Үндсэн хууль
Өргөн барьсан: 2026/04/30
Улсын Их хурлын чуулганы 2026.10.22-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Төсвийн тогтвортой байдлын тухай дахиад өөрчлөх гэж байна. Хэд дэх удаагаа ч билээ тоогоо алдсан. Өнгөрсөн 7 хоногт бид энэ хуульд өөрчлөлт оруулсан. Ингэж болдог юм уу нөхөд өө. Ер нь бид уул уурхайн орлого нэмэгдэх бүрд төсвөө тэлж төрөөс хуваарилдаг мөнгийг өсгөдөг чөтгөрийн тойрог шиг загвараасаа хэзээ салах юм бэ. Орлого нэмэгдлээ зарлагаа нэмье, хязгаарт багтахгүй бол хязгаараа өөрчилье, хуулийн шаардлагад нийцэхгүй бол шаардлагаас нь чөлөөлье. Төсвийн сахилга бат гэж ярихын хэрэг байна уу. Уг нь энэ хууль орлого ихтэй жилдээ бүгдийг зарцуулж орлого буурсан жилдээ хүнд байдалд ордог уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн мөчлөгийг зохицуулах зорилготой байсан. Гэтэл одоо энэ төсөлд ноогдол ашиг орон нутгийн үнэт цаас урьд оны үлдэгдлээр зарлагын хязгаарыг өсгөж тэр нэмэгдлийг төсвийн тусгай шаардлагаас чөлөөлөхөөр тусгажээ. Ингэж болохгүй ээ тиймээс би энэ төслийг эрс эсэргүүцэж байна. Энд төсвийн сахилга батаас гадна нэг том асуудал бий. Баялгийн орлого төрд төвлөрөх тусам түүнийг хуваарилах улс төрийн эрх мэдлийн үнэ цэн өсдөг. Баялгийн орлого орж ирнэ, төсөв томорно, төрийн худалдан авалт, төсөв, санхүүжилт нэмэгдэнэ. Бизнесүүд зах зээл дээр өрсөлдөхийн оронд төрийн санхүүжилтэд найдах хандлагатай болно. Ирэх жилийн төсөвт 1,3 их наяд төгрөгийн татаасны зардал тусгасан. Энэ хэмжээний татаас зах зээлийн өрсөлдөөнийг улам гажуудуулах эрсдэлтэй. Улс төрд ч бас адилхан. Хэн сайн бодлого шийдэл танилцуулж хэрэгжүүлэх вэ гэдгээс илүү хэн мөнгө хуваарилах вэ гэдэг өрсөлдөөн явдаг. Энэ бол баялгийн хамаарлын улс төрийн үр дагавар. Төсөв тавиулж, түүнийгээ сурталчилж, дахин сонгогддог энэ хуучин загварыг шинэ цагийн улс төрчид бид өөрчлөхгүй юм уу? Ер нь та бид нар яах гэж улс төрд орсон юм бэ? Ямар итгэл үнэмшлээр энэ танхимд тангараг өргөсөн юм бэ? Бидний ажлын үр дүн иргэдийн амьдралын чанар хэр сайжирснаар хэмжигдэх ёстой залуучууд ажилтай, орлоготой, өөрийн гэсэн өмчтэй болж чадаж байна уу? Хувийн хэвшил өөрийн хүчээр өсөж торниж байна уу? Монголчууд ая тухтай, тайван сайхан амьдарч байна уу? Өнгөрсөн 10 жилд ЗГ 205 их наяд төгрөгийн төсөв захиран зарцуулжээ. Ердөө аравхан жилийн дотор 205 их наяд төгрөг. Гэтэл нүдэнд харагдаж гарт баригдах үр дүн нь хаана байна вэ? Ирэх жилийн төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг. Энэ их мөнгийг зарцуулах тогтолцоо, шийдвэр гаргах арга барил бахь байдгаараа хэвээрээ байхад ямар өөр үр дүн хүлээх юм бэ? Хамгийн ноцтой нь төсвийн ийм огцом тэлэлт үнийн өсөлтийг улам даамжруулж иргэдийн бодит орлогыг улам бууруулах үр дагавартай. Төсвийн дүрэм гэдэг төр өөрийнхөө эрх мэдэлд тавьж байгаа хязгаар юм. Төр иргэдээс хууль мөрдөхийг бизнесүүдээс татвараа төлөхийг шаарддаг. Тэгвэл төр өөрөө тогтоосон дүрмээ яагаад мөрдөхгүй байна вэ? Монголын байгалийн баялаг бол нийт ард түмний баялаг. Энэ орлогыг өнөөдрийн хэрэгцээ, ирээдүйн боломж 2-ыг бодолцон удирдах үүрэг бид нарт байгаа. Тиймээс би Төсвийн тогтвортой байдлын хуульд дахиж өөрчлөлт оруулах энэ саналыг эрс эсэргүүцэж байгаагаа энэ танхимд хэлэхийг хүссэн.
УИХ-ын чуулганы /2026.10.22/ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа. УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Нийт сургуулийн бүтээн байгуулалтыг харахлаар 76% нь орон нутагт байна. Хөдөө сайхан амьдаръя, хашаандаа сайхан амьдаръя, орон нутаг руугаа шилжье, хотын төвлөрлийг сааруулъя гэдэг бодлоготой холбоотойгоор бүтээн байгуулалтууд нь чиглэж байгаа гэсэн үг үү? 3 ээлжээр хичээллэдэг сургууль Улаанбаатар хотод түлхүү байгаа. Үүн дээр тооны харьцаа, пропорц дээр ямар логик байгаа юм бэ? . 2 дугаар асуудал, хүртээмжийн асуудлаа лавлая. Нийгмийн бодлогын байнгын хороон дээр тодруулахад сурах бичгийн хэвлэлтийн асуудал дээр зөвхөн 1 дүгээр ангийн сурах бичиг энэ жил хэдэн хүүхдэд хэрэгтэй юм бэ? Тэр 1 дүгээр ангийн сурах бичгээс хэдэн хүүхэд нь орон даяар байгаа, 116 дугаар сургуулийн 20 гучхан хүүхэд, наймхан хүүхэд байна гэсэн. 4900 гаруй харааны бэрхшээлтэй брейл ном сурах бичиг хэрэгтэй хүүхэд орон даяар байгаа юм уу эсвэл насан туршийн боловсролын төвд нь хэрэглэх гээд байгаа юм уу? 5 мянган ширхэг хэвлэх гээд байгаа сурах бичгийнхээ асуудлын гаргалгаа, учрыг нь олсон уу? Энэ кэйсийг хэрвээ ойлгочих юм бол хүртээмж гэдэг зүйлийг ойлгох гээд байгаа. Харааны бэрхшээлтэй хүн болгон брилл унших албатай биш. Тэг хараатай буюу юу ч хардаггүй биш. Сул хараатай, муу хараатай, өнгөний ялгаварлал хардаггүй гээд олон төрөл байдаг. Би үүнийг л ойлгуулах гэж асуугаад байна. Би ганцхан 1 дүгээр ангийн хүүхдүүдийн сурах бичгийн асуудлыг л асууж байгаа. 5 мянган ширхэг хэвлэсэн юм уу, 5 мянган ширхэг огт юу ч хардаггүй 1 дүгээр ангийн хүүхэд Монголд байгаа хэрэг үү. 2-т Хүүхдүүдийн ачаалал Улаанбаатар хотод их байхад яагаад нийт баригдаж байгаа сургуулиудын чинь барилга бүтээн байгуулалт 76% нь орон нутагт байгаа юм бэ.