёстой. Засгийн газар ч ард түмнээ үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй. Оюутолгойн ногдол ашиг, иргэдийн хуримтлалын данс, Онтрэгийн лиценз, УИХ-ын 120 дугаар тогтоолын хэрэгжилт зэрэг асуудал нь зөвхөн төрийн байгууллагуудын хүрээнд яригдах ёсгүй. Иргэд ойлгож, хянаж, шаардлага тавьж чаддаг байх хэрэгтэй. Мэдээлэлтэй ард түмэн юу юунаас илүү хүчтэй байдаг.