УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байр сууриа илэрхийлсэн юм . Тэрээр “Хууль гарсантай холбогдуулан ил болж буй хөрөнгө, мэдүүлгийн дурдсан тоо хэмжээ 8 их наяд хүрлээ гэж сонссон. Энэ талаар тодруулна уу. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ. Ийм хэмжээний далд эдийн засаг оршиж байсан нь бодитоор гарах үед ямар шалтгаанаас үүсч байгаа вэ гэдэг хууль эрх зүйн өөрчлөлтийн судалгаа, жагсаалт гарах уу. Ямар, ямар хуулиас үүдээд ингэж далд мөнгө үүсэх бололцоо үүсчиэх вэ” гэлээ. Түүний асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариулсан юм.
Эдийн засгийн өршөөлийн хуулийн талаар УИХ дахь сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүдээс тодрууллаа. УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Сая засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг нь авч үзэхээр баялаг бүтээгчдээ, татвар төлөгчдөө дэмжих заалт нь 20 хувь, 80 хувь нь улс төрчид болон албан тушаалтанд зориулсан заалт ихтэй учраас өөрчлөх шаардлагатай. Тиймээс баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Тэгэхгүй бол авилгал, хээл хахууль, цагаан захтангуудыг дэмжсэн хууль болох гээд байна. Ер нь эдийн засгийн өршөөлийн хуулиар далд эдийн засгаа ил болгох, татварын бааз суурийг нь ил болгох зорилготой ч гэлээ зарим зүйлийг засах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: 2008 оны хуулийн нэг дутагдалтай тал нь олон түмэнд мэдээллийг сайн хүргээгүй явдал. Тиймээс одоогийн хуулийг олон нийтэд сайн хүргэх үүднээс 9 сарын хугацаа тавьж өгөх хэрэгтэй.