УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.20\ нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ хуулийг санаачилж, УИХ дээр энэ талаар ярих боломж олгосон Б.Пүрэвдорж гишүүнд баярлалаа. Учир нь УИХ зөрчлийн хуулийг гаргахдаа иргэнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө гэсэн шийдвэр огт гаргаагүй. Ийм заалт огт байхгүй. Бид НҮБ-ийн өмнө хүлээсэн үүрэгтэй Ардчилсан улс орон. Энэ утгаараа хүний үзэл бодлыг шоронжуулахгүй гэдэгт МАН ч тэр, Ардчилсан нам ч тэр аль аль нь манлайлж зогсдог. Ийм шинжийн аливаа өөрчлөлт орохыг эсэргүүцэж, таслан зогсоодог. Тухайлбал, хаврын чуулганаар эрүүгийн хэрэгт доромжлохыг гэмт хэрэгт тооцъё гэдэг заалтыг парламентын гишүүд нам үл харгалзан таслан зогсоосон. Гэтэл ийм шийтгэл зөрчлийн хуульд байхгүй байтал. Б.Пүрэвдорж гишүүний бидэнд тараасан судалгаа материалд 300 гаруй хүнийг зөрчлийн хуулиар торгочихжээ. Ингэхдээ "ковид-19" цар тахлын үеэр торгосон байгаа юм. Энэхүү судалгаанаас гайхал төрүүлсэн зүйл нь 300 гаруй иргэдийг хаана ямар цагдаа торгов гэх асуулт гарна. Үүнээс хамгийн их нь Дорноговь аймгийн цагдаагийн газар 157 гэнэ. Шийтгэлийн тал нь Дорноговь аймагт торгуулж. Дараа нь Баянхонгор аймаг, удаах нь Сонгинохайрхан дүүрэгт байна. Зарим аймаг дүүрэгт огт торгоогүй байна. Тэгэхээр асуудал хуульд байна уу, хуулийг хэрэгжүүлэгчдэд байна уу? Нугалаа завхрал аль талдаа гарчхав аа. Үүнд нухацтай дүгнэлт хийх ёстой. Хууль тогтоогч бид хууль тогтоохдоо алдаа гаргав уу эсвэл хууль хэрэгжүүлэх явцад алдаа гаргав уу. Үүн дээр хууль санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж ямар санал дүгнэлттэй байна. Үүнд хариулт өгнө үү? Түүний асуултад, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хариуллаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022,10,18/-ны өдрийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хүнийг үзэл бодол, итгэл үнэмшилтэй байсных нь төлөө зөрчлийн хуулиар торгоод байж болохгүй гэдэг энэ сайхан сэтгэлтэй санал нэг байгаа. Энэ талаар эрүүгийн хуульд санаачилж 2021 оны 03-дугаар сард буюу одоогоос жил 6 сарын өмнө УИХ-д өргөн барьсан. Улс төрд нөлөө бүхий этгээдүүд бусдыг гүтгэх, доромжлох, өөрсдийг нь гүтгэж доромжиллоо гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн ял шийтгэдгийг болиулъя гээд хуулийн төсөл санаачилсан. Одоо болтол хэлэлцэх эсэх нь шийдэгдэхгүй байгаа юм. Уг нь энэ асуудлыг түрүүлж ярих ёстой. Пүрэвдорж гишүүн маань сайхан сэтгэлтэй боловч, мэдлэггүй сайхан сэтгэл аюултай шүү дээ. Энэ бүр хортой. Яг тийм болчихоод байна. Зөрчлийн хуулинд хүнийг үзэл, бодлоо илэрхийлсний төлөө шийтгэнэ гэдэг зөрчил байхгүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дотор хуулиас болоод байна гэж Пүрэвдорж гишүүн үзээд өөрийн үзэл, бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах үүрэгтэй гэх заалтыг хасах гээд байна. Тэгэхээр бүх хүн өөрийн үзэл, бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндийг доромжилж болно гэдэг эрхтэй болох гээд байгаа юм уу? Асуудлаа шийдэх гээд хүн болгоны нэр төр, хүнийг хүн болох хувьд нь хүндэтгэж буй эрхэмсэг оршихуй нь хүний нэр төрд халдаж болох юм шиг заалттай болох гээд байна. Эсэргээрээ сайхан сэтгэл маань өөрөө маш хортой үр дагаварыг гаргах гээд байна. Тиймээс үүнийг би дэмжиж чадахгүй. Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж гишүүн хариуллаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022,10,18/-ны өдрийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Энэ хуульд 2022 оны дөрөвдүгээр сард өөрчлөлт оруулсан, яагаад ийм хурдан өөрчлөх болсон бэ. Үндэслэлээ тайлбарлаж өгнө үү? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.