Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хууль хүчний байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж байна гэсэн хардлага бий. Зарим тохиолдолд үнэн байж магадгүй. Хуулийн байгууллагын албан хаагчид нийтийн ашиг сонирхолд биш, хувийн ашиг сонирхол, бүлэг хэсэгт үйлчлээд байна гэсэн хардалт байгаа. Үнэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ асуудлыг Өршөөлийн хуулиар биш, эрүүгийн хууль тогтоомжоо сайжруулах замаар, хуулийн байгууллагуудын ажлаа хийх эрх зүйн орчинг алдаа мадаггүй болгох байдлаар шийдвэрлэх ёстой” гэсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэлэлцэн баталлаа. Уг хууль батлагдсанаар 1700 орчим иргэн өршөөгдөх аж.
Өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Цаашдаа улс төрийн зорилгоор хүчний байгууллагуудыг ашигладаг, хуулиар далайлгадаг байдлыг бид ярилцах ёстой. Авилга, албан тушаалыг өршөөх гэж буй зүйлээ нэг тийшээ болгочихоод дараа нь өөр ажлуудаа хаалттай ярих нь зүйтэй байх. Авилгал хээл хахуулийн өмнө Монголын төр хүчин мөхөстөх үү? Ялж гарах уу гэдэг асуудал л яригдаж байна” гэлээ.
УИХ-ын Пүрэв гаригийн чуулганаар Өршөөлийн хуулийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Нуусан хөрөнгөө ил болгочих тэгвэл өршөөе гэдэг хэрнээ хөрөнгөө мэдүүлээд ил болгохоор нь шоронд хийчихдэг. Энэ нь Эрүүгийн хуулийн 263,264 дүгээр заалттай уялдаж байгаа. Үүнийг сайн анхаарч харсангүй. Өмнөх хуулиа үгүйсгэх гээд байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатар нар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид /2013.10.10/ өргөн барив. Хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ. Хуулийн төслийн 6 дугаар зүйлд хүнд гэмт хэрэгт анх удаа 3-аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн бол хорих ялын хугацааг харгалзан эдлээгүй үлдсэн ялын 50 хувийг өршөөн хасахаар тусгажээ. Хуулийн төслийн 9.1.6-д заасан зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд үл хамруулахаар заасан бөгөөд энэхүү заалт нь насанд хүрээгүй хүмүүст хамаарахгүй байхаар тусгасан байна. Хуулийн төслийн 6 дугаар зүйлд хүнд гэмт хэрэгт анх удаа 3-аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн бол хорих ялын хугацааг харгалзан эдлээгүй үлдсэн ялын 50 хувийг өршөөн хасахаар тусгажээ. Мөн хуулийн төслийн 7 дугаар зүйлд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хөнгөн, хүндэвтэр, зарим хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгохоор тусгасан тухай хууль санаачлагчид хэллээ