Их хотын хөгжилд хүч нэмсэн Чингэлтэй дүүрэг 30 нас хүрлээ


7 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Их хотын хөгжилд хүч нэмсэн Чингэлтэй дүүрэг 30 нас хүрлээ

Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн хоймор болсон Чингэлтэй дүүргийн түүхт 30 жилийн ой тохиож байна. Ярилцлага эхлэхээс өмнө танд 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Нийслэл хотын хойморт “түшиж” дүнхийн заларсан ариун тахилгат Чингэлтэй хайрхнаараа овоглосон дүүрэг маань энэ жил түүхт 30 жилийн ойтойгоо золгож байна. Дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд оюун ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажилласан үе үеийн удирдлагууд, албан хаагчид, дүүргийн 170 мянга гаруй иргэддээ 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. 

30 жилийн түүхтэй дүүргийнхээ хөгжил, ололт амжилтыг та хэрхэн дүгнэж байна вэ?  

Анх 1992 онд Сүхбаатарын районоос өрх тусгаарлан Чингэлтэй дүүрэг болон өрх тусгаарласнаас хойш 30 жил болжээ.Энэ бол багагүй хугацаа юм. Энэ он жилүүдэд бидэнд хийж бүтээсэн зүйлс олон байна. Зах зээлийн эдийн засгийн “адармаа”-тай цаг үеэс эхлэн тодорхой хөгжлийн шалгуурыг давж өнөөдрийн түүхийг бүтээлээ. Манай дүүрэг анх 19 хороотой, 80 мянган хүн амтай Сүхбаатарын районоос өрх тусгаарлаж байсан бол өнөөдөр 24 хороо, 170 мянга гаруй хүн амтай өнөр өтгөн дүүрэг болжээ. 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үе үеийн удирдлагууд  “Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, үүн дотор иргэдийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг хангах цогц бодлогыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж ирсэн юм. Дүүргийнхээ  хөгжлийг тогтвортой үргэлжлүүлэхэд, үе үеийн Засаг дарга нар иргэдэд ээлтэй, зөв төрийн бодлогыг тасралтгүй залгамж чанартай авч явах ёстой. Миний хувьд энэ дүүргийн 9 дэх Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа хүний хувьд дээрх зарчмыг баримтлан ажилладаг.

Дүүрэг бол нийслэл доторх “бага хот”. Иймд бид дүүргийн гудамж талбай, амралт зугаалгын бүс, орон сууц, гэр хорооллын орчинд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж,  96 хувийн гэрэлтүүлэгтэй боллоо. Дүүргийнхээ бүтээн байгуулалт, тохижилтыг сайн шийдсэн гэж дүгнэж байна. Манай дүүрэг хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, хог ачилт, хогны асуудлыг шинэ менежментээр шийдэж, хувийн хэвшлээр үйл ажиллагаа явуулдаг ганц дүүрэг гэдгээрээ онцлоготой. 

Гэхдээ мэдээж анхаарал хандуулж ажиллах асуудал олон бий. Манай дүүрэг анх 19 хорооны 6 нь байшин хороололтой байсан бол өнөөдөр хороо томорсон ч байшин хорооллын тоо нэмэгдсэнгүй. Сүүлийн жилүүдэд иргэдээ орон сууцжуулах, дэд бүтцээ хөгжүүлэхэд анхаарч, тооцоо, судалгаа гарган ажиллаж байна. 

Өнгөрсөн хугацаанд зам, гэрэлтүүлэг, спорт цогцолбор, жишиг өрхийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалтын тал дээр түлхүү анхаарсан бол одоо бид хувь хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд анхааран ажиллах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Улс орны хөгжлийн үндэс нь эрүүл, боловсролтой иргэн. Таны хувьд эрүүл мэндийн чиглэлд ямар бодлого баримталж байна вэ? 

Нэн тэргүүнд дүүргийнхээ эмнэлгийн байрыг шинэчлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдүүлнэ. Чингэлтэй дүүргийн эмнэлэг зориулалтын бус байранд байрладаг, мөн диализын аппаратгүй цор ганц дүүргийн эмнэлэг болчихоод байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2017 онд эмнэлэг барих шийдвэр гарсан ч газрын асуудалтай холбоотой өнөөдрийг хүртэл энэ эмнэлэг баригдаагүй. Бид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд энэ асуудлыг тавьж, дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжилт гаргаж, 10-р хороо буюу “Дэнжийн 1000”-д 2.8 га газрыг бүрэн чөлөөлж дуусгалаа.  

Азийн Хөгжлийн банкны 30 сая долларын санхүүжилттэй орчин үеийн эмнэлэг баригдах боломжтой боллоо. Ингэснээр дүүргийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй авах боломж бүрдэнэ. Мөн одоо ажиллаж буй эмнэлэгтээ өргөтгөл хийж томруулна. Улсын хөрөнгө оруулалттай Хайлаастад баригдаж буй амбулатори 2023 онд ашиглалтад орно. “Эрт илрүүлгийн төв” баригдаад эхэлчихсэн. Үүнээс гадна дүүргийнхээ хоёроос гурван хорооны дунд жишиг өрхийн эмнэлэг байгууллаа. Үүний үр дүнд эмчийн тоо нэмэгдэж, тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжирч, иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй болж байна. 

Та өөрөө багш мэргэжилтэй хүн. Боловсролын хүртээмжийг сайжруулахад та их анхаарч ажиллаж байгаа харагддаг. Хүүхэд бүр боловсролыг тэгш хүртээмжтэй хүртэх эрхтэй шүү дээ? 

Боловсролын салбар бол анхаарах, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай салбар. Чингэлтэй дүүргийн хувьд ерөнхий боловсролын 17 сургууль, 35 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 24 хороотой энэ дүүрэгт сургуульгүй, цэцэрлэггүй хороод ч бий шүү дээ. Тийм ч учраас энэ салбарт илүү их анхаарч, ажиллаж байна. Гэхдээ өмнөх жилүүдээс сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайжирсан гэж үзэж байна. Одоо харин сургалтын чанарт анхаарч багш нарыг чадваржуулж, нийгмийн асуудлыг нь шийдэхэд илүү анхаарч байна. Тухайлбал, жил бүр идэвх санаачлагатай, амжилттай ажиллаж буй 5-6 багшийг орон сууцанд хамруулахад дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн сургуулийн гадаад орчин нөхцөл, менежментийн асуудалд нэлээн анхаарлаа. Чингэлтэй дүүрэг 2021-2022 онд жил бүр 1 тэрбум 500 мянгаас доошгүй санхүүжилтийг боловсролын салбарт төсөвлөсөн. 

Боловсролын салбарт анхаарахын тулд ул суурьтай хандах шаардлагатай. Зөвхөн сургууль цэцэрлэг бариад асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Тухайлбал, инженерийн шугам сүлжээ шийдэгдээгүй гэр хороололд сургууль барьдаг. Гэтэл энэ сургуульд нь ажиллах багш олдохгүй, боловсон хүчний асуудалтай бид нүүр тулж байна. Бид дүүргийнхээ зарим нэг сургууль, цэцэрлэгийн дулааныг нийслэлийн төсвөөр газрын гүний дулаан тавьж туршиж байна. Энэ хавар үр дүн гарна. Энэ жил Засгийн газрын бодлогын хүрээнд дэвшүүлсэн "сугалаагүй цэцэрлэгтэй" болох зорилтын дагуу Чингэлтэй дүүргийн 11 мянга 967 хүүхэд цэцэрлэгт бүрэн хамрагдлаа. 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл

Боловсролын салбар дахь ялгааг арилгая” зорилтын хүрээнд манай дүүргийн бүх цэцэрлэг “Монтессори”, ”Steam”, “i'm brick” олон улсын хөтөлбөрийг сургалтын орчиндоо хэрэгжүүлж байна. 

Мөн бид дүүргийн хэмжээний төрийн өмчийн 38 цэцэрлэгийн зөөлөн эдлэл буюу хивс, хивсэнцэр, хүүхдүүдийн цагаан хэрэгслийг бүрэн шинэчлэхэд 850 сая төгрөг зарцууллаа. Үүний үр дүнд зарим цэцэрлэгийн хүүхдүүд шалан дээр унтдаг, гудсаа хувааж хэрэглэдэг асуудал шийдэгдлээ. Цаашдаа сургуулиудын гаднах тохижилт, аюулгүй байдал, боловсролын чанарт анхаарч ажиллана.

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар ярилцлая. Тухайлбал Чингэлтэй дүүрэг гэр хороолол түлхүү байдаг гэж та дээр дурьдлаа. Тэгвэл дүүргийн иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй авч чадаж байна уу?

Манай дүүргийн хувьд төрийн үйлчилгээ их тархмал байрлалтай. Тухайлбал, “Татварын хэлтэс” Ялалтын талбайд, “Халамжийн хэлтэс” Баянбүрдийн тойрогт, “Нийгмийн даатгалын хэлтэс” 5-р сургуулийн хойно, “Газрын алба” 18-р хороонд гэх мэт. Үүнийг нэгтгэх шаардлагатай. Дээр нь дүүргийн захиргаа заавал хотын төвд байх шаардлагагүй. Иргэдэд илүү ойртохын тулд гэр хороололд яагаад байж болохгүй гэж. Замын түгжрэлийг бууруулах, олон төвт хот болгох Засгийн газрын бодлоготой ч энэ шийдвэр уялдана. Ийм учраас дүүргийн Төр захиргааны байрыг “Дэнжийн 1000”-д барихаар газар чөлөөлөлтийн ажлаа эхлүүлсэн. Харин дүүргийн “Нэг цэгийн үйлчилгээ”-ээр төрийн үйлчилгээг авч байгаа иргэдийн тав тухыг бодож танхимыг бүрэн шинэчилж багтаамж, хүртээмжийг нэмэгдүүлсэн байгаа. Удахгүй бид тус үйлчилгээг 24 цагаар ажилладаг болгохоор туршиж байна .

Та дүүргийн төлөөлөгч, Засаг даргаас гадна нийслэлийн Төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Нийслэлийн Төлөөлөгчийн хувиар бүтээн байгуулалтын ажилд бас нэлээд “шунасан” байх?  

Чингэлтэй дүүргээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 4 төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Бид нийслэлийн 2022 оны төсөвт дүүрэгт 2 том бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төсвийг тавиулсан. “Галданбошигт”-ын гудамжнаас “Хүчит шонхор” худалдааны төв хүртэлх 6 тэрбум төгрөгийн өртөгтэй 1,6 км авто замын ажил. Мөн дүүргийн 14, 18 дугаар хороог дахин төлөвлөлтөд оруулахаар зураг төсөл судалгааны ажил эхлээд байна. Энэ хоёр хороодод нийт 10 гаруй мянган иргэн аж төрж байна.

Иргэд өөрсдийн газар дээр өндөр стандартын орон сууц эсвэл инжинерийн шугам сүлжээ бүрэн шийдсэн хувийн орон сууц бариулах эсэхэд саналаа өгч судалгаанд оролцох юм. Энэ ондоо зураг төсөл хийгдвэл ирэх ондоо ажил эхэлнэ. Инжинерийн шугам сүлжээний ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Сэлбэ” дэд төвөөс шийднэ. Бидэнд нэг давуу тал бол энэ эх үүсвэр бэлэн байна. 

Саяхан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороог камерын нэгдсэн системтэй “Ногоон бүс” болгон зарласан. Гэмт хэргийг бууруулахад энэ чухал ач холбогдолтой ажил болж байх шиг?  

Иргэд амьдарч байгаа орчиндоо эрүүл, айх аюулгүй, тав тухтай амьдрах эрхтэй. “Ногоон бүс” төсөл дэлхийн гурван хотод буюу Сөүл, Москва, Лондон хотод амжилттай хэрэгжиж нийт гэмт хэргийн 45-47 хувийг илрүүлсэн туршлага байдаг юм байна. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 145 камер шинээр байрлуулж “Ногоон бүс” болголоо. Цаашдаа бид дүүргээ бүхэлд нь “Ногоон бүс” болгохоор ажиллана.

“Ногоон бүс”-ээс гадна “Камерын нэгдсэн төв”-тэй болсон. Энэ бол зайлшгүй онцлох ёстой сэдэв байх? 

Чингэлтэй дүүрэг “Камерын нэгдсэн төв”-тэй болсон. Энэ их том бүтээн байгуулалт шүү. Чингэлтэй дүүрэгт гэхэд 2012 оноос хойш 1200 орчим камер суурилагдсан боловч үүний 10 орчим хувь л хэвийн ажиллаж байсан. Үүн дээр нэмж 250 камер шинээр суурилуулсан.  Энэ камеруудыг хянах, зориулалтын серверийн өрөөг дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар”-ын 1 давхрыг хяналтын төв болгон тохижуулсан байгаа. Энэ ажлыг хийхэд дүүргээс 210 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Энэ хяналтын төв бол Улаанбаатар хотын хэмжээнд “Шуурхай удирдлагын төв”-ийн дараа орох, дүүргүүдээс хамгийн анхны теле камерын нэгдсэн төв болж байгаа. 

Цар тахлын нөхцөл байдлын улмаас эдийн засаг хүндэрсэн. Энэ амаргүй нөхцөл байдал олон үйлдвэрлэл эрхлэгчдийг хаалгаа барихад хүргэлээ. Уналтын дараа эргэн босох үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байна вэ? 

Бид бүгд амаргүй цаг үетэй нүүр тулж, даван гарч чадлаа. Гэхдээ үүний ард амссан хор хохиролыг нөхөх, хөл дээрээ босох гээд бэрхшээлүүдтэй учирч байна. Дүүргийн хувьд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, хамтран ажилласаар ирсэн. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын орлого, татвараас төсөв бүрддэг. 

Дүүргийн зүгээс үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж түр ажлын байраар хангах, үзэсгэлэн худалдаанд оролцоход дэмжлэг үзүүлж, гадаад болон дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэхэд нь сурталчилж борлуулалт хийхэд нь тусалж байна. Энэ бүхэн цартахлын нөхцөл байдлын улмаас зогсонги байдалд орсон ч гэсэн эдийн засаг эргээд сэргэж, худалдан авалт сайжирч байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ гаргасан санал, санаачлагыг дэмжиж 7,15 дугаар хороонд ажлын байр бий болголоо. 

“Чингэлтэйд үйлдвэрлэв 2022” чуулга уулзалтыг зохион байгуулахад үүнд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 815 аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо. Хоорондоо туршлага солилцож, цар тахлын дараах амаргүй нөхцөл байдлыг хэрхэн даван туулж буй талаараа туршлага солилцлоо. Дүүргийн Засаг даргын хувьд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, үйл ажиллагаагаа өргөтгөхөд нь чиглэсэн шинэ технологийг хэрэгжүүлэх, бодлогын туслалцаа үзүүлэх, менежментийн шинэ арга барилыг тусгах зэргээр цаашид анхаарч ажиллана. 

Цаашдаа ч иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, ажлын байр нэмэгдүүлж, ахуй байдлыг сайжруулахын төлөө Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжин хамтран ажиллана.