УИХ-ын чуулганы хуралдаанаар /2016.10.21/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Уг нь урдаас минь хараад сууж байгаа цөөн гишүүд маань 4-хөн сарын өмнө эрх баригч нар байсан шүү дээ. Ийм хурдан юмаа мартдаг, ийм богинохон ой санамжтай хүмүүсээр төр бариулж байсандаа үнэхээр харамсаж байгаа юм. 4-хөн сарын өмнө та бүхэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг батлахдаа Монголын хүүхдүүдийн 60%-д нь л бид нар мөнгөө өгнө гээд ийм л төсөв баталсан шүү дээ. Сонгууль дөхсөн учраас төсвийн хууль зөрчөөд бүх хүүхдүүдэд мөнгө өгсөн. Сая бид төсвийн тодотгол хийж байж л үлдсэн 40 хувьд нь өгөх мөнгийг төсөвт суулгаж өгсөн шүү дээ. Гашуун үнэн бол энэ байна. Сайн хувьцаа гээд 500 тэрбум төгрөг та нар тараачхаа биз дээ? Хэрэв 500 тэрбум төгрөг тараагаагүй байсан бол тэтгэврийн насны 300 мянган ахмадуудын тэтгэврийг 30 хувиар нэмэх байлаа. Ийм бодлогогүй алхам хийчихээд одоо ингэж хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг уралдаан зарлаад "матрын нулимс" унагах шаардлага ерөөсөө байхгүй шүү дээ. Бас нэг жудагтай баймаар байгаа юм. Эрх баригч болохоор өөр юм яриад, сөрөг хүчин болохоороо шал өөр юм ярьдаг. 4-хөн сарын ой санамжтай улсууд байна шүү та нар. 4 жил яаж харин төр барьсан юм? Хамтын тэтгэврийн тухай хууль дээр тайлбар хэлмээр байна. Хамтын тэтгэврийн тухай хууль дээр би баталсан гишүүнийх нь нэг. Та нар өнгөрсөн жил баталсан Хамтын тэтгэврийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулиудын хэрэгжих хугацааг дандаа 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс тавьж байсан шүү. Дандаа сонгуулийн дараа хэрэгжиж эхлэхээр хугацааг та нар тавьсан шүү дээ. Үнэхээр ард түмэндээ хайртай байсан юм бол "Сайн хувьцаа" хөтөлбөрт зарцуулсан 500 тэрбум төгрөгөөрөө энэ хуулиудаа хэрэгжүүлэхгүй яасан юм бэ? Өнөөдөр юу нэхээд байгаа юм бэ? Хамтын тэтгэврийн тухай хуулийг 2017 оны эхнээс хэрэгжүүлнэ, 2012 он болгож ухрааж хэрэглэнэ гэсэн хууль баталсан шүү дээ. 23 мянган хүн л энэ хуульд хамрагдахаар байна. 2020 он гэхэд 38 мянган ахмад хамрагдана. "Насны хишиг" хөтөлбөрийн тухайд, өнөөдрийн байдлаар 78 мянган хүн хамрагдана. Өөрөөр хэлбэл, хамтын тэтгэврээс 3 дахин их гэсэн үг. Монгол Улсад бүтэн тэтгэвэр авдаг 263 мянган ахмад настан байна. Насны хишгийн босгыг 65 нас болгох юм бол хамрах хүрээ нь тэлж, 128 мянга болно. Энэ нь бүтэн тэтгэвэр авагчдын 50 хувь гэсэн үг. Орон нутгийн сонгууль дууслаа. Одоо бид нар асуудалд бодитоор хандах хэрэгтэй. Тоо яръя. Амьдрал яръя. Хий хоосон улстөржих хэрэггүй.
Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр /2016.10.21/ УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Засгийн газрын үйл ажиллагаанд нилээдгүй шүүмжлэлтэй хандаж, өөрийн байр сууриа илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Хэлэлцэх асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ миний УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд олон удаа хэлж буй үг бол төсвийн алдагдал 2,6 их наяд төгрөгт хүрээд байна. Олон улсын байгууллагуудаар хэлүүлэх албагүй, манай улсын Засгийн газар, Сангийн яам тэвчих зардлуудаа тэвчих ёстой юм биш үү? Төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь 1-12 сар хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэж оруулж ирээд 36 сар хүртэл гээд хэвээр нь үлдээчихэж байгаа юм л даа. Төсвийн алдагдлаа гадаадын зээл тусламжаар төлөх болчихоод байна. Эдийн засаг хүндэрсэн гэдгийг ойлгож байна. Ард иргэдтэй уулзаад явж байхад, мянгат малчин 100 хонио хүртэл өгье гэж байна. Монгол Улс өрөнд баригдаж болохгүй гэж иргэд үзэж байна. Гэтэл УИХ дээр аль болох зардал нэмэх талаар л ярихаас биш орлогоо нэмэх талаар зоригтой ярих хэрэгтэй байна. Төсвийн ажлын хэсэг байгуулагдаж, зарлага нэмнэ. Тэгэхээр Засгийн газарт дахин дахин хэлээд байгаа зүйл бол хэмнэсэн, бүсээ чангалсан төсвөө хамгаалах хэрэгтэй. Хамгаалахгүй л бол УИХ, байнгын хороон дээр ярьж байгааг нь сонсохоор УИХ-д бүрэн эрх байгаа гээд байдаг. Төсвийн зарлага нэмэгдээд ирэхээр төсвийн алдагдал ДНБ-ий 9,9 хувийг эзэлж байгаа нь нэмэгдэх вий. Тиймээс бодит байдлаа ард түмэндээ сайтар ойлгуулж, эхнээсээ засаж явахгүй бол улам л хүнд болно шүү. Миний бие эдийн засгийн үзүүлэлтүүдтэй танилцсан. Энэ амаргүй байдалд улстөржилгүй, ямар нэгэн популист амлалт өгөлгүй, хайр дурлал зарлалгүйгээр бодит үнэнээ хэлж, засч сайжруулахгүй бол болохгүй шүү. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хангалттай мэдээлэл авч байна. Боловсролын зээлийн санд гэхэд 113 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мэдээж боловсролыг дэмжих нь чухал ч гэсэн, энэ мэт бусад асуудалд ариг гамтай хандаж, эхний 1-2 жилд эдийн засгаа эрүүлжүүлэх, хүндрэлийг даван туулах чиглэлээр бодитой алхам хийх ёстой. Засгийн газраас оруулж ирсэн бодлого, шийдвэрээ сайтар хамгаалах шаардлагатай байна. УИХ мэд гэвэл олонхоороо шийдээд Засгийн газрын бодлого өөрчлөгдөж, улсын төсвийн ачаалал улам нэмэгдэх болно шүү. 2,6 их наяд төгрөгийн төсвийн алдагдал гэдэг чинь том тоо шүү дээ. Тиймээс улс орныхоо хэтийн төлөвт анхаарал хандуулах хэрэгтэй."
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр /2016.10.21/ УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Асуух гэж байсан асуулт давхцаж байгаа учир надад нэг асуулт байна. Тэгэхээр төсвөөс санхүүжиж байгаа Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаа, хэрэгжилтэд хяналт тавих хэрэгтэй байна. 2017 онд Засгийн газрын тусгай сангуудыг 2,4 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ гэж төсөвт суулгасан байна. Эндээс 1,4 их наяд төгрөг нь өөрийн орлогоос, 1 их наяд төгрөгийг төсвөөс санхүүжүүлэхээр байна. Гэтэл сая өргөн барьсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2017 онд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заасны дагуу Спортыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан тус тус 3, 3 тэрбум төгрөг суулгасан байна. Энэ сангуудын үйл ажиллагаа, үндсэн яамдынхаа үйл ажиллагаатай давхацсан гэж би харж байна. Энэ асуудлыг тодруулна уу? Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд 3 санг шинээр байгуулахаар оруулж ирсэн. Нэгийг нь хуучнаар өөрчлөн байгуулна. Соёл урлагийг дэмжих сан, Спортыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан гээд тус тусад нь төсвийн тооцооллоор 3, 3 тэрбум төгрөг суулгасан. Энэ бол 2016 оны сонгуульд намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө улбаатай Засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөрт тусгасан зорилтоо биелүүлэх, эх үүсвэрийг шийдэхээр оруулж ирсэн эхний алхам. Эдгээр сан болоод яамдын нэрний хувьд давхцаж байгаа боловч үйл ажиллагаа нь давхцахгүй байхаар хуулийн зохицуулалт хийж байна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр /2016.10.21/ УИХ-ын гишүүн Л.Болд асуулт асууж байр сууриа илэрхийллээ УИХ-ын гишүүн Л.Болд: Асуудал байхгүй газар, зовлон байхгүй газар зориудын зовлонг бий болгоод байх юм. Зүгээр л бүх хүүхэддээ олгочих л доо. 3 орчим их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлах гэж байгаа юм чинь хүүхдийн мөнгөн дээр хэмнэлт хийгээд яах юм бэ? Чуулган завсарласан үеэр гишүүд тойрогтоо ажиллалаа. Энэ үеэр ард иргэдийн хамгийн их хөндөж байсан асуудал бол хүүхдийн мөнгө, ахмадуудад олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай байлаа. Хүүхдүүдээ ялгаад зогсохгүй ахмадууддаа азтай, азгүй буурал гэж ялгаж байна. "Азтай" буурал нь МАН-ын хишгийг авдаг, "азгүй" ахмад нь яах болж байна? УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Азтай, азгүй ахмадууд гэх зэргээр асуудлыг улстөржүүлэх хэрэггүй. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох хэрэгтэй гэж өнгөрсөн жил Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр дуугарч байсан гишүүдийн нэг нь та өөрөө шүү дээ. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: Насан өөд болсон нэгнийхээ тэтгэврийг үргэлжлүүлэн авахаар хөөцөлддөг ахмад цөөн байх болов уу. Цагаан сар, улсын их баяр наадмаар урт насалж, улс эх орондоо ихийг хийж бүтээснийхээ төлөө "Насны хишиг"-ийг авч байна гэсэн аятайхан агуулгатай мөнгө гэж бидний санаачилсан хуулийн төслийг ард иргэд дэмжиж байна. Хүүхдийн мөнгөний тухайд, 60 хувь буюу 600 мянган хүүхдэд 20 мянган төгрөг бэлнээр олгоё, 40 хувь буюу 400 мянга гаруй хүүхдэд 2019 он хүртэл банкинд хадгаламж хэлбэрээр, бичилтийг хийж байхаар шийдсэн. Энэ бол "Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно" гэсэн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр биелж буй хэрэг.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгмөөр байх юм. Төлбөрийн тэнцлийг алдагдуулахгүйгээр шаардлагагүй зардлуудыг хасах боломж байна гэж хараад байна. 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байх үеэр Монголын төмөр замын хэмжээнд хэрэглэж буй дизель түлшний НӨАТ-ыг чөлөөлсөн. 20 орчим тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байсан нь чөлөөлөгдхөөр ашиг нь ч гэсэн тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын ажилчдын хүүхдүүд цэцэрлэгт сурж байгаа Тэр цэцэрлэгт улсын төсвөөс 4,3 тэрбум төгрөг олгохоор 2017 оны улсын төсөвт суулгасан байна. Улаанбаатар төмөр зам том байгууллага тэгээд татварын тэглэсэн. Энэ том байгууллага ажилчдынхаа хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг санхүүжүүлж явж болдоггүй юмуу. Хоёрт бас нэг боломжтой зүйл харагдаад байгаа юм. Манай Улаанбаатар хотод 10-20 сая төгрөгийн төлбөртэй, зарим нь 30 сая төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургуулиуд байна. Энэ сургуулиудад яагаад хувьсах зардал гэж зүйл олгоод байдаг юм бэ. Үүнийг өгөхөө больж болдоггүй юмуу. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?