УИХ-ын чуулганы /2025.04.17/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Ардчилсан улсыг ардчилсан байлгах гол зүйл бол шударга сонгууль юм. Шударга сонгуулийн гол хэмжүүр бол тэгш боломж. Сонгох, сонгогдох эрхэнд хандаж буй тэгш боломжийн асуудал юм. Сонгуулийг бүгд мэдэж буй. Гараа бариа хоёр л байгаа. Тэгэхээр гараан дээр нэгэнд нь пүүз өмсүүлээд нөгөөд нь бакал өмсүүлээд уралдуулах нь буруу. Тэгэхээр 44.6-д УИХ-ын гишүүн гэдгийг Аливаа этгээд гээд сольчихсон байна. Энэ бол нүглийн нүдийг гурилаар хуурч буй явдал юм. Аливаа этгээд дотор гишүүн орж байгаа. Гишүүнд заавал давуу байдал үүснэ. Уулзалт хийхэд засаг захиргааныхаа шугамаар хийчихнэ. Хажууд нь бие даагч яаж явах уу? Хамуутай даага унасан юм шиг л явна. Хэрэв тэгш боломж олгох гэж байгаа бол 44.6 байх хэрэггүй. 1-р сарын 1-ээс аливаа уулзалтыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. 18 хоногтоо л үз л дээ. Их хурлын гишүүд өөрсдийгөө сурталчлах гэж байгаа бол 3.5 жилдээ сурталчилах гээд байгаа бол тайлан тавихад 3,5 жил хангалттай.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн П.Анужин: Дэлхийн бүхий л улс орон, НҮБ-ын гишүүн орнууд нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн “тогтвортой хөгжил 2030” гэдэг зүйлийг баталсан. Үүний гол концефц нь хүйсийн тэнцвэртэй байдал нь хөгжлийн суурь юм гэдэг үзэл баримтлал. Энэхүү тэнцвэртэй байдлыг хангах үүргийг Дэлхийн бүхий л улс орнууд хүлээсэн байдаг юм байна. НББХ-ны хуралдаан дээр Монгол Улсын ОУ-тай хийсэн олон талт гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилт, үр дүнг бид ярилцсан. Аливаа улс орны өмнө, ялангуяа олон улсын тавцанд үүргээ хүлээхдээ хэрэгжүүлэх механизмаа ойлгодог байх хэрэгтэй. Олон улсын тавцанд амласандаа хүрдэг, түүнийхээ төлөө хичээдэг, зүтгэдэг байх хэрэгтэй. Энэ нь Монгол Улсын нэр төрийн асуудал. Монгол Улс жендерийн хувьд харьцангуй дэвшилтэт үзэлтэй орон хэмээн боддог. Статистик харвал хангалтгүй. Олон улсын дунджаас гол хавьд нь явж байгаа. Монгол Улс Жендерийн тэгш байдлын тухай хуулийг 2011 онд баталсан. Энэ хууль батлагдсан хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байна. УИХ-ын дарга манлайлал үзүүлж, тус хуулийг УИХ-аар баталчихсан л юм бол түүнийгээ хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Бид өнөөдөр зөвхөн эмэгтэйчүүдийн асуудлыг яриагүй. Гагцхүү УИХ-аар батлагдсан хууль, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийн талаар жендерийн асуудлыг тойрч ярьж байна. Хүйсийн тэнцвэртэй байдал хөгжлийн гол тулгуур болж буйн учир нь, эр, эм хүмүүсийн хүйсийн зөв зохистой харилцаа нь хүн, гэр бүл, нийгэм, улс төрийн харилцаа дээр тогтвортой байж гэмээ нь хөгжил өөрөө олон талт бодлогыг хангаснаар зөв явдаг гэсэн энгийн концефц юм. Бид эмэгтэй хүмүүсийн асуудлыг өнөөдөр шинээр оруулж ирж байгаа төсөл дээр нь хэрэгжих хугацааг нь хойшлуулаад л оруулаад ирж. Энэ хугацааг тайлбарлаж өгнө үү. Хойшлуулж буй үндэслэл нь яг юу вэ? Түүний асуултад, ТББХ-ны дарга Н.Энхболд хариуллаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Монгол Улсын хүн амын нийт сонгогчдын 51 хувь нь эмэгтэйчүүд. 2020 оны ИТХ-ын сонгуульд саналаа өгсөн сонгогчдын 55,9 хувь, 2016 он болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдын 54,9 хувь нь эмэгтэйчүүд байна. Өчигдөр ТББХ-ны хуралдаан дээр Монгол Улсын олон талт ОУ-ын гэрээ, гэрээний хорооны зөвлөмжийн тайланг хэлэлцсэн. Энэхүү тайланд манай улс эмэгтэйчүүдийг алагчлахын эсрэг хорооны зөвлөмжийн хэрэгжилт дээр ямар байдалтай ажилласан, цаашид юуг анхаарах ёстой гэсэн чиглэлийг өгсөн. Үүнд, Эмэгтэйчүүдийг үндэсний болон орон нутгийн түвшинд шийдвэр гаргах албан тушаалд эрчүүдтэй адил тэгш байдлаар томилох, сургалт, жендерийн мэдрэмжтэй ажилд зуучлах, түр зуурын тусгай арга хэмжээ авах зэрэг зорилтот арга хэмжээг ав. Шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн эрх, тэгш оролцоотой байхын ач холбогдлын талаар нийгэмд сурталчлах үйл ажиллагааг идэвхтэй явуул гэдэг зөвлөмжийг өгсөн. Тойргоос ирсэн сонгогчдынхоо саналаас уламжилъя. Дэлхийн 140 гаруй улс орон улс төрийн намын тухай хуульдаа эмэгтэйчүүдийн квотыг тогтоож өгсөн. Энэ бол дэлхийн жишиг. Эмэгтэйчүүд Монголын улс төрд орж ирснээр Монголын парламент хүний хөгжлийн төвд тавьсан нийгмийн том хөтөлбөр, бодлого, шийдвэр гаргах боломжийг нээж өгнө хэмээн н.Мөнхөө гуай хэлсэн нь бий. Хүмүүсийн хэлсэн үгийг дамжуулж буйн учир нь парламентад сууж байгаа хэдэн эмэгтэйчүүд, өөрсдийн эрхийн тухай яриагүй. Гагцхүү Монголын парламент ирээдүйн хөгжлийн тухай, охид эмэгтэйчүүдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг нээх, хангах асуудлыг зоригтойгоор хийгээсэй хэмээх хүсэлтийн дагуу хэлж байгаа юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Өнгөрсөн түүхийг харвал, эрх баригчид дараагийнхаа сонгуульд ялах хуулийг л голдуу хүч түрж хийдэг. Нөхцөл байдлыг Монголын ард түмэн байнга харж, мэдэрч байгаа. Өнгөрсөн найман сонгуульд Ардчилсан нам ялж үзээгүй. Хоёр удаа л олонх болж байсан. Өнөөгийн Монголын нөхцөл байдал, өмнөх сонгуулиудын хуулийг баталж байсан үр нөлөө өнөөдөр харагдаж байна. Эрх баригчид сүүлийн үед хэлсэн ярьснаа мэдэхгүй орон гаран болчихлоо. Эмэгтэйчүүдийн болон бусад асуудал дээр нэлээдгүй будиллаа. Энэ удаагийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө, Үндсэн хуулийг өөрчлөх замаар үндсэн хуулийн цэцийг төрийн эргэлтийн шинжтэй үйл ажиллагаанууд хийгдэж байж хийв. Сонгуулийн тухай хуулийг ард иргэдээр сайтар хэлэлцүүлэх ёстой байсан. Парламентад суудалгүй жижиг улс төрийн намуудыг шилний цаанаас чихэр долоолгов. Ингэхдээ хувийг нь багасгах болон жагсаалт өгөх замаар. Үеийн үед яригддаг төрийн завхрал бол авлига болон сонгуулийн хулгай байдаг. Нүүрсний хулгайн мөнгө, Хөгжлийн банкны хулгайн мөнгө, ЖДҮ-ийн хулгайн мөнгө нь 2024 оны сонгуулиар зүс ээ хувиргаад орж ирэх нь хэмээн харж байна. Учир нь Ардчилсан намын ажлын хэсэг дээр өгсөн мөнгө тараах асуудлыг бүх хугацаанд хориглох заалт дэмжигдсэнгүй. Үүнийг оруулахаас яагаад халшрах болов. Эрх баригчид ялалт байгуулах тоглоомынхоо дүрмийг хүч түрэн барьж байна!
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ард иргэдийнхээ зовлон зүдгүүр, хүсэл сонирхлыг ойлгодог учир 40 хувь хэмээн оруулж ирж байгаа юм байна. Үүнд талархаж байна. Гэхдээ харин яагаад 4 жил хүлээ гэж байгаа юм. Монголын төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй. Түүнээс эрчүүдийн бүгдийг нь хөөгөөд гарга гэж хэлээгүй. Бид бүгд салаа замын уулзвар дээр байгаа. Өнгөрсөн 30 жил эрчүүд давамгайлсан улс төрөөр явсан. Одоо нөгөө салаа зам нь эр, эм хүмүүс хамтдаа шийдвэр гаргаад явах тухай л ярьж байгаа юм. Эзэн Чингис хааны хөрөг энэ танхимд заларсан байна. Чингис хаан Монгол ээжээс төрсөн. Төрийн аливаа шийдвэр гаргахдаа насан туршдаа ээжтэйгээ зөвлөлддөг байсан. Яагаад 4 жил хүлээ гэж байгаа юм. 2028 он гэх ээ болиод, 2024 он байж болох уу. Эмэгтэй гишүүд нийгмийн эмзэг олон асуудалд дуу хоолойгоо маш сайн гаргадаг. Эрчүүд бидний ойлгож мэдэрдэггүй олон асуудалд нягт ханддаг шүү дээ. Тиймээс хамтдаа улс орноо авч явъя гэдэг зүйлийн тухай ярьж байна. Өнөөдөр Монгол Улсад 1,8 сая эмэгтэй хөдөлмөр эрхэлж байна. Хувийн хэвшлийн 53,2 хувь нь эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байна. Түүний асуултад, ТББХ-ны дарга Н.Энхболд хариуллаа.