Чуулганы хуралдаанаар Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030он / батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг 79.2 хувийн саналаар баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Сайхан бодлого шийдвэр гарсан хэдий ч гол нь улс төрийн аль ч нам энэ үзэл бодол, баримт, зорилтыг барин ажиллах хэрэгтэй. Гэтэл зарим нам 60 тэрбум долларыг 10 жилийн хугацаанд цуглуулан 2026 он гэхэд Монгол улсыг дэлхийн хөгжилтэй 30 орны тоонд оруулна гэж амлаж байна. Тэгэхээр улс төрийн намууд 2016-2030 онд урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд ажиллана гэдэг тохиролцоо хийх хэрэгтэй” гэлээ. Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуулгын хариуг сонсож байна.
Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал / 2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Байнгын хороонд гаргасан гишүүдийн саналыг хэлэлцэх явцад хэр анхаарч үзсэн бэ? Гадаадын өр зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд ядуурлыг 0 хувь болгон гэсэн зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр ядуурал хэдэн хувьтай байгаа вэ гэдгийг тоогоор хэлж чадахгүй байна. Энэ зорилтыг ямар судалгаанд үндэслэн гаргасан бэ? Миний бодлоор бид эргэж харахгүй бол болохгүй. Яагаад гэвэл төрийн хамгаалалтад байх ёстой баялаг гадаад, дотоодын цөөн хэдэн хүмүүсийн ашиг болж, үгүй болсоор байна.