Монгол Улсын Их хурлын чуулганы /2019.10.24/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ. "Шүүмжлэлтэй хандах хэдэн зүйл байна. 1. ХСҮТ-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг төсвийн нэмэгдэлдээ багтаагаад шийдэж болох уу? Тэнд хэвтэж байгаа өвчтөнүүдээс гадна тэдний ар гэр, эдийн засаг дагаад сүйрч байгаа. Тиймээс энэ асуудлаас 5 цаас битгий татаа. УИХ-ын гишүүд чинь дэмжье гээд байна шүү дээ. Боломжтой хэсэг нь гадагшаа явчихдаг. Яг боломжгүй, чадалгүй нь ХСҮТ-д эмчлүүлж байгаа. 2. Орон нутгийн чанартай, төлөөлөлтэй холбоотой төсвийн хувиарлалт хийсэн байна. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд өөрийн тойрогтоо өндөр мөнгө төсөвлөсөн байна. Энэ бол улс төржсөн төсөв болжээ. Үүний учир юу вэ? Монгол Улсын төсөв бол нэг нам шийддэг зүйл биш." Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тэрээр байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Их хурлын чуулганы /2019.10.24/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дараах байр суурийг илэрхийллээ. "Татварын багц хууль 2020 оноос эхлэн хэрэгжинэ. Үүнд 2 өнцөгтэй зүйл байна. Татварын багц хуулийг хэлэлцэх үед төсвийн орлого буурна гэж байсан. Өнөөдөр орлого өссөн байна. Орлогын татвар, НД-ын орлого нэмэгдэж ААН-үүд гүрийтэл ажиллаж байна. Сая Сангийн сайд "Үр ашигтай төсөв" гэж 2020 оны төсвийг хэлээд байна. Би үүнийг ойлгохгүй байна. Орлого хангалттай өсөх боломжтой. Харин багаар тооцож байна. Урсгал зардлыг хангалттай танах боломжтой. Төсвийн номны ард хуудсанд урсгал зардалтай холбоотой 700-800 тэрбум төгрөгийг бүхлээр нь биччихсэн байгаа. ДНБ-ын 2%-иас хэтрүүлэхгүй байх ёстой ч 5,1% болчихсон байна. Хууль биелүүлэх ёстой биздээ. Бизнес эрхлэгчид ААНОАТ, ГАТ, ХАОАТ 30-40% нэмэгдэх төсөөлөлтэй гэж байна. Буцаад ААН-ээс дэмжих юу орж байгаа юм бэ? 900 гаруй сая төгрөгөөр 2019 оны орлого өсөж байгаа. Энэ хэний гавьяа вэ?"
Монгол Улсын Их хурлын чуулганы /2019.10.24/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дараах байр суурийг илэрхийллээ. "Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд орлогыг 675,2 тэрбум, зарлагыг 675,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх өөрчлөлт орох гэж байна. Ингэхдээ нийгмийн өмнө тулгамдсан ХСҮТ-ийн санхүүжилтийн 19,8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж оруулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг Сангийн сайдад тавьсан. Улсын төсвийг оруулж ирэхэд энэ асуудал хөндөгдөөгүй байсан учраас боломжгүй гэсэн хариу өгсөн. Би Сангийн сайдад энэ асуудлыг ямар ч шалтгаан хэлэхгүйгээр, бүтэн жилийн турш энэ асуудлыг ярьсан учраас нэгэнт төсвийн зарлагыг нэмэгдүүлж байгаа бол үүнийг шийдээд явах боломжтой гэж үзэж байна. Засгийн газрын хурлаар 3 удаа ХСҮТ-ийн барилгын асуудлыг ярилцсан. Би судлаж үзсэн. Тиймээс энэ асуудлыг Сангийн яам болон ЭМЯ-ны анхаарлын төвд байсан нэг номерын асуудал учраас төсвийг 675,2 тэрбумаар нэмэгдүүлэх гэж байгаа юм бол шийдэж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. ХСҮТ-ийн төсвийн 19,8 тэрбум төгрөгийн 5,9 тэрбум нь нийт хөрөнгийн зардал. 13,8 тэрбум нь 100 ор ннэмэгдэж байгатаай холбогдуулан урсгал зардал тооцогдож байгаа юм. Тиймээс зардлыг зөвөөр ойлгон 2020 оны төсөвт 19,8 тэрбум төгрөгийг суулгаж өгнө үү? УИХ-ын гишүүд ч үүнийг шийдвэрлэж чадна гэж найдаж байна."