Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Үндсэн хуулийн холимог тогтолцоо орсон. Үүнийг нийгэм даяар маш чухал өөрчлөлт хэмээн үзэж байгаа. Хэрэгжих амин чухал зүйл нь сонгуулийн хууль дотор явж буй. Тойргийн болон жагсаалтын гишүүн гэдэг зүйлийн ялгаа аль ч хууль дээр яригдахгүй явчхаад байна. Хууль эрх зүйн хувьд ялгаа байхгүй гэдгийг хэрхэн нотолж байна вэ. Жишээ нь, жагсаалтын гишүүн гэдэг нь үндсэндээ намын квотоор л орж байгаа гишүүн. Намын төлөөллийн байгууллагууд тухайн гишүүнд хариуцлага эсвэл сахилга тооцоод намаас хассан тохиолдолд тухайн гишүүн дээр бүрэн эрхийн асуудал үүсэх үү. Гэх мэтчилэн өөр ямар зүйлс гарч болох билээ, эдгээр дээр хууль эрх зүйн хариулт, хамгаалалт, тодорхой бөгөөд ойлгомжтой байдлууд бий юу? Үндсэн хуулийн үг, өгүүлбэр дээр олныг сонгоно гэчихсэн. Энэ нь ч тухайн нөхцөл байдалдаа зөв шийдэл байх. Олныг гэдэгт сонгуульд хэдэн хувь нь ордог билээ, магадгүй оролцсон иргэдийг 20 гаруй хувиар сонгодог бөгөөд ирц нь маш бага байдаг. Ард иргэд маш бага хувиар сонгогдох нөхцөл байдал цаашид үүсэхийг үгүйсгэхгүй. Олонхын зарчим үүний цаана байгаа шүү дээ. Зарим улс оронд төрөөс халамж үйлчилгээ авч л байгаа бол, төр өө байгуулахад зайлшгүй оролцох ёстой гэдэг зарчим үйлчилдэг. Нийт иргэдийн 10 хувийн саналаар сонгогдох магадлалтай. Тиймээс үүсэж болзошгүй нөхцөл байдал дээр хууль эрх зүйн орчин хэрхэн тусаж байна вэ?
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Байнгын хорооноос оруулж ирсэн квоттой холбоотой заалтыг ухарсан гэж хэлэхгүй ч бас урагшилсан ч хэмээн харахгүй байна. Миний хувьд хуучин байр сууринаасаа нэг сөөм ч ухрах бодолгүй байгаа. Үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа мэт боловч, практикаас харвал сонгуулийн хууль байнга өөрчлөгддөг. 2028 онд ч мөн адил өөрчлөгдөхгүй байх баталгаа алга. Н.Энхболд дарга аа өөрчлөгдөхгүй байх баталгаа бий юу? Иргэний нийгмийн байгууллагуудын эмэгтэйчүүдийн дуу хоолойг дарга нар анхааралдаа аваач ээ! Энэхүү шийдэл чинь олон арван мянган мэдлэг, боловсролтой эмэгтэйчүүдийн нүдийг нээж, оюун санааг сэрээлээ. Улс төр дахь эмэгтэйчүүдийн квотын асуудал дэлхийн дахинаа маргаантай асуудал байдаг. Нэг талаасаа эмэгтэйчүүдийг эелдгээр ялгаварладаг ч нөгөө талдаа ардчилал нь төгс систем биш ч гэлээ хүн төрөлхтөнд өнөөдөр үүнээс илүү систем байхгүй. Дэлхий нийтээр ардчиллын замаар хөгжиж байгаа нь үнэн. Үүнтэй адил улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд квотоос илүү арга зам байхгүй нь үнэн. Тэгэхээр квот гэгчийн хуулийн үзэл санаа нь 30 эсвэл 40 гэсэн тоондоо бус нэр дэвшүүлэх тухай асуудал юм. Улс орноо удирдан чиглүүлэх үйлсэд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад улс төрийн намууд, удигдагчид илүүтэй анхаарч, улс төрийн соёл гаргах, санаачилгатай байхыг хүсэх л юм бол 30 байтугай өсгөх боломжтой. Миний хувьд улс, эх орондоо "хүчтэй" эмэгтэй гэж өөртөө итгэлтэй байдаг. Гэхдээ "эр" төвтэй засаглалын бүтэц дотор эмэгтэйчүүдийн үнэлэмж доогуур олон жил явсан. Энэхүү хэвшмэл ойлголтын эсрэг, аль нэг эмэгтэй асуудалд орвол нийт эмэгтэйчүүдийг ялладаг, нийгмийн хүлээн зөвшөөрч амжаагүй уур амьсгалын эсрэг, өнгөрсөн хугацааны шударга бус байдал, өчүүхэн эрх ашгаар том үнэт зүйлээ арилжаалсан хулгай дээрмийн бүлэглэл, ёс зүйн уналтын эсрэг улс төрд хүчин мөхөстөх мэдрэмж бодитой төрж байна. Аль ч улсад мөс зүсэх, шинэ жишиг тогтоох түүхэн үүрэг гүйцэтгэх цаг хугацаа гэж бий. Өнөөдөр тэрхүү түүхэн цаг хугацаа гэлтэй. Бусдад боломж олгогч, шинэ зам мөр гаргагч улс төрч байх нь миний зарчим. Тиймээс ирээдүйд дараагийн үе болох олон мянган мэдлэг, боловсролтой эмэгтэйчүүдийг тэгш гараанаас өрсөлдөх замыг нь нээх түүхэн үүрэг ирж байна. Тиймээс өөрийн байр сууринаас ухрахгүй. Гарт байгаа боломжоо бусдад зориулахаас татгалзана гэдэг нь түүхийн өмнө хүлээх хариуцлага бөгөөд гарцаагүй ирж байгаа цагийг дэмжигч байх эсэх нь та бүгдийн сонголт юм.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.14/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хүйсийн тэгш байдалтай холбоотой сонгуулийн хуулийн заалт дээр бид ухралт хийх гэж байна. УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлгээр тойрогт нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40% байх нь зүйтэй гэж УИХ-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгсөн. Өчигдөрхөн Монгол Улс дэлхийн сонор, мэлмийд хүрсэн томоохон форум зохион байгууллаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Бан Ги Мүн дарга болон олон улсын төлөөлөгчид оролцсон. Энэ нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын 17 заалт буюу 5 дахь заалтад буй хүйсийн тэгш байдлыг нийгмийн бүхий л харилцаанд ижил тэгш байлгах тухай асуудлаар явуулсан үйл ажиллагаа юм. Үүний өмнө Их хурлаараа баталсан хүйсийн тэгш байдлын квотыг 40% байгааг 30 болгож бууруулъя гээд байнгын хороогоор хэлэлцээд, санал хурааж ухралт хийх гэж буйд санал нийлэхгүй байна. Нийт 126 гишүүн гэдгээр та нар тооцоо хийж буй. 40% гэдэг нь тойрог болон жагсаалтын нийлбэр дүн. Нийлбэр дүнгээс харахад одоогийн 17 гишүүн долоогоор нэмэгдээд 126 гишүүний 24 нь л эмэгтэй. 102 нь эрэгтэй байх юм билээ. Үүн дээр манай эрчүүд ингэтлээ бачимдаж, чичирч байгааг би ойлгохгүй байна. Дахин хэлэхэд энэ бол УИХ-д 80/20 харьцаатай сууж буй эмэгтэй гишүүдийн асуудал биш. Зарим нь дэвших байх. Зарим нь дэвшихгүй байх. 17 гишүүн өөрсдөө гарах гээд байна гэсэн буруу ухуулга, сурталчилгаа явуулж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ бол Монгол Улсын хүн амын 51,3% эзэлж байгаа эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал. Нэгдсэн хуралдаанаараа 40% гэснийг 30 болгох юм бол бид дэлхий нийтийн өмнө шившигтэй байдалд орно.
Монгол Улсын Их хурлын /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хуулиар биш улс төрийн намын дотоодын соёлоор хэнийгээ нэр дэвшүүлэхээ зохицуулдаг. Нэр дэвшүүлэхдээ шударга, ардчилсан ёс байх уу. Ардчилсан ёс байх уу гэдэг чинь тухайн намын төлөөллийн дээд байгууллагын олонхын санал авч байж намаасаа нэр дэвших ёстой шүү дээ. Ялагдчихсан, цөөнх болчихсон хүнийг олон санал авсан хүний урдуур нь оруулж болохгүй гэсэн үг. Ийм зарчмуудаа бичье. Нам шийдэг гэж байгаа юм. Ажлын хэсэгт ямар санал яригдсан гэхээр нэр дэвшүүлэх процесс нь шууд ил, тод нээлттэй явагдана гээд бичигдчихсэн байсан. Намын нэр дэвшүүлэх процесс хаалттай явагддаг зүйл. Яагаад гэвэл тэд хоорондоо өрсөлддөг, санал хураалтууд явагддаг. Сайн муугаа ярилцдаг. Нээлттэй ярих бололцоог нь хангах ёстой. Түүнээс шууд live хийгээд, нэр дэвшүүлж байгаа хүмүүс бие биенийгээ илээд л тэр нь ил, тод байх зүйл байхгүй гэж би ойлгож байгаа. Ажлын хэсэг дээр яриад байсан. Сая Д.Өнөрболор гишүүн яриад байна. Томьёолоход хэцүү. Нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэгш хангана гэчихээр малчин хэдэн хувь байх юм. Дээд боловсролтой хэдэн хүн, сонирхлын бүлгүүд гэвэл шатар тоглодог нь хэд, ном уншдаг нь хэд байх юм гээд энэ чинь утгагүй юм руу орно. Миний санаачилсан гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг нь хэдэн хувь, тэжээдэггүй нь хэдэн хувь гээд бүр задарч өгнө. Цаашаа нохой, муур тэжээдэг нь хэдэн хувь гээд яваад өгнө шүү дээ. Энэ бол хуульд нарийн тодорхойлогдож болохгүй зүйл. Байхгүй байхдаа ч гэмгүй.
Монгол Улсын Их хурлын /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь тухайн нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг эрхлүүлэн явуулна гэж. Намын сонгууль эрхэлсэн байгууллага чинь зөвхөн жагсаалтаар нэр дэвшигчийн сурталчилгааг явуулах юм уу? Нам чинь намынхаа сонгуулийн сурталчилгааг явуулна шүү дээ. Энэ ямар ялгаатай вэ? Нам чинь намынхаа сонгуулийн сурталчилгааны асуудлыг эрхэлж явуулна. Хоёрдугаарт нэр дэвшигчийнхээ мэдээг гаргадаг. Ядаж л намын дарга нь дэмжээрэй гэж үг хэлдэг шүү дээ. Үүнтэй зөрчилдөх үү. Гайхаад байх юм. Үгүй бол ойлголт, мэдээлэл буруу байна уу? Үүнийг тодруулж өгөөч. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.