АЙМАГ, СУМЫН БҮСЧИЛСЭН НОГООН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2024.03.12

АЙМАГ, СУМЫН БҮСЧИЛСЭН НОГООН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксел Никейз болон Европын хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Тереса Червинска нартай /2024.03.12/ “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн эхний санхүүжилт болох 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Аймаг, сумдын дэд бүтцийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалтыг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтын эхний ээлжийн санхүүжилтээр аймаг, сумдын дэд бүтцийг шинэчилнэ.

Тухайлбал, бохир ус цэвэрлэх байгууламж, орон сууц барьж, сургууль, эмнэлгүүдийн эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үерээс хамгаалах байгууламж барина. Үүнээс гадна аймаг, сумдын борооны ус зайлуулах байгууламжийг сайжруулж, нийтийн барилга байгууламжид нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ.

Мөн орон нутгийн хөдөө аж ахуйн болон бусад бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг бууруулахад чиглэсэн тогтвортой мал аж ахуйн дадал бүхий малчдын бүлгэмийг дэмжихээр төлөвлөөд байна.

Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын үр дүнд ойролцоогоор 160 мянган ажлын байр шинээр бий болж, урт хугацаандаа 29 сая га газрын бэлчээр нутгийг сэргээн хамгаалж, 40 жилийн хугацаанд ялгарах 126 сая тонн хэмжээний нүүрсхүчлийн хийн ялгарлыг зогсоох ач холбогдолтой.

Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал Үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын нэгдэн орсон Парисын хэлэлцээр болон Шинэ сэргэлтийн бодлогод туссан Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт болон Ногоон хөгжлийн сэргэлтийн хөгжлийн зорилтуудтай нягт уялдаж буйгаараа онцлог юм.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn