УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Өмнөх хуулиар хэрэгжиж байсан харилцаа бол улсын шинж чанартай авто зам, хот суурин газрын төлөвлөлт хийгдээгүй газруудад өмчлөл өгсөн. Энэ алдаагаа засаад газар зохион байгуулалт, хотын хөгжлийн төлөвлөгөө гээд хэсэгчилсэн төлөвлөгөөнд орсон, хүн ая тухтай амьдарч болох газар, орчин бүрдсэн байх тухай орсон байна. Дэд бүтэц гэдэг үг энд алга. Тиймээс хууль хэрэгжүүлэх явцдаа хүн амьдрах ая тухтай орчин гэдгээ юу гэж ойлголцох вэ? Үүнийг хэлэлцүүлгийн түвшинд ямар зохистой нэр томьёонд оруулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Мөн хэмжээний асуудал ямар байх вэ.
УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Газрын асуудал бол бүх юмны суурь. Тиймээс зөвхөн Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж ирж хэлэлцэх нь учир дутагдалтай. БОХХААБХ-ны эрхлэх асуудлын хүрээний асуудал мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны асуудал буюу засаг захиргаа, нутаг дэвсгэр, нэгжийн хил хоорондын цэсийн асуудал байна. Хууль зүйн байнгын хороон дээр бүртгэлийн асуудлыг нэгтгэж байгаа. Эдийн засгийн агуулгаар нь Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх шаардлагатай. Ийм учраас газрын тухай багц хуулийг хэлэлцэх эсэхийг нь шийдсний дараа дээрх байнгын хороодоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн зарчмын саналтай байна. Хууль зүйн нэр томьёоны хувьд эргэж харах зүйл нэлээдгүй байна. Хуулийн нэр томьёог жигдлэх, ойлголтуудыг тодорхой болгох, иргэний эрх зүйн хуулийн нэр томьёонд нийцүүлэх зэрэг шаардлагатай байгаа юм.
УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Газрын тухай хууль бол том хууль. Энэ хуульд иргэдийн оролцоог хангах ялангуяа газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах үйл явцдаа яаж оруулах вэ? Энэ талаар зохицуулсан ямар харилцаа байна вэ? Бэлчээрийн тусгайлсан бие даасан хууль гаргахгүй, энэ хуулиар зохицуулна гэж байгаа. Байж болох байх. Гэхдээ одоогийн төсөлд орж ирсэн зохицуулалт өнөөдөр мөрдөгдөж буй хуульд заасан бэлчээрийн харилцааны асуудлаасаа дордож орж ирсэн. Үүнийг бодох ёстой. Бэлчээрийг хамгаална, зөв ашиглана гэж ярьж байгаа бол тодорхой бэлчээр ашиглалтын хэсгүүд, орон нутаг санаачлаад төрөл бүрийн арга замаар шийдэх гэж оролдсон. Энэ талаар бүх харилцааг нь үгүй хийж байна. Зөвхөн отрын бүс нутгийг гэрээгээр ашиглуулна. Бусад газрыг нийтээр ашиглуулна гэдэг үг, хэллэг оруулж ирээд үндсэндээ бэлчээр ашиглалт чинь дундын хэлбэрээрээ цөлжилт, талхлалт нь улам нэмэгдэх үйл явц руу гаа явах нь. Үүнийг юу гэж ойлгож, харж байна вэ? Отрын бүс нутгийг гэрээгээр ашиглана гэдгийг юу гэж ойлгож байна. Тухайн жилийн ургамлын гарцтай нь уялдуулж отрын нөөц нутагт ийм хэмжээний мал орж болно гэдэг зүйлээ тохироод холбогдох аймаг, сумдуудтайгаа хийх гэрээг ашиглалтын гэрээ гэж яриад байна уу. Эсвэл нэг хэсэг улсуудад ашиглалтын гэрээгээр газраа олгочих гээд байна уу? Хоёр сумын хилийн цэсээс хоёр тийшээ 5, 5 км газарт дундаа хэн ч ашиглаж болохоор заалт оруулж иржээ. Энэ зөвхөн хоёр сумын иргэдийн асуудлыг шийдэж буй зүйл биш шүү. Байдал цаг уур хүндэрсэн, төв рүү тэмүүлсэн нүүдэл сумдын хилийн цэс дээр бөөгнөрч газар нутгийг талхлах, зохицуулалтгүй бэлчээр ашиглалт явагдах ийм эрх зүйн харилцааг нээж өгөх гээд буй заалт орж ирж байна. Үүнийг та нар юу гэж ойлгож байна вэ? Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд тухайн орон нутгийн иргэд буюу багийн иргэд ямар байдалтай оролцож хариу өгөх вэ? Хэдийгээр ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэх боловч газрын тухай хуульд тодорхой суурь үндсэн заалт нь орох ёстой. Энэ талаар ямар ойлголттой байна вэ? Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хэдэн жилд хийх ёстой вэ? Түүний асуултад Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Төрийн өмчит байгууллагын хэдий хэмжээний газрыг зориулалт бусаар ашиглаж, бусдад худалдаалсан байна. Судалгаа байна уу. Мөн Тусгай хамгаалалтын газар нутагт зориулалтын бусаар зарсан асуудал их бий. БОАЖЯ-нд судалгаа байна уу. Засаж, залруулах ямар ажил хийж байна. Ийм асуудал ахиж гарахгүй байхаар ямар заалт хуульд орж байна. Газар эзэмшүүлэх хууль хэрэгжээд олон жил болж байгаа ч иргэдийн 20 хувь газраа өмчилж авсан. Яагаад ийм бага байна вэ. Үүнийг сайжруулах ямар заалт орж байна. Эдийн засгийн эргэлтэд оруулах газар иргэд сонирхож байгаа. Үүнийг хэрхэн анхаарах вэ. Бэлчээрийн хуульд өөрчлөлт орох уу. Өнөөдрийн нөхцөл байдлаар аймаг дундын нөөц газар 3-4 бий. Төв суурин газрын фермер, уяачдын мал ордог. Жирийн малчдын мал орж чаддаггүй. Түүний асуултад Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.7\ нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үржил шимтэй газрыг мөнгөтэй баян газрын улсууд авдаг. Харин манайд одоохондоо ийм зүйл байхгүй. Гэтэл 2019 онд үндсэн хуулийн өөрчлөлтөөр Их хурлын дарга нэлээн оролцсон. Төр нийтийн өмч гэж сонин заалт Үндсэн хуульд орсон. Иргэний хуулийн 4 зүйл дээр төр нийтийн өмчийг Монгол улсын иргэний харьяалалгүй гадаадын иргэн эзэмшиж, ашиглаж болно гээд оруулчихсан. Одоо энэ хуульд ялангуяа үржил шимтэй газрыг тариалангийн чиглэлээр ашиглахаар гадаад нөхцөл заагаад өгчихсөн эзэмшүүлээд ашиглана гэж байгаа. Энэ хуулиараа гадны хүнд нээлттэй. Яваандаа үржил шимтэй газар нутгуудаа гадныханд алдаж болох нөхцөл гарчихаад байгаа юм. Тиймээс би Их хурлын даргад хандаж чиглэл өг гэсэн. Газрын хуулийг хэлэлцэхэд иргэний хуулийн гадаадын иргэн төрийн, нийтийн эзэмшлийн газрыг эзэмшиж, ашиглаж болно гэсэн уг заалтыг байхгүй болгох ёстой. Ингэж энэ хуулийг хэлэлцэх хэрэгтэй. Газраа алдвал эх орны тусгаар тогтнол ганхаж эхэлнэ шүү. Хоёрдугаарт бэлчээрийн асуудлыг ярьж байна. Хуулийн заалтаар 95.2.3-т өвөлжөө, хаваржааны бэлчээр лүү мал оруулахгүй байна шүү гэсэн. Гэтэл хариуцлагыг нь орхигдуулсан. Зөрчлийн хуулиар зөвхөн хадлангийн газар луу мал оруулбал гэж заасан. Өвөлжөө хаваржаа руу мал оруулбал зөрчлийн хуулиар торгох заалтыг хэлэлцүүлгийн явцад бий болгох ёстой. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.