УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Уг хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бид нар зөндөө их ярьлаа. Одоо иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг яг ингээд шийдчихсэн шүү гээд шийдлүүдээ хэлмээр байна. 7 буудалд 8 нэрийн дэлгүүр нээх гээд явж байгаа хүнд яг ямар асуудал тулгараад байгаа юм, зовлон нь яг юу байгаа юм. 24 мянган аж ахуй нэгж дансаа хаалгачихаад байж байна татвар дээр. Эдний тулгамдсан асуудал нь яг юу байгаа юм гэх мэтчилэн цөмөөрөө шийдэл ярьсан, гаргалгаа хийсэн зүйлүүд хийхгүй бол цаг хугацаа нилээн явлаа. Хангалттай их хэрэлдлээ, хангалттай их зодолдлоо. Тийм учраас бодитой шийдлүүдээ гаргая. Яг үнэхээр л бизнесийн эрх чөлөөний тухай хууль гаргаж, бизнесийн орчныг сайжруулж, төрийн оролцоог багасгаж, баялаг бүтээгчдээ дэмжих гэж байгаа л юм бол чөдөр тушаа болж, боомилж байгаа энэ бүх хуулийнхаа 200 гаруй заалт бүрээр нь ажиллая л даа. Заалт бүрийг нь хүчингүй болгоё л доо. Ингэж байж бид нар бизнесийн эрх чөлөөний асуудлыг ярихгүй бол зүгээр үндсэн хуулинд байгаа тунхаглалаа дахиад тунхаглаад оруулаад ирэхээр наад хууль чинь сонсогдохгүй байгаад байна шүү. Монгол Улсад өнөөдөр тунхаглалын хууль хэрэггүй. Өнөөдөр Монгол Улсад шийдэл гаргасан, асуудлыг шийдсэн, ард иргэд, баялаг бүтээгчдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөвчилсөн, хүнд суртлыг багасгасан, авилгалаа байхгүй болгосон, ар өврийн хаалга байхгүй ийм шийдлүүдийг би цогцоор нь харсан тогтолцооны шинэчлэл байх ёстой гэж бодож байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2025.12.30/-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгийг хийлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан үг хэлэв.Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь Ардчилсан Монгол Улсын өнгөрсөн 35 жилийн мөрөөдөл.1990 оноос хойш хүн бүр, өрх бүр эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд дор бүрнээ наймаа, аж ахуй, үйлдвэрлэл эрхэлсэн, компани байгуулсан, шинэ санал санаачилга гаргасан. 35 жилийн өндөрлөгөөс харахад эдийн засаг дахь төрийн оролцоо нь данхайсан, төр нь өөрөө хамгийн том ажил олгогч, татвар төлөгч, ТӨК-иуд нь эдийн засгийнхаа тал хувийг эзэлдэг, хувийн хэвшлийнхэн зах зээлээр бүрэн шахагдаад гарчихсан байна. Энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах дээр санаа бодлоо уралдуулах ёстой.Засгийн газраас эдийн засгийн эрх чөлөө гээд гарчгийн шинжтэй чанартай хууль оруулж ирлээ.ЭЗ-ийн эрх чөлөө гэдэг ойлголт АН-ын хувьд үзэл баримтлалын нэгэн хэсэг болсон суурь үзэл санаа юм. Тиймээс ААН-үүдээ хамгаалахын тулд энэ хуулийг тунхаг биш бодит өөрчлөлт оруулах, нийгмийн суурь үзэл санаад өөрчлөлт оруулах хууль байгаасай гэдэг чиглэлд бат зогсох ёстой.Сүүлийн 10 жилд болсон алдаа завхрал, эдийн засаг дахь төрийн оролцоо хэт данхайсан энэ зүйлс бий болчихоод байна.Бизнест чөдөр тушаа болоод буй хуулиуд хаана байгааг бизнесийнхэнтэй ил, тод нээлттэй ярилцсаны хүчинд энэ хууль цаашаа явах ёстой. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн бие даасан төслийг боловсруулсан. Бизнес эрхлэгч ААН-үүд, монголчууддаа хэлэхэд Ардчилсан намтай хамтраад бизнес эрхлэхэд чөдөр тушаа болж буй хууль эрх зүйн ямар зохицуулалтууд байна, юуг өөрчлөх шаардлагатай байгааг ирэх нэг, хоёрдугаар сард хэлэлцүүлэг хийнэ. Тиймээс хамтарч ажиллахыг ААН-үүддээ уриалах байна.Энэ том анхдагч хуулийн төсөлд ул суурьтай хандах ёстой гэж үзэж хэлэлцэх эсэх асуудалд УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна