УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал байр сууриа илэрхийллээ. Нэг сэрээд ярьчихсан зүйл биш. Нэлээд хэдэн жилийн өмнө бүсчилсэн хөгжлийн амин сүнсийн судалд тооцоод , үзэл баримтлалаа гаргаад явсан. Тодорхой баялаг бүтээх салбар, бүсийн оношлоогоо үйлчилгээний газрыг байгуулсан. Явц удаан байгаа. Цаанаасаа нэг газраа хэт төвлөрөхөөр зарим газар эзгүйрэх сөрөг тал гарч байна. Иймд энэ тогтоолоор өмнө нь гарсан хууль тогтоомжид тодорхой зөв үнэлэлт дүгнэлт өгөөд улам боловсронгуй болгох ёстой. Төрийн байгууллагуудын байршлыг тодорхой болгож, бодит ажил болгож амилуулахад сонгуулийн тойргийн ерөнхий зураглал гэж харж байна. Дан ганц нэгжийн бүтцээр биш, бүсчлэлийн байдлаар том зургаар нь харах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байр сууриа илэрхийллээ. Энэ арга ядсан тогтоол байна. 20 гаруй жил хэрэгжээгүй зүйлийг чуулган завсарлах үед оруулж ирж болохгүй. Товчхондоо томсгосон тойргоор явах гишүүдийнхээ мөнгийг Засгийн газраас гаргуулах удирдамж маягийн тогтоол байна. Ийм том асуудлыг Шадар сайд, ХЗДХ сайд гэх мэт хүмүүс хариуцаж байж Зам тээврийн сайдаар тогтоолын танилцуулгыг уншуулж болох уу? Засгийн газрын гишүүд алга. Энэ том асуудалд ингэж хандаж болохгүй. Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулна гэж байна. Ямар сургуулийг ямар аймагт байршуулна гэх мэт төлөвлөгөө алга. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжээгүй энэ асуудалд хөнгөн хандаж болохгүй. Арай дэндэж байна. Үүнийг уншихаас ичдэггүй юм уу? Би хариулт авахгүй.