Төсвийн тогтвортой байдлын талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн талаар намын бүлгүүдийн байр суурийн үндэс ижил боловч анхаарах зүйл олон байгааг ардын намын гишүүд онцолж байгаа. Өнөөдөр төсвийн байнгын хороогооор хэлэлцэгдэх үед анхаарах шаардлагатай байгаа асуудлуудын талаар нэр бүхий гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Хөгжилтэй орнууд түүхий эдийн экспортоос илүү боловсруулах үйлдвэр, нөгөө талаас үйлчилгээний салбарууд нь эдийн засагт чухал байр суурьтай, 40-50 хувийг аялал жуулчлал, хөрөнгийн зах зээл, банк санхүүгийн салбар мэдээллийн технологийн салбар гээд асуудлууд эзэлж байгаа. Тэгэхээр бидний хувьд эдийн засгийнхаа бүтцийг бэхжүүлж, олон төрөлтэй болгохгүй бол бид ийм байдлаараа л байгаад байна. Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар: Зээлийг муу юманд зарцуулж байна уу, сайн юманд зарцуулж байна уу. Манай орон хадаасаал өөрсдөө хийчихдэг болмоор байгаа юм. Эцсийн эцэст улс төрчид бол сайн эдийн засагчид, сайн төсөвчид биш. Мэргэжлийн сайн төсвийн эрдэмтэн шинжээчдийн дүгнэлтгүйгээр ингэж цээжний “пан”-гаар шийдвэр гаргадгаа бид зогсоох ёстой.
УИХ-ын чуулганд гишүүн Б.Гарамгайбаатар төсвийн тогтвортой байдлын тухай хуультай холбоотой сангийн сайдаас асуулт асуулаа Тэрээр “Төсвийн тогтвортой байдлын хуульд оруулж байгаа өөрчлөлтөд 19.3-ыг голлон ярьсан байгаа. Үүнд нь тогтвортой байдлын хуулийн 6.1.4-тэй холбогдсон. Тэгэхээр тухайн жилийн өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэхэд 40 хувиас хэтрэхгүй байх ёстой юм байна. Энэ хэтэрчихсэн учир оруулж ирж байна уу? Дараачийнх нь төсвийн тухай хуулийн мөчлөгийг өөрчилж 3 сарын 31-ныг 12-р сарын 31 болгон өөрчилж байгаа нь амьдрал дээр үнэхээр буруу. Барилгын салбараар жишээ авсан байна. Гэтэл барилгын салбар 10 сард ажлаа зогсоохоо больчихсон. Мөн 10 сард дууслаа ч гэсэн техник улсын комисс ажилласаар байгаад 12 сар цаашлаад гүйцэтгэлийн явцад 3 сарын 31 хүрдэг. Тэгэхээр хуучнаар нь байх нь илүү оновчтой байсан. Төсвийн тухай хуулийн 43.1.2 дээр онцлогоос шалтгаалсан гэсэн байна. Гэтэл онцлогтой салбарыг бусадтай ижил болгох гээд байгаа шалтгаан нь юу вэ? гэж асуумаар байна. Сангийн сайд Ч.Улаан “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 2014 онд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь 40 хувь болж буурах ёстой. Энэ хэмжээ хэтрээгүй өнөөгийн үнэ цэнээр тооцсон өрийн үлдэгдэл хуримтлагдсаар 8.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2014 оны ДНБ-ын 40 хувиас хэтрэхгүй харин хөгжлийн нэмэлт эх үүсвэр зайлшгүй шаардлагатай гэж үзвэл нэмэгдүүлэх шаардлагатай. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн 40 Хувьдаа барина гэвэл Бонд гаргахгүй төсөвт нөлөө гарахгүй 40 хувьд барьж болно. Гурван сарын 31-ныг өөрчилж байгаа нь бид нар үнэн хэрэгтээ энэ механизмыг нэг жилийн турш ашиглаад одоо эргээд харахад төсвийн хоёр санхүүгийн жилтэй болсон. Урсгал санхүүжилт 12-р сарын 31нээр дуусдаг. Хөрөнгө оруулалтын санхүүжилт 3 сарын 31-хүртэл үргэлжилдэг. Үүнээс болоод хоёр оны хооронд санхүүжилтийн үйл ажиллагаа хоорондоо холилддог эерэг сөрөг үр дагавар гарч байна. Энэ жил 185 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ оны санхүүжилтээс хийсэн мөртлөө өнгөрсөн оны гүйцэтгэлд тооцогдож байгаа. Тэр хэмжээгээр өмнөх оны төсвийн алдагдал гарч энэ оны төсвийн дутагдал бий болж байна. Үүнээс болоод уялдаагүй асуудал гарч байна. иймээс санхүүгийн нэг жилтэй байхын тулд үйл ажиллагаагаа идэвхтэй хийдэг байх хэрэгтэй гэж бодож байна. Тиймээс санхүүгийн жил 12-р сарын 31 гэхэд дуусгавар болдог. Төсөв 11-р сарын 15наар батлагддаг. Түүнээс хойш бүтээн байгуулалтын ажил эхэлтэл бэлтгэл хангадаг байх нь төсвийн нэгдмэл байдалтай илүү нийцэх болов уу гэдэг үүднээс санал оруулж байна” хэмээн хариуллаа. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нэмэлт хариулахад “Өнөөдрийн үнэ цэнээр ДНБ-ын 47 хувь болчихлоо гээд байгаа нь гадаад дотоод өр нь хамт ороод юм. Гадаад өрийг дангаар нь ДНБ-тэй харьцуулахад ирэх жил 17 хувь л байна. Төсвийн санхүүжилтийн 3 сарын 31 байлгах нь энэ жил оновчтой байх талаар төсвийн байнгын хорооны дийлэнх гишүүд ярьсан. Учир нь валютын ханш төлөвлөсөн хэмжээнд биш өсөх хангалттай байгаа учир 12 сард нэгдсэн тооцоо гараад валютын эрэлтийг нэмэгдүүлж сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн сэрэмжлүүлэг бий. Тиймээс энэ жилдээ хойшлуулаад 3 сарын 31 хүргээд явах санал байгаа” хэмээн хариулсан . Дахин гишүүн Б. Гарамгайбаатар тодруулахдаа “Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулах нь эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого гэж хэлсэн. Ямар бодлого гэдгийг тодорхой тайлбарлахгүй юу? Сангийн сайд Ч.Улаан “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, өрийн ДНБ-д эзлэх хувийг 60 хувь болгосноор 2014 онд хөгжлийн санхүүжилтийг гадаадаас татах боломж нээгдэнэ. Самуурай бонд, Чингэс бондын хоёрдугаар ээлжийг нээх боломжтой. Хэрвээ өөрчлөхгүй 40 хувиар үлдээвэл бонд босгох боломжгүй болох юм. Энэ утгаар нь хариулсан юм.
УИХ-ын чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудалд Сангийн сайд Ч.Улаан илтгэл тавьсан. Үүний дараа гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа. О.Баасанхүү “Сангийн яамнаас асууж байна. Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах талаар ямар асуудлыг оруулж ирж байгаа вэ? Төрийн албан хаагчдын зээлийн барьцааг чөлөөлөх, илүү бага хүүтэй зээл олгох гэх мэт ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ? Мөн дуусаагүй эмнэлгийг дууссан гэж нэрийг өөрчлөөд оруулж ирдэг байвал яах вэ энэ бол цэвэр хууль зөрчсөн асуудал шүү дээ. Анхнаасаа баригдах төсвийг батлаагүй байхад дуусгана батална гэж яваад байдгийг юу гэж ойлгох бэ? гэж асуулаа. Үүнд сангийн сайд Ч.Улаан хариулахдаа “Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах асуудал их хүндрэлтэй учир нэгдсэн журмаар шийдэх эдийн засгийн чадавх байхгүй. Тиймээс төсвийн хөрөнгөөр орон сууцны санхүүжилт хийхийг хязгаарлахаас өөр аргагүй байдалд орсон байгаа. Тиймээс найман хувийн хөнгөлөлттэй зээлийг төрийн албан хаагчдад илүү олгох оновчтой хэлбэрийг олох нь зүйтэй гэж бодож байна. Харин хөрөнгө оруулалтын объектын хувьд УИХ-аар нэр зааж баталж байгаа учир өөрчлөлт оруулахыг их хурлын шийдвэрээр хийнэ. Явцын дунд засгийн газар хууль зөрчиж нэрийг өөрчилсөн асуудал байхгүй. Санал боловсрогдоод тодотголд ганц нэг объектын нэр өөрчлөгдсөн”. О.Баасанхүү гишүүн үргэлжлүүлэн “Төрийн албан хаагчдын эмнэлгийг улсын мөрдөн байцаах гэж өөрчилсөн үү үгүй юу гэдгийг мэдмээр байна. Мөн тагнуулын байгууллагын барилгыг яах гэж байна вэ? энэ бол улсын нууцтай шууд холбоотой. Гэтэл хэвлэлээр аж ахуй нэгжид зарна гэсэн мэдээлэл гарсан улсын нууцыг мөнгөөр худалдах гээд байна уу гэдгийг тайлбарлахыг хүслээ. Сангийн сайд Ч.Улаан “Төсвийн тодотгол батлагдахад объектын нэр өөрчлөгдөж хуулиар баталгаажсан байгаа. Тагнуулын ерөнхий газрын байрыг мэргэжлийн байгууллага ажиллаад цаашдаа зориулалтаар нь ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс энэ асуудлыг яах вэ гэдэг дээр санал гарсан юм. Үүнийг мэргэжлийн байгууллага шийдэх учиртай" хэмээн хариуллаа.