УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?
Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Б.Батзориг “Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог толгойлно гэдэг их чухал. Уул уурхайгаас олох ашгийг хүнс, хөдөө аж ахуйн салбараас олох боломжтой. Ц.Гарамжав гишүүнийг дэмжиж байна. Гол нь салбараа мэдэрч, намын мөрийн хөтөлбөрөө ажил болгоорой. Газар тариалан, ХАА-н салбарт урамшуулал маш чухал байдаг. Энэ салбар урамшуулалгүйгээр явахгүй шүү” гэлээ.
Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Чинзориг “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулсан амлалтуудаа богино хугацаанд салбарын сайдуудтай хамтран үе шаттайгаар хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй болов уу. 10 сард орон нутгийн сонгууль болно. Тэр сонгуульд сандал ширээний асуудал л ярьлаа гээд очиж болохгүй. Нийгмийн хамгааллын чиглэлээр амласан асуудлуудаас шийдээд, эрх зүйн орчинг бүрдүүлээд очих хэрэгтэй” гэлээ.
Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. “Сонгуулийн сурталчилгааны хугацаанд иргэдэд хамгийн их хүрсэн асуудал бол боловсролын салбарын асуудал байсан. Би “Монголын залуу багш нарын холбоо” гэдэг байгууллагыг ахалж ажилладаг. Тэнд 40-өөс доош насны бүх багш нар хамаарагддаг. Холбооны зүгээс багш нарын нийгмийн асуудалтай холбоотой 32 саналыг хүргүүлж байсан. Багш нарын урамшууллыг салбартаа гаргасан амжилт болоод сурагчдын сэтгэл ханамжийг харьцуулан урамшуулдаг болгохоор амлалт өгсөн. Багш нарын нийгмийн асуудлыг шийдэж байж боловсролын салбараас олон зүйлийг шаардана” гэж УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ.
Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Л.Энх-Амгалан гишүүнийг байнгын хорооны даргаар дэвшүүлж байгаад баяртай байна. Энэ салбарт олон ажлыг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд амжуулсан гэдгийг олон нийт үнэлдэг. Боловсролын салбарт олон түмнээс оноо өгсөн, шийдвэрлэх ёстой асуудал их бий. Эдгээр асуудалд түлхүү анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. Сүүлийн найман жилд эрүүл мэндийн салбарын бодлогыг бариагүйгээс бодлогын алдаанд хүрсэн. Тиймээс эрүүл мэндийн салбарт онцгой анхаарах ёстой” гэлээ.